ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: СЭРГЭН МАНДАЛТ БОЛОН БАРОККОГИЙН СОД ДЭВШИЛ УЛААНБААТАРТ ЗАЛАРСАН НЬ

Peak.mn
10 сарын 16, 2026

Дорно, Өрнийн аугаа их соёлын хэлхээ эртний Торгоны замаас музейн дипломат бодлогод шилжсэн түүхэн өдрүүд

Бадамлянхуа цэцгийн дэлбээт суудалд заларсан Ногоон Дара-Эх хязгааргүй уудам алсын чинадад бус, харин энэхүү орчлонгийн амьд бүхний зовлон гуниг, хүсэл баярыг анхааран сонсох мэт ухаалаг, зөөлөн харцаа чилээжээ. 

Бэлхүүсээ ялдамхан хотойлгож, зүүн ташаандаа жингээ ачаалж үл ялиг хазгай суусан нь аниргүйн гүнд үл үзэгдэх амьд хэмнэлийг шингээнэ.

Араас нь тольдоход ч биеийн тэнцвэр, ташааны зөөлөн эргэлт, нурууны шугам, мөчдийн байрлал төгс зохицлийг хадгалах бөгөөд энэ нь зөвхөн урдаас нь харж баясах хөрөг бус, орон зайд бүх талаас нь болгоох сонгодог баримал болгон сэтгэсний гайхамшиг билээ. 

Тавиун магнай, нуман хөмсөг, ухаалаг алаг нүд, үл мэдэг инээмсэглэсэн уруул бүхэн тус тусдаа бие даасан өгүүлэмжтэйгээс гадна нийлээд нэгэн цогц амар амгаланг цогцлооно. 

Толгойн чимэглэл, ээмэг, зүүлт, бугуйвч, шагайн чимэг хийгээд эрдэнийн бүс нь түүний сүр жавхланг улам тодотгож, уян налархай шугам, дотоод амгаланг тодруулжээ. 

Нимгэн өмсгөлийн цаанаас биеийн хэлбэр мэдрэгдэх авч, ичгүүрт нандин биеийн ил задгай илэрхийлэл бус, ариун тансаг чанар давамгайлна. Хүний бие өөрөө гоо сайхныг тээгч бөгөөд тэрхүү гоо сайхан нь энэрэл нигүүлсэл, амар амгалангийн илэрхийлэл байж болохыг тунхагласан нь дундад зууны гоо зүйн явцуу ойлголтыг үндсээр нь өөрчилсөн билээ.

Гурван зууны тэртээ Дорно дахинаа Өндөр гэгээн Занабазарын урласан энэхүү хосгүй нандин хүрэл цутгамал бүтээл 2026 оны нэгдүгээр сард Италийн Ром хотын Боргезе Галерейд зохион байгуулагдсан “Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” үзэсгэлэнгээр дамжин Европын үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Энэ нь Занабазарын уран бүтээлийг Европ тив, тэр дундаа сэргэн мандалтын өлгий нутаг Италид анх удаа танилцуулсан явдал байв. Ромоос Турин хотноо үргэлжилсэн уг үзэсгэлэнд Ногоон Дара-Эхээс гадна Өндөр гэгээний өөрийнх нь хөрөг баримал дэлгэгдсэн билээ. 



Ц.Чимэддондог

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.