О.Анужин
09 сарын 21, 2026
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Хүүг яагаад хэвээр хадгалахаар шийдэв, энэ шийдвэр эдийн засгийг хэрхэн дэмжинэ гэж харж байна вэ?
- Шийдвэр гаргахдаа инфляц, иргэдийн амьжиргааны нөхцөл, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа, улсын төсвийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн.
Та бүхэн санаж байгаа бол долдугаар сард инфляц 13 хувьд хүрэхэд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Энэ бол цаашдын эдийн засгийн урт хугацааны төлөвийг харгалзан үзсэний үр дүнд гаргасан шийдвэр юм. Мөн өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нөхцөл байдлыг авч үзсэн.
Цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бодлогын хүүг нэмэгдүүлэх асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэх боломжтой. Харин өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

-Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргахдаа инфляц, дотоод эдийн засгийн төлөв, банк, санхүүгийн салбарын нөхцөл байдлыг харгалзсан гэж та хэллээ. Гадаад орчин нөхцөл тогтворгүй, шатахууны үнэ өсөлттэй, төсвийн тодотгол, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг асуудал инфляцад нөлөөлөхөөр байна гэж харж байна. Монголбанк үүн дээр ямар төсөөлөлтэй байгаа вэ?
Инфляц өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, төсвийн тэлэлт. Хоёрдугаарт, мал, махны үнэ. Гуравдугаарт, гадаад нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн.
Наймдугаар сарын инфляц 12.5 хувьд хүрсний талаас илүү хувь нь мах, шатахууны үнийн өсөлттэй шууд холбоотой.
Суурь инфляцын түвшнийг авч үзэхэд Монгол банкны хүлээж буй хэмжээнд хүрч байгаа бол ерөнхий инфляц бага зэрэг өндөр гарах төлөвтэй байна.
Ерөнхийдөө инфляц тогтворжино гэсэн хүлээлт бий. Оны эцэст инфляц 12.9 орчим хувьд хүрэх болов уу гэж харж байна. Монголбанкны зорьж буй дунд хугацааны зорилтот түвшнээс өндөр хэдий ч мал, махны нийлүүлэлт харьцангуй тогтворжиж байгаа нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм.
Гэхдээ дизель түлшний үнэ саяхан нэмэгдсэн. Мөн улсын төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сараас багш, эмч нараас бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр ЗГ шийдсэн.
Оны эцэст нийлүүлэлтийн гаралтай инфляц намжих боломж ч эрэлтийн гаралтай инфляц, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц төдийлөн буурахгүй байх нөхцөл байдал харагдаж байна.

- Инфляцын тухайд нарийвчилсан тооцоо, тооцоолол бий юу? Монгол Банкны Холбооноос инфляц 18 хувьд хүрнэ гэсэн байр суурь илэрхийлж байна. Харин Монгол банк инфляц тогтворжих төлөвтэй гэж тайлбарлалаа. Энэ хүлээлтийн зөрүүг хэрхэн тайлбарлах вэ?
-Монголбанк энэ төрлийн судалгааг маш сайн хийдэг.
Монгол Банкны Холбооноос инфляц 18 хувьд хүрнэ гэсэн тооцоог яг ямар үндэслэлээр гаргасныг сайн мэдэхгүй байна. Тэдний ашигласан тооцоолол, арга зүйтэй нарийвчлан танилцаагүй.
Монголбанкны судалгааны дүнгээс үзвэл төсвийг нэг их наяд төгрөг тооцоо бий.
Гэхдээ суурь үзүүлэлт болон ерөнхий инфляцад үзүүлэх нөлөө нь ялгаатай. Мөн төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж байна уу, эсвэл хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж байна уу гэдгээс шалтгаалан инфляцад үзүүлэх нөлөө өөр өөр байдаг.
Төсөв энэ чигээрээ тэлэх юм бол инфляц өсөх нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүүг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм.

- Монголбанк инфляцыг бууруулах чиглэлд мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа ч Засгийн газар төсвөө тэлж байна. Жил бүрийн төсвөөс харахад энэ хоёр бодлогын уялдаа холбоо хэр хангагдаж байна вэ? Бодлогын зөрүү ямар үр дагавартай вэ?
-Монголбанк төсвийг хэт тэлэхийн эсрэг байр суурьтай байдаг. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байх ёстой. Хэдийгээр бие даан хэрэгждэг бодлогууд боловч хоорондоо нийцтэй байх шаардлагатай гэдэг нь тодорхой.
2027 оны төсөвт төрийн болон тусгай үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Үүний үр дүнд зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Үүнтэй холбоотойгоор Монголбанк мөнгө нийлүүлж байна гэсэн шүүмжлэл гардаг. Гэхдээ үүний цаана экспортын өсөлт бий. Экспорт нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд валютын орлогоо зах зээлд оруулахад төгрөг шаардлагатай болдог. Тиймээс Монголбанк түүнд нь зориулж төгрөг нийлүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүсдэг юм шүү.
Үүнээс гадна арилжааны банкнуудын зээлийн өсөлт гэж бий. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд тэлэхийн тулд зээлийн нийлүүлэлт нэмэгдэх шаардлагатай болдог.

- Өмнөх шийдвэрээр арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн. Энэ нь банкны салбарын зээлийн нөөцөд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх замаар инфляцын дарамтыг бууруулах арга хэмжээ авч байна. Ингэснээр мөнгөний бодлогыг давхар хэрэгжүүлж байгаа юм.
Мөн өр, орлогын харьцааг шинэчилснээр хэрэглээний зээлийн өсөлт саарсан. Хэрэглээний зээл буураагүй боловч өсөлтийн хурд нь саарсан үр дүнтэй байна.
Нөгөөтээгүүр, аж ахуйн нэгжүүдэд олгож буй бизнесийн зээл нэмэгдэж байна. Тиймээс арилжааны банкууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломж бүрдэж байгаа.
- Ирэх оны эдийн засгийн төлөв ямар байна вэ? Инфляц 2026 оны эцэст болон 2027 онд ямар түвшинд хүрэхээр байна вэ?
-Геополитикийн болон дотоод нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж байна. 2026, 2027, 2028 оны төсвийн төсөөллүүд УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдах асуудал яригдаж байгаа.
Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд барихыг зорьж байна. Гэхдээ УИХ-д өргөн барьсан 2027 оны төсөв нэлээд хэмжээгээр нэмэгдсэн.
Төсвийн орлого 41.6 их наяд, зарлага 43.4 их наяд төгрөг байхаар тэлж байгаа тохиолдолд эрэлтийн гаралтай инфляц нэмэгдэх магадлалтай. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй.
Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг сааруулдаг ч эргээд эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нөлөөтэй.

- Ирэх оны төсөвт иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан. Нөгөө талаас стратегийн нөөц бүрдүүлэх асуудлыг сүүлийн 10 жил ярьж байна. Тухайлбал, ААН хүнсний ногоо, махны нөөц бүрдүүлэх, агуулах барихад зориулан төсөв хуваарилахаар төлөвлөж байна.. Эдгээр бодлогын хэрэгжилт, эдийн засагт үзүүлэх нөлөөг та хэрхэн харж байна вэ?
Гол асуудал нь аль ч улсын эдийн засагт урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлын харьцаа чухал байдаг. Урсгал зардлыг хэт их гаргаж, хөрөнгө оруулалтын зардлыг бага байлгавал тухайн улсын ирээдүйн хөгжлийн боломжийг хязгаарладаг.
Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлснээр эдийн засгаа дэмжих боломж нэмэгдэнэ. Дэд бүтцээс эхлээд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр стратегийн нөөц бүрдүүлэх боломж бий болж, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ. Энэ нь эргээд ажлын байр бий болгох ач холбогдолтой.
Ажлын байр нэмэгдэхийн хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсөж, нийгмийн халамж болон бусад зардлыг тодорхой хэмжээнд хэмнэх боломж бүрддэг. Тиймээс улс орнууд хөрөнгө оруулалтаа боломжийнхоо хэрээр нэмэгдүүлэхийг зорьдог.
2027 оны төсөв болон төсвийн тодотголын дийлэнх хэсэг урсгал зардал руу чиглэж байгаа нь харагдсан. Инфляцтай тэмцэхэд төсвийн бодлогын хүрээнд дараах гурван чиглэлд анхаарах шаардлагатай.
Нэгдүгээрт, богино чиглэлд хүнсний хангамжийг сайжруулахад Засгийн газар хөрөнгө оруулалтаа түлхүү чиглүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, дунд чиглэлд Дорноговь аймгийн Алтан ширээ суманд баригдаж буй нефтийн үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай.
Гуравдугаарт, урт чиглэлд импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Засгийн газар эдгээр гурван чиглэлд анхаарч ажиллавал инфляцын импортын хамаарал буурах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.