Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавьж өглөө.

Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд 1250 км зам туулж, 40 орчим мазаалайд зориулан нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсныг БОУАӨЯ мэдээлэв. 


Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй. Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн орох бөгөөд 20 орчим хувийг уураг байхаар тооцдог.

Мазаалай нь зөвхөн Монголын Говь-Алтайн арын их говьд байдаг, дэлхийд нэн ховордсон цөл-говьд зохицон амьдардаг цорын ганц баавгай юм. Арваад жилийн өмнө 22-25 орчим бодгаль бий гэж байсан бол нэмэлт тэжээл тавьж өгч, хамгаалснаар хоёр жилийн өмнөх судалгаа бүртгэлээр 50 гаруй байгаа гэжээ.

Холбоотой сэдвүүд

мазаалай шим тэжээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.