Онолбаатарын Анужин
11 сарын 05, 2026
Берлин хотын Музейн арал дахь Жеймс Симоны галерейд дэлгэгдэж буй “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн хүрээнд аравдугаар сарын 31-нд “Монголын соёлын өдөр” арга хэмжээ боллоо.
Европ төдийгүй дэлхийн түүх, урлаг соёлын үнэт өвийг хадгалдаг Музейн аралд энэ өдөр Монголын уламжлалт ахуй, соёл, урлаг, шинжлэх ухааныг Герман болон олон улсын үзэгчдэд танилцуулсан онцгой өдөрлөг өрнөв.

Берлин дэх Майдар холбооны төлөөлөгчид Монголын уламжлалт шагайн наадгайг герман, англи хэлээр тайлбарлан, зочдыг алаг мэлхий өрөх, шагай шүүрэх зэрэг тоглоомд оролцуулж байв. Тэд дөрвөн бэрхийн учир холбогдлыг тайлбарлаж, Монголын уламжлалт тоглоом наадгай зөвхөн зугаа цэнгэл бус, өөрийн гэсэн бэлгэдэл, утга агуулгатайг сонирхууллаа. Мөн холбооныхоо үйл ажиллагааг танилцуулж, зочдод үндэснийхээ идээгээр дайлсан нь монголчуудын зочломтгой занг илтгэж байв.

Мөн “Edelziege” брэндийн үүсгэн байгуулагч Ф.Саруул ноос, ноолуурын онцлог, ялгааг тайлбарлан, бүтээгдэхүүний дээжүүдээ дэлгэжээ. Тэрбээр ноолуурыг зөвхөн худалдааны бараа бүтээгдэхүүн бус, Монголын нүүдлийн соёл, мал аж ахуйтай салшгүй холбоотой соёлын бүтээгдэхүүн гэдгийг онцолж байлаа. Ноолуур хэрхэн боловсруулагдаж, цамц болон бэлэн бүтээгдэхүүн болдгийг шат дараатай танилцуулсан нь зочдын сонирхлыг татаж байлаа.
Харин МИАТ компанийн төлөөлөгчид Франкфурт-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсад аялах сонирхолтой хүмүүст аяллын боломжуудыг танилцууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид ч Монголын талаар сонирхсон зочдод мэдээлэл өгсөн юм.
Ийнхүү гурван цаг үргэлжилсэн эхний хэсэгт зочид Монголын уламжлалт тоглоом наадгай, идээ ундаа, ноос ноолуур, аялал жуулчлалтай танилцаж, монгол ахуйг зөвхөн үзэж харахаас гадна өөрсдөө оролцон мэдрэх боломжтой байлаа.

Өдөрлөгийн хоёр дахь хэсэг 18 цагт галерейн Аудиториумд эхлэв. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ж.Оюунбаатар мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд талархал илэрхийллээ.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулсан нь арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байв.
Дараа нь Германы Археологийн хүрээлэнгийн судлаач, “Орхоны хөндийн соёлын онцлог” судалгааны төслийн ажилтан, магистр Янна Фабри “Харгуй, Хөг, дасан зохицох ухаан – Монголын тал дахь археологи” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр Монголд хийсэн судалгааны ажлынхаа туршлага, дурсамжаас хуваалцаж, Монголын тал нутгийн археологийн судалгааны талаар сонирхолтой мэдээлэл хүргэв.

Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ “Монголын хөгжмийн урлагийн удиртгал” илтгэлдээ Алтайн магтаал, морин хуур, хөөмийн урлагийн онцлогийг танилцууллаа. Тэрбээр Монголын уламжлалт ёслол, арга хэмжээ хуурын эгшиг, магтаалаар эхэлдгийн учрыг тайлбарласан юм.
Илтгэлийн дараа дөрвөн хуурчаас бүрдсэн “Tengerton” хамтлаг тайзнаа гарч, Монголын хөгжмийн урлагийн дээжээс толилууллаа. Ялангуяа хөөмийн төрлүүдийг тайлбарлан, ялгааг нь бодитоор сонсгосон нь танхимд цугласан зочдын анхаарлыг татаж байсан. Монголын уламжлалт хөгжмийн өвөрмөц эгшиг, хуурын аялгууг сонссон үзэгчид уран бүтээлчдэд босож хүндэтгэл үзүүлсэн нь тоглолтын сэтгэл хөдөлгөм мөч байв.
Монголын түүх, соёл, уламжлалт ахуй, орчин үеийн бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгааг нэг дороос танилцуулсан энэ өдөрлөгийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Берлиний Өмнөх болон эртний түүхийн музей, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, “Mongolian Step” агентлаг хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.