Онолбаатарын Анужин
11 сарын 02, 2026
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2026 оны арваннэгдүгээр сарыг “Монгол бахархал – Соёлын бүтээлч” сарын аян болгон зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Монголын түүхэн үйл явдлуудын ач холбогдол, үндэсний бахархал, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийт, хүүхэд, залуучуудад таниулан сурталчлах юм. Мөн түүхэн хүмүүсийн бүтээл туурвил, бүтээлч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх нь үндэсний оюун санааны дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн 2026 онд Тэмүжинг 1206 оны Их хуралдайгаар Чингис хаанд өргөмжилж, Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдлын 820 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Монголын төрт ёсны түүх, соёл, уламжлал, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байгаа аж.
Сарын аяны хүрээнд улсын хэмжээнд соёл, уламжлал, түүхээ хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэ цэнийг таниулах, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бүтээл туурвил, үзэл санааг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлах, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, эрх зүйт соёлын ухамсрыг бэхжүүлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.