Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Ш.Насанбурмаа: Ээж ааваа гомдоох вий гэж эмээхээс хүүхдийн төлөвшил эхэлдэг, ийм сэтгэлгүй хүүхэд... | Peak News

Ш.Насанбурмаа: Ээж ааваа гомдоох вий гэж эмээхээс хүүхдийн төлөвшил эхэлдэг, ийм сэтгэлгүй хүүхэд өөр хэнийг ч хайрлахгүй

Ямар шалтгаан нөхцлийн улмаас үе тэнгийн дээрэлхэлт газар авч байна вэ, үүнийг зогсооход нийгэм дэх хүн бүр ямар оролцоотой байж шийдвэрлэж чадах арга замын талаар Боловсролын нийгмийн ажилтан, судлаач Ш.Насанбурмаатай ярилцлаа. Салбартаа 15 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр ЕБС-иудад нийгмийн ажилтнаар ажиллахын зэрэгцээ хүүхэд хөгжлийн "Тогло инээ сур" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, өнгөрсөн онд гэхэд 4 сургуулийн 8000 гаруй сурагч, багш, эцэг эхчүүдтэй хамтарч ажиллаж буй туршлагатай нэгэн юм.

Тэрбээр "Үе тэнгийн дээрэлхэлтийг сошиал сүлжээнд тавигдсан ганц асуудлаар төсөөлж, тэр асуудлын талаар л сенсацлаад өнгөрөх нь шийдэл биш. Харин томчуудын сошиал дахь үг хэллэг, харилцааны соёл, нийгмийн уур амьсгал өөрөө хүүхдүүдийн зан төлөвт нөлөөлж байгааг анзаарах шаардлагатай. Хүүхдүүд бол насанд хүрсэн хүмүүст хийгээд энэ нийгмийн амьдралд байгаа сайн сайхан бүхнийг муу муухайтай нь хамт тусган харуулж буй толь нь. Тиймээс үйлдлээрээ үлгэрлэх, үр хүүхэдтэйгээ ярилцах, сургууль тус бүр дээр очиж, багш нартайгаа хамтран ажиллах зэрэг бодит алхам хийх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.


аав ээжийгээ гомдоох вий гэж эмээх үеэс эхэлж Бусдыг хайрлах мэдрэмж тогтдог

Ямар зан төлөвтэй, ямар соёл төлөвшилтэй хүн болж нийгэм рүү гарч ирэх нь хүүхэд ахуйгаас нь л тодорхойлогддог. Өөртөө итгэлтэй, санаа бодлоо зоригтой илэрхийлж чаддаг хүүхэд байх уу эсвэл бусдыг дээрэлхдэг, уур бухимдлаа буруу илэрхийлдэг болох уу гэдгийн үндэс гэр бүлийн харилцаанаас эхлэлтэй.Тиймээс бидний хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл бол ээж, аав байх боловсролдоо анхаарах. Эцэг эх байх хариуцлагаа ухамсарлаж, хүүхдийнхээ насны онцлог, сэтгэл зүйн хөгжлийн талаар судалж, өөрсдөө ч цаг үргэлж суралцах шаардлагатай. 

Хэдхэн жилийн өмнө хүүхдийнхээ хүмүүжлийг багшид даатгаад орхидог үе байлаа. Одоо бол бүр утсанд даатгадаг болчихсон. 

Хүүхэд уйлбал утас өгнө, завгүй бол утсаараа саатуулна. Өсвөр насны хүүхэдтэйгээ маргалдаад хүссэн зүйлийг нь тухайлбал үнэтэй гар утас, тоглоом гэх мэт эд зүйл авч өгөөд эвлэрдэг байдал нийтлэг болоод байна. Гэтэл энэ бүхний цаана хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох, мэдрэмжийг нь анзаарах харилцаа алга болчхоод байгаа юм. Ингээд халуун дулаан хайр халамжийг хангалттай мэдрээгүйгээс сөрөг хэлбэрийн сэтгэл зүй давамгайлж, түргэн ааштай болж, түүнийгээ огцом илэрхийлэх байдал хүүхдэд бий болдог. 

Нөгөө талаас хүүхдийн хамгийн эхэнд айж эмээж эрхэмлэх хүмүүс гэр бүлийнхэн нь байх ёстой. "Ээж, аавыгаа гомдоочих вий дээ" гэсэн тэр мэдрэмжээс л бага багаар хариуцлага үүрч байгаа юм. Ийм мэдрэмж төлөвшөөгүй бол танихгүй нэгнийг байтугай, ах дүүгээ, найз нөхдөө, ангийнхнаа хайрлаж хүндлэхгүй “ бусад хүн надад хамаагүй” гэсэн хандлагатай болох магадлал өндөр. 


Тэгвэл ийм байдалд хүрэхгүйн тулд яаж харилцах вэ. Одоогоор хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж чаддаггүй, хүүхдийнхээ сургуулийн амьдрал ямар байгааг төдийлөн мэддэггүй эцэг эхчүүд хамгийн эхлээд хүүхэдтэйгээ ярилцах бодит цаг гаргах хэрэгтэй. Тусгайлан цаг товлоод, тайван орчин үүсгэх нь чухал. Гэхдээ шууд олон асуултаар булж болохгүйг анхаараарай. Хүүхэд тань ярихгүй байвал ‘яриач, хэлээч’ гэж шахаад хэрэггүй.

Мөн ярилцах орчиндоо хүртэл анхаарах шаардлагатай. Жишээлбэл, хүүхэдтэйгээ ижил түвшинд сууж, харааны түвшнээ ижил хэмд тааруулбал байвал сайн. Дараа нь хамгийн энгийн асуултаас эхэлж болно. “Энэ долоо хоног ямар өнгөрөв?”, “Хичээл ном нь ямар байна даа?”, “Анги хамт олон чинь ямархуу байна?” гэх мэт энгийн, тайван яриагаар эхлэх хэрэгтэй.

Манай хөтөлбөрт хамрагдсан зарим ээж, аавууд ингэж ярилцахыг оролдоход ахлах ангийн хүүхдүүд нь “Та яагаад гэнэт надаас ингэж асуугаад байгаа юм бэ?” гэж гайхах тохиолдлууд гарсан. Энэ бол эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахгүй, холдсон байсны илрэл. Тиймээс ийм үед “за больё” гэж орхих биш, харин “би хүүхэдтэйгээ хангалттай ярилцдаггүй байсан байна” гэдгээ хүлээн зөвшөөрөөд аажмаар даван туулах хэрэгтэй. Эхлээд долоо хоногт нэг удаа ярилцдаг байсан бол дараа нь хоёр, гурав болж нэмэгдсээр хүүхэд өөрөө нээлттэй ярьдаг болтол үргэлжлүүлээрэй.

Эцэг эхийн үгээрээ, бие сэтгэлээрээ мэдрүүлсэн халамж, хүүхдэд өөрийгөө хайрлуулж, хамгаалуулж, аюулгүй орчинд байна гэсэн итгэлийг гүн бат суулгадаг. Ийм мэдрэмжтэй өссөн хүүхэд өөртөө илүү итгэлтэй болж, дээрэлхэлтийн эсрэг өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болно. 


Сургуулийн орчин: Хүүхдэд итгэж болох аюулгүй уур амьсгал бүрдүүлэх нь

Гэр бүл болгон өөр өөрийн соёл, хүмүүжлийн ялгаатай байдалтай учраас зарим хүүхэд харилцаа, хандлагын асуудалтай байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тухайн сургууль хүүхдийн нийгмийн ур чадварыг дэмжих, хүмүүжил төлөвшлийг хөгжлүүлэх сайн системтэй ажиллаж чадвал зөвхөн хүүхэд төдийгүй гэр бүлд нь хүртэл эерэг өөрчлөлт гарах боломжтой байдаг. Яг өнөөгийн нөхцөлд манай ЕБС-иудад энэ тал дээр хүний нөөцийн болоод хөтөлбөр агуулгын хувьд дутагдалтай байна. 

Тухайлбал 1000-2000 хүүхэдтэй нэг нийгмийн ажилтан л ажиллаж байна. Сурагчид зөрчил маргаан үүсэх болгонд нийгмийн ажилтан дээрээ очоод шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах боломж багасаад байгаа юм. Үүнийг дагаад асуудал улам бүр томорч, сургуулийн хэмжээнд шийдэж барашгүй асуудал болж байгаа юм. 

Хүүхэд хүмүүжил, нийгэмшихүйн асуудлыг ганцхан нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид даатгах нь бодитой шийдэл биш. Урьдчилан сэргийлэх системтэй хөтөлбөр хэрэгтэй. 

Жишээлбэл, анги удирдсан багшийн цагийг заавал тогтмол оруулж, тэр цагийг хүүхдүүдийн харилцаа, сэтгэл хөдлөл, ойлголцлыг хөгжүүлэхэд зориулж болно. Энэ нь багш хүүхдүүдийг загнаж, зэмлэх цаг биш, харин хүүхдүүд хоорондоо ярилцаж, мэдрэмжээ хуваалцаж, бие биеэ ойлгох цаг байх ёстой.

Мөн долоо хоног бүр ангиараа ярилцдаг, хоёр долоо хоногт нэг удаа бие биедээ талархал илэрхийлдэг, уучлалын захиа бичдэг, ангидаа “эв найрамдлын мод” эсвэл захианы хайрцагтай байх зэрэг энгийн боловч үр дүнтэй арга зүй олон бий. Ийм жижиг деталь арга барилууд хүүхдэд итгэж болох, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.

Хүүхэд багшдаа, сургуульдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээ итгэдэг бол өөрт тулгарч байгаа аюултай эсвэл хэцүү асуудлаа нуухгүй ярьж чадна. 

Түүнчлэн анги дотор гарсан асуудлыг эхлээд хүүхдүүд өөрсдөө шийдэх, дараа нь ангийн багштайгаа ярилцах, шаардлагатай бол нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хандах зэрэг шаталсан дэмжлэгийн систем ажиллах ёстой.

Энэ үйл явцад анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, бусад багш нар, эцэг эх бүгд хамтран ажиллах шаардлагатай. Хэн нэгэнд бурууг тохох биш, харин тухайн хүүхдэд тохирсон орчныг хамтдаа бүрдүүлж байж хүссэн үр дүндээ хүрнэ. Сургуулийн соёлд ийм эерэг нөхцөл бүрдвэл хүүхдүүд өөрсдөө манлайлах, бие биедээ эерэг нөлөө үзүүлэх хандлага илүү төлөвшдөг.


Хүмүүжил төлөвшлийг академик чадвартай адил системтэй хөгжүүлэх

Өнөөдөр бид академик боловсролыг үнэлэхдээ хичээл бүрд дүн тавьж, улирал  болгон түвшин тогтоодог. Үүнтэй адил хүүхдийн хүмүүжил, нийгмийн ур чадварыг хөгжүүлэх асуудалд ч системтэй хандах цаг ирсэн. 

Жишээлбэл, дунд ангид дэвшин суралцаж буй хүүхэд бусадтай эелдэг мэндэлж чаддаг, хэнээр ч сануулахгүйгээр гэрийн даалгавраа хийдэг, асуудлаа чөлөөтэй илэрхийлдэг, ямар ч тохиолдолд хүний биед хүрч болохгүй гэдгийг ойлгодог байх зэрэг харилцааны ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Ийм чадвар хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, анги хамт олны эв найрамдал, хичээлийн амжилт, сургуулийн аюулгүй орчинд шууд нөлөөлдөг.

Миний хувьд боловсролын систем, сургууль, гэр бүл, нийгмийн бүх оролцогчид хамтран ажиллавал хүүхдийн харилцааны ур чадвар, хүмүүжил, ёс зүйг нийт хүүхдүүдийн 90 хувьд төлөвшүүлэх боломжтой гэж үздэг. 

Түүнээс гадна ийм системтэй хандлага нь хүүхдийг зөвхөн анги, сургуульд төдийгүй ирээдүйд нийгэмд зөв харилцаа тогтоож, хариуцлагатай, бусдыг ойлгодог иргэн болгон төлөвшүүлэх чухал алхам болдог. Ийм үр дүн нь сургалтын чанарыг бүхэлд нь дээшлүүлж, эцэг эх, багш, хүүхдийн хоорондын харилцааг илүү итгэлцэлтэй, үр дүнтэй болгодог.

Нэгтгээд хэлбэл шийдэл нь маш энгийн. Эцэг эхчүүд гэр бүлийн боловсролтой байя. Сургууль академик боловсрол шиг хүүхдийн баяр баясал, аз жаргалтай орчныг бүрдүүлж өгье. Хүүхэд шударга бус зүйл харж, бие биенээ муулж гайхшраад, сөрөг үлгэр дуурайлал авч байхын оронд асуудлыг яаж засах, шийдлийг яаж гаргах вэ гэдгийг хамтдаа ярьдаг, ойлгодог, дэмждэг орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Бичлэг үзэх: 

Холбоотой сэдвүүд

боловсрол гэрбүл ярилцлага

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.