Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

О.Анужин
09 сарын 16, 2026

Озоны давхаргыг хамгаалах өдрийг энэ жил“Сэрүүн дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриан дор озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны10 жилийн ойд зориулан тэмдэглэж байна.

Озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг бөгөөд хүний эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай юм. Хөргөх тоног төхөөрөмж, агааржуулагч, шүршдэг тансаг үнэртэн, гал унтраагч үйлдвэрлэх болон харилцаа холбоо, нэг удаагийн тариур зэрэг нарийн тоног төхөөрөмж цэвэрлэхэд ашигладаг бодис нь озоны давхаргыг гэмтээхэд нөлөөлдөг байна.Озоны давхарга нимгэрч цоорсноор нарны хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж, хүний дархлааны системийг гэмтээх, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсгэх, арьсыг эрт хөгшрүүлэх, экосистем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөж, цаг агаар хүйтрэх,ургамал муу ургаж давжаарах зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг аж. Эрдэмтэд1970-аад оноос судалгаа хийж, хөргөлтийн хий агаарт алдагдсанаас молекулыг задлан озоны давхарга дахь хэмжээ багасаж байгааг тогтоожээ. 

Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид хөргөх эх үүсвэр болгож өргөн ашигладаг гидрофторт нүүрстөрөгч нь дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар ихтэй хүлэмжийн хий юм. Энэ нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 2 орчим хувийг эзэлдэг бөгөөд Монреалийн протоколын зохицуулалт хийхээс өмнө хэрэглээ нь жилд 10 гаруй хувиар өсөж байжээ. Тус протоколд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улс орнууд гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай багасгаж, цаг уурын дулааралд нөлөөлөх чадвар бага хөргөх бодис, технологид шилжих, хөргөлтийн тоног төхөөрөмжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүний дүнд озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99 хувиар багасгаж чаджээ. Мөн гидрохлорфторт нүүрстөрөгч бодис ашигладаг хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импортыг 2020 оноос хориглож, тус бодисыг 2030 он гэхэд хэрэглээнээс гаргахаар төлөвлөөд байгаа.


Манай улсын хувьд2045 он гэхэд гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээг 80 хувиар багасгах, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар сул, байгальд хор бага хөргөх бодис ашиглах технологид шилжих зорилт тавиад байгааг БОУАӨЯ мэдээллээ.


Ийнхүү гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээг дэлхий даяар үе шаттай багасгаснаар2100 он хүртэлцаг уурын дулаарлыг 0.3–0.5 градусаар буулгахаас гадна эрчим хүчийг хэмнэн,энэ үр дүнг хоёр дахин нэмэх боломжтой. Ийнхүү озоны үе давхаргыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах, тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм. 

Холбоотой сэдвүүд

озон озоны давхарга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.