Онолбаатарын Анужин
11 сарын 05, 2026
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөө, үүргийн талаарх мэдлэг, ойлголтыг зөвхөн нийгмийн ухааны хичээлээр хязгаарлахгүй, бусад хичээлтэй уялдуулан олгох зорилгоор “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршиж байна.
Энэ хүрээнд аймаг, нийслэлийн зургаан сургуулийн 30 багш Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж, гарын авлагыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хичээл хоорондын уялдааг хангах арга зүйн талаар санал солилцож, туршлага, мэдлэгээ хуваалцаж байгаа юм. Сургалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан гарын авлагыг туршигч багш нарыг хүлээн авч уулзан, хүний эрхийн боловсролыг сургуулийн орчинд төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.
Тэрбээр “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, мэдрэмжийг сургуулийн ахлах ангиас нь эхлэн хүүхдүүдэд зааж, төлөвшүүлэх ёстой. XXI зууны иргэдэд академик мэдлэг биш, асуудлыг тунгаан бодох, шүүн хэлэлцэх, эргэцүүлэх чадвар маш чухал байна. Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг мэдэрч, ойлгож, энэ хэрээрээ хүмүүжиж, төлөвшин хариуцлагатай иргэн болох учиртай. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх ёстой. Сурагчдад хүний эрхийн талаарх ойлголтыг лекцээр бус хэлэлцүүлэг, баримт, шинжилгээ, нотолгоонд үндэслэн хүргэвэл хүүхдийн тунгаан бодох, бусдыг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хичээлийн явцад хүүхдээ ажиглаж, бүтээлч, судлаач багш байхыг хүсэж байна” хэмээв.
Мөн уулзалтын үеэр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар дурдлаа. Тухайлбал, хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламжтай болгосон нь хүүхэд бүрийг эрүүл орчинд суралцах нөхцөлөөр хангаж буй чухал алхам гэдгийг сайд онцолсон юм.
Боловсролын яамнаас “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн /ЭНХАУС/ шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, сурагчдад өдөр бүр “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Ийнхүү хүний эрхийн боловсролыг хичээл хоорондын уялдаатайгаар олгохын зэрэгцээ хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх нь хариуцлагатай, эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн төлөвшүүлэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.