Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Д.Нацагдорж: Засал номыг хэдийд ч уншуулсан буянтай | Peak News

Д.Нацагдорж: Засал номыг хэдийд ч уншуулсан буянтай

Хүдэрчулууны Хулан
02 сарын 24, 2026


“Бусдад туслахуй” анагаах ухааны Манба Дацан хийдийн хамба лам, уламжлалт анагаах ухааны их эмч Д.Нацагдоржтой уулзаж, зурхайн ухаан монголчуудын уламжлалт баяр цагаан сартай хэрхэн холбогдож байгаа талаар болон засал ном хийлгэхийн ач тус, үйлийн үрийн холбооны талаар ярилцлаа. 


 Одон зурхай, хар зурхай бол дэлхийн хүн төрөлхтөнд хамаатай ухаан


-Тантай сар шинийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууд энэ өдрүүдэд засал номоо хийлгээд хийд орон бужигнаатай байна. Зурхайн ухаан яагаад монголчуудын цагаан сарын уламжлалт баяртай холбогдож байгаа шалтгааныг тайлбарлаж өгөхгүй юу?

-Зурхайн шинжлэх ухаан нь бурхны шашны бага таван ухаанд багтдаг онцлогтой. Бурхан багшийн үеэс Дүйнхорын “Цагийн хүрд”-ийн ном номлогдох цагаас эхэлж зурхайтай холбоотой олон боть номыг эрдэмтэн мэргэд зохиож гаргасан байдаг. Тийм учраас Дүйнхорын ёсны одон зурхайн ёс гэж нэг том бүлэг зурхайн ухаан бий. Үүнээс гадна хар зурхайн ухаан гэж нэг салбар ухаан байна. Энэ хоёр ухааны хүрээнд зурхайн ухаан хэлэлцэгддэг.

Манай тооллын 1027 онд гал туулай жилээс жарныг тоолж эхэлсэн гэж үздэг. Тэгэхээр цагаан сар жарантай ихээхэн холбоотой. Одоо 17 дугаар жаран явж байна. Миний үзэж судалснаар 1987 оны гал туулай жилээр 17 дугаар жаран эхэлсэн юм билээ. Одоо 17 дугаар жарны нэг хэсэг хугацаа өнгөрөөд явж байна. Харин 1027 оноос авч үзвэл 999 дэх жил дээр жарны тоолол явж байна.

Нөгөө талаас жаран, цагаан сар нь хар зурхайн таван махбодтой ихээхэн холбоотой. Яагаад жаран гэж байгаа вэ гэвэл, 12 жилд “хөхөгчин, улаагчин, шарагчин, цагаагчин, харагчин” гэх таван махбод эр, эм жилээрээ ээлжилж явдаг. Тэгэхээр 12 жилийг таван махбодтой үржүүлэхэд нэг жаран болдог. Ийм учраас цагаан сар нь одон зурхай болон хар зурхайн ухаантай салшгүй холбоотой тул хаврын сарыг зурхайн шинжлэх ухааны дагуу тогтоодог.

Зөвхөн монголчууд зурхайн ухааныг хэрэглээд байгаа юм биш. Энэ нь дэлхийн хүн төрөлхтөнд хамаатай одон зурхай, хар зурхайн ухаан бөгөөд хүний амьдрал, төрсөн болон орчлон мөнх бусыг үзсэнтэй холбоотой олон үйл явцыг тодорхойлж чаддаг салбар ухаанууд. Тиймээс бид бас ухааны дээд ухааныг хүлээн авсан ард түмэн гэж боддог.


-Засал ном дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг. Засал номоо хийлгэхгүй явдаг хүмүүс байна. Эсвэл жил болгон тогтмол хийлгээд сурчихсан хүмүүс байна. Буддын шашны ухаанд засал номыг хийлгэхгүй бол хүмүүст ямар нөлөөтэй вэ. Хэрэв хийлгэхгүй бол юу болох вэ?

-Засал ном хийлгэхийг шаардах эрх бидэнд байхгүй. Хийлгэхгүй бол хийлгэхгүйгээрээ явж болно. Харин “Чи яагаад үүнийг хийлгэх ёстой вэ?” гэдэг асуулт номтой их холбоотой.

Хүмүүс төрсөн цагаасаа орчлон мөнх бусыг үзэх хүртэлх хугацаанд, бурхан багшийн ном оршин байгаа эринд 100, түүнээс дээш наслах боломжтой гэж үздэг. 100 жил гэж бодоход хүний амьдралд одон зурхай, нар сар, 28 од, мэнгэ суудал зэрэг цагаан, хар зурхайтай холбоотой олон зүйл орж ирнэ.

Нэгдүгээрт, өөрийгөө сэргийлж, урьдчилан хамгаалж байна. Хоёрдугаарт, сөрөг муу үр дагавраас өөрийгөө хамгаалж байна. Гуравдугаарт, ном уншуулснаараа буян хийж байна гэж ойлгох нь зохистой.

Хүний төрөлд амьдрал нь буян, нүгэл гэсэн хоёр дэнсэн дээр явдаг. Энэ нь зөвхөн энэ төрлийн амьдрал биш. Урд төрөл, энэ төрөл, хойд төрлийн бүх зүйл өнөөдөр “нүгэл үү, буян уу” гэсэн хоёрхон хэмжүүр дээр явж байдаг. Тийм учраас хүн энэ хоёр хэмжүүрт яаж явах вэ гэдгээ ойлгож, судалж мэдсэний үндсэн дээр засал ном хэрэгцээтэй юм байна гэж хүлээн зөвшөөрдөг. Засал ном нь жил бүр цаг хугацаанаас шалтгаалан хүний амьдралд олон зүйлээр нөлөөлдөг.

“Цаг тооны бичиг”-т “Амь нас нь ямар байна”, “Насанд цөв байна уу”, “Эрүүл мэнд нь энэ жил ямар байх вэ?”, “Эд агуурс ямар байх вэ?”, “Бодсон санасан ажил үйлс нь хэр байна?”, “Нас буянд цөв байна уу?” гэдгийг жилийн хэмжээнд ерөнхий зураглалаар харуулдаг. Харин сар, өдөр, төрсөн цаг, минут руу орохоор нарийн зурагддаг салбар ухаан.

Амьдрал сайхан байвал нийгэм ч ариусаад явна. Харин амьдрал бүтэл муутай, өвчин зовлон, эрүүл мэнд, эд агуурс зэрэгт сөрөг үр дагавар ирвэл гэр бүл, хувь хүн зовлонтой болно. Нийгэм ч зовлонтой болно.

Гүрэм гэдэг нь нэг талаар өргөл, хүндлэл. Бурхан Гончигсүмд өөрийн байдлыг даатгаж, сайн сайхны тухай ерөөл буянаа өргөх боломж. Үйлийн үр байдаг нь хүмүүсийн амьдралд харагддаг. Энэ утгаар ард түмэн одон зурхай, хар зурхайн тус эрдмийг авч явж байна гэж ойлгож байна.

Муу үйлийн үрийг засах “гарын авлага” хүнд өөрт нь бий

-Та буян, нүгэл гэж ярьлаа. Буян, нүгэл гэхээр үйлийн үртэй холбогддог. Тэгэхээр үйлийн үр гэж юу вэ. Хамгийн энгийнээр тайлбарлаж өгвөл?


-Ямарваа нэг үйл хийсний үр дагавар. Хүн үйлээ биеэрээ, хэл яриагаараа, сэтгэлээрээ хийдэг. Энэ бие, хэл, сэтгэлээр хийж буй үйлүүд 10 том бүлэгт хуваагддаг гэж үздэг. Түүнийг “10 хар нүгэл” гэж нэрлээд, муу сөрөг үр дагавартай үйлүүд гэж үзнэ.

Нөгөө талд нь хүнд буяны чуулган гэж бий. Буяны үйлсийг эрхэмлэн хийдэг хүмүүс олон. Тэд буяныхаа үрийг эдэлж явдаг. Энэ бүхэн тэргүүлэгчгүй цагаас үүсэлтэй, урд төрөлдөө хийсэн зүйл өнөөдөр эргээд боловсорч гарч ирэх тохиолдол ч байдаг. Ийм учраас үйлийн үр гэдэг нь та бидний бие, хэл, сэтгэлээр хийж буй үйл ажиллагааны үр дагавар гэж ойлгож болно.

Нөгөө талаас, үйлийн үр нь төрөл авах цагаас явж байдаг. Үйлийн үр сайжирч, бурхны хутгийг олж, бодьсадвагийн явдлыг төгс мэдэж, гэгээрэлд хүрвэл зургаан зүйлийн хамаг амьтны төрөл дахин авахгүй байх тухай айлдвар ч бий. Ийм утгаар үйлийн үр ба гэгээрэлд хүрэх явцад олон төрөл дамжих асуудал нэг ёсны цэгцэрч байна гэж ойлгож болно.


-Та “үйлийн үр боловсорно” гэж ярьлаа. Үйлийн үр хэзээ, яаж, ямар байдлаар боловсордог вэ. Тодорхой хугацаа, давтамжтай байдаг уу. Муу үйлийн үр боловсорч ирвэл хүн яах ёстой вэ?

-Жишээлбэл, урд төрөлдөө хийсэн үйлийн үр энэ төрөлд боловсроод ирвэл заавал эдэлнэ. Гэхдээ дээдийн ном үзэж, судалж явбал хөнгөн, даг тэмдэг маягаар өнгөрөх ч боломж бий. Тэгж чадаагүй тохиолдолд аюултай үйлийн үр боловсроход хүн өөрөө амсаж, эдлэх нь гарцаагүй.

Энэ төрөлдөө хийж буй сайн үйлийн үрүүд ирээдүйд сайнаар гарна. Харин муу юм хийсэн бол энэ төрөлдөө ч эдэлж магадгүй,  олон төрөл дамжин эдлэх нь гарцаагүй. Бурхны номд үйлийн үрийг сайн судал, хар цагаан үйлийн үрийг, буян нүглийн үйлийн үрийг судал гэж хэлдэг. Тэгээд хүн “урд төрөлдөө иймэрхүү юм хийсэн байж магадгүй” гэж бодож болно. Тэгвэл энэ төрөлдөө дээдийн ном уншуулж болох боломжтой үедээ “урд төрөлдөө хэдэн ч төрөлдөө нүгэл хийсэн байлаа ч одоо арилгачих юм сан” гэж хүсэх хэрэгтэй. Лам хуврагууд үүнийг хийж явдаг.

Үйлийн үр дотор зөвхөн нэг хүний үйлийн үрээс гадна нийтийг хоморголсон, олон хүний нөлөөлөлтэй үйлүүд ч байдаг. Тиймээс хүн өөрийн ухамсарт шинжилж, судалж мэдэж явах нь маш чухал.

Үйлийн үрийг үгүйсгэж болно, засал ном хэрэггүй гэж ч үзэж болно. Гэхдээ “Араа даах уу?” гэдэг асуулт гарч ирж магадгүй. Дээдийн ном бол шударга, үнэний ном учраас хатуу хэлсэн байдаг. 


Олон төрөлдөө хийсэн үйл бидний сүнсэнд компьютерын хард шиг хадгалаатай байдаг


-Таны нэг нийтлэлээс “Үйлийн үрийн хавтаст хэрэг” гэдэг ойлголтыг уншсан. Үүнийг дэлгэрүүлж сонирхуулж өгөөч. Та ямар утгаар тэгж хэлсэн бэ?

-Ойлгоход хялбар болгох гэж жишиж ярьсан гэж ойлгоорой. Үйлийн үр дотор “хавтаст хэрэг” гэдэг үг байхгүй. Гэхдээ үйлийн үр яадаг вэ гэхээр, хүн олон төрөл авч явах тэр намшид бичигдчихдэг. Намш гэдэг нь мэдрэхүй гэж хэлж болно, сүнс гэж ч хэлж болохоор. Яг компьютерын хард диск шиг бүхнийг хадгалчихсан байдаг. Урд төрлийнх, энэ төрлийнх гээд бүгд хадгалагдаад явж байдаг. Тийм учраас хүн төрөл авна гэдэг нь үйлийн үрийн салхийг дагадаг. Сайн үйл хийсэн бол сайнаараа, муу үйл хийсэн бол муугаараа.

Өнөөдөр буян хийж байснаа маргааш нэг нүглийн шалтгаан өдөөгөөд үйлдэх зүйл ч гардаг. Тийм учраас хүн өдөр тутам ном уншуулахдаа “Би бие, хэл, сэтгэлээрээ ямар алдаа хийв, түүнийгээ өнөөдрийн уншлагаар цайруулъя, хүлцэл өчиж байна” гэж засаж залруулахыг хичээх хэрэгтэй.

Маш их хураагдсан үйлийн үр байж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс үйлийн үр боловсорч гарч ирдэг хуультай, жамтай юм бол бид үүнийг сайн мэдсэний үндсэн дээр арилгаж байх нь ухаант хүний ёс зүйн асуудал, эрдэнэт хүний баримталж явах мэдлэг ухаан юм. Муу тийш нь бие, хэл, сэтгэлийн үйлдлээ хийгээд байвал улам л хураагдана. “Би тэгдэг л хүн” гэж явах ёсгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг хийсэн муу үйлийг өдөрт нь арилгаж байвал сайн. Тэгж чадаагүй бол нэг багцлаад арилгаж явах нь хэрэгцээтэй.

Дээдийн ном үйлийн үрийг арилгадаг тусгай айлдвартай. Бурхан багшийн аман зарлигт “Хэдэн галавын үйлийн үр ингэж арилна” гэсэн айлдвар ч бий. Үүнийг судалж мэдээд хүн хүсэж хийвэл маш сайн.


Засал хийлгээд хэрэггүй гэж хэлдэг хүмүүс явж л байдаг. Гэхдээ эвгүй жилүүд байдаг. Нэг үе өргөн голдирлоор явж байсан зүйл сүүлдээ нарийссаар нэг нарийн голдирлоор шахаж байгаад, нэг ёсны ам өчиг авч байгаа юм шиг үйлийн үр боловсордог. 


Тэгэхээр “Муу сэтгэлийнхээ суурийг сайн сэтгэлээр зас” гэсэн санаагаар л “Үйлийн үрийн хавтаст хэрэг” хэмээн жишиж хэлсэн хэрэг. Тэр муу үйлийн үрийг засах гарын авлага ном сургаал хүнд өөрт нь байгаа. “Өөрөө хийснийгээ өөрөө эдэлдэг” гэж бурхны номд бий.


-Засал ном хийлгэдэггүй, ач холбогдол өгдөггүй хүмүүст нэг эргэлзээ байдаг. Хүн өөрөө муу үйл хийчихээд, түүнийгээ ламаар засал ном хийлгээд арилгачихна гэх нь үнэмшилгүй, шударга биш гэдэг. Тэгэхээр засал ном гэж яг юу вэ?

-Гүрэм засал гэдэг нь өргөл хүндлэлийн нэр. Хүн ямар ч өргөл барьц өргөхгүй байж болно. Гэхдээ хүний сайхан сэтгэлийг өргөл гэж үзээд дээдийн ном уншаад, тэр хүний нисваанисын түйтгэр сэтгэлүүдийг арилгахад түүнээс их буян үгүй. Тэгэхэд нөгөө хүний буяны чуулган арвижиж, цэцэглэн дэлгэрнэ.

Тиймээс гүрэм номыг ингэж ойлго. “Дээдийн ном уншуулснаар би  буян хийж байна. Энэ буянаар урд төрөл, энэ төрөл, дараа төрлүүд сайжирч болно. Бас бусдад ч буян болж байна гэдгээрээ бахарх. Амьдралын сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалж байна”. Номын цаад утгыг “Муу юмтай уулзуулахгүй, хамгаалж байна” гэж ойлго.

Мөн Бурхан Гончигсүмд сэтгэлээ өргөж ном уншуулж байгаа нь чухал үйл явцтай уулзаж байна гэсэн үг. “Би алдаа хийсэн байна, өнөөдрөөр цэг тавилаа” гэж дотооддоо шийдээд явбал хувь хүний үйлийн үр, нийгэм, эргэн тойронд дандаа сайхан юм гарна. Сайн юмыг дагаад сайн юм ярьдаг.

Хүний төрөл гэдэг нь агуу их буяныг бүтээгээд ир гэсэн утгатай. Хүний төрөл их буянаар олддог. Нүглийн үйлийн үрээр хүний төрөл авна гэж байхгүй. Харин нисваанисын нэг жижиг муу голомтыг бид өөрсдөө дэлгэрүүлээд байдаг. Тэрийг дараад, арилгаад явбал энэ төрөлд дээшээ дэвжээд, гэгээрэхийн суурийг энд тавьж байна гэсэн үг.

Монголчууд минь эх орноо муухайгаар бүү бод, өөрийгөө муу гэж бүү бод. Үнэнийг номлосон номыг бүү үгүйсгэ. Хүн сайн явна гэдэг ухаан, мэдлэг, чадвар, дадал, зөв сэтгэл шаарддаг шүү дээ.

Зарим хүн бусдыг “муу юм хийдэг мөртөө сайн явж байна” гэж хараад “үйлийн үр худлаа” гэж ярьдаг. Үгүй, муу үйлийн үрийг хураасан бол эдлэх нь гарцаагүй. Гагцхүү тэр нь 2–3 жилийн дараа ч биш, 100 жилийн дараа ч боловсорч магадгүй. Шалтгаан, нөхцөл бүрдэхэд боловсорно. Тиймээс түүнийг хараад шүүмжлэхээс илүү “улам сайхан болох болтугай” гэж бодож явсан нь дээр.


Хайрлаж, хүндэлж, энэрэх тусам эдгэрэлт явдаг жамтай



-Лам хүний уншиж буй гүрэм ном, тарни, маань нь хүний үйлийн үр, нүгэл хилэнцийг нимгэлж арилгахад нөлөөлж байна гэж ойлгож байна. Засал ном, гүрэм, тарни маань ямар утга агуулгатай байдаг болоод үйлийн үрийг нимгэлэхэд тусалж байна вэ?

-Үйлийн үрийг засахад бурхдын номууд эхлээд нүгэл хилэнцийг арилгана. Уншиж байгаа лам өндөр мэдлэгтэй байх ёстой. Бурхдын “кодолсон” номуудын утга мөн чанараар урд төрөл, энэ төрөлдөө хийсэн үйлийн үрийг ариусгана. Дараа нь буяны чуулган, буянлаг сэтгэлийг нь дэмжиж, зүрхэнд нь байгаа намшийн гэрэл дээр улам гэрэл нэмж, муу юмыг арилгаж тусалдаг. Ямар лам ямар хэмжээнд ариусгаж, туслах вэ гэдэг нь лам бүрийн дадлага, чадал чансаанаас шалтгаална. Гэхдээ дээдийн ном хаана ч уншигдсан, бурхдын айлдсан ёсоороо үйлчилнэ. Хүн өөрөө сэтгэлдээ ном уншаад явсан ч нөлөөтэй.

Тарни гэдэг нь асар олон зүйлийг “кодолж” багтаасан байдаг. Урьд насны нүгэл хилэнцийг арилгах, энэ төрөлдөө бие, хэл, сэтгэлээр хийсэн нүгэл хилэнцийг арилгах, дараа төрөлдөө сайн зүйлтэй учрах, бодьсадвагийн сэтгэл, буяны чуулган, дэв хилэнц түйтгэрийг арилгах, хоосон чанар, гэгээрлийн мөн чанар, бурхдын лагшин, зарлиг, таалал, эрдэм үйлсийн хүрд зэрэг агуу их утгыг агуулсан байдаг. Тийм учраас хүн өөрийн хэмжээнд түүнийг хүртэж явдаг нь өөрийн буяны тавилан. Бидний хэлж байгаа нь “ном ингэж хэлсэн байна, энэ үнэний ном” гэдгийг бодож үз гэсэн сануулга.


-Онцгойлон засал шаардлагатай жилүүд гэж байдаг. 37-ны, 49-ний жил гэх мэт. Яагаад энэ жилүүд дээр хүмүүс онцгой анхаарч засал ном хийлгэх ёстой байдаг вэ?

-Энэ жилүүд дээр жилийн түйтгэрүүд бий. Зарим жилийн нөлөөлөл хүнд ширүүнээр нөлөөлдөг. Тиймээс цаг тооны бичгээс амь нас, эрүүл мэнд, эрхтэн хийморь, лундаа, сүнс сүлд ямар байна гэдгээ харж, түүнд нь тааруулж заслаа хийлгэж явах нь чухал.

Жишээлбэл төрж буй хүүхдэд тухайн үед нь сайн ном уншуулах хэрэгтэй гэж үздэг. Хоёр настайд суудал өнцөгдөнө. Зарим насанд “өвдөнө, үхнэ, хүүр болно” гэсэн гурван муу утгатай суудал таардаг. Тийм тохиолдолд хүүхдээ хамгаалахыг бодно. Мөн эрүүл мэндийн зураглал дээр сөрөг тэмдэглэл гарвал “энэ насанд эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй” гэж дохиолж байна гэж үздэг.

Эрэгтэй хүүхэд төмөр суудал дээр суухад эмзэг, унаж гэмтэх эрсдэлтэй гэх мэтээр тайлбарлаж явдаг. Таван махбодын хууль буюу байгалийн таван махбод,   хүний таван махбодын харилцаа эерэг үү, дайсангаар сөрөг үү гэдгийг хардаг. Энэ бол зурхайн ухааны ярьж буй зүйл.

Ер нь жил болгон говийн лха бурхнаа тахиулж баймаар. Тэгж чадахгүй бол жил орох үедээ говийн лха тахиулах хэрэгтэй гэж үздэг. 25-ны жил, 37, 49, 61, 73, 85-ны жил гэх мэт онцолно. Тэр жилүүдэд олон хүн орчлонг орхиод явдаг.

Өнөөдөр AI системд хүмүүс тохиолдсон зүйлээ бичээд оруулбал 8–9 тэрбум хүнээс энэ “мэнгэ, суудал голлосон жил дээр” хэд нь орчлонг орхисон, ямар өвчнөөр, хаана байсан хүн ч адилхан давхцсан гэх мэт өгөгдөл гарч ирнэ. Энэ бол үнэний хууль гэж би боддог. 

Тухайн хүний жил, гүймэг, дүнсэр таарах зэрэг нь гэмтэх магадлалыг өндөр болгодог гэж үздэг. Буян номоо сайтар хийлгээд үйлийн үрээ нимгэлж явбал сайн тийшээ л явна. Зарим сударт “үйлийн үр нимгэрнэ, барагдана” гэсэн айлдвар ч бий. Сайн үйлийн үр ч гэнэт хүчтэйгээр боловсорч гарч ирэх тохиолдол байдаг. Ерөнхийдөө доошлох нэг туйл, дээшлэх нэг туйл бий.


-Монголчууд засал номоо шинийн 8-нд багтаах гэж сүм хийд дээр “түгжрэл” үүсгэдэг. Зарим нь угтаад засал номоо хийлгэдэг, зарим нь шинийн 8-ны дотор уншуулдаг. Үүнд чанарын ялгаа юу байна вэ?

-Цаг хугацааны хувьд, жишээлбэл эмэгтэй хүн жилээ угтдаг, эрэгтэй хүн жилээ дагадаг гэх мэт яриа байдаг. Гэхдээ үнэндээ номуудыг өмнө нь уншуулсан ч буянтай, 15 хоногийн дотор багтааж уншуулсан ч буянтай, зургаан сард нь уншуулсан ч буянтай. Аль сард нь уншуулсан ч буянтай. Нэгэнт буян учраас хэзээ ч буянаараа бичигдээд, сайнаар нөлөөлөөд л явна.


-Та уламжлалт анагаах ухааны их эмч хүн. Зурхайн ухааныг гүнзгий судалсан хүний хувьд, тан дээр ирж байгаа өвчтөнүүд дунд засал номоо хийлгээгүйгээс болоод бие эрхтэн, эрүүл мэнд нь доройтсон тохиолдлуудыг олон харж байсан байх?

-Надтай уулзаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг эмчийн хувьд үзээд, шийдвэрлээд, эрүүл мэндийн талын бүх зүйлийг сайн хийж өгөх юм сан гэсэн үзэл бодолтой. Гэхдээ энэ хүн энэ жил ер нь ямар байгаа бол, өнгөрсөн жил ямар байсан бол, энэ өвчин 5 жилийн өмнө үүссэн юм бол тэр үед ямар байсан бэ гэдгийг бас хардаг. Тэгээд харахаар, тэр хүний ярьж байгаа өвчин олсон байдал, өнөөдрийн байдал, тохиолдсон зүйлүүд нь гараг эрхэсийг дагаад зурхайтай холбоотой байдлаар давхцаж байдаг.

Зарим хүнд ухамсарлуулж, ойлгуулах гэж хичээл зүтгэл гаргадаг. Хүлээж авдаг хүн байдаг, хүлээж авахгүй хүн байвал хэлээд орхино. Ямар ч байсан тусалъя гэсэн сэтгэл байгаа учраас хэлдэг. Хүмүүс ихэвчлэн хүлээн зөвшөөрдөг. “Яг тийм зүйл болсон” гэж хэлдэг. Тэгээд “бид нэг л тойрог дотор яваад байна” гэсэн бодол төрдөг юм.

Юм мэдэхгүйгээсээ л хүн ингэж явдаг. Би цээжнээсээ биш, номын дагуу л хэлж байгаа. Өвөг дээдэс, эрдэмтэн мэргэд, лам хуврагууд дээдийн номыг үзэж явсны адис жанлав монголд их байгаа. Тэндээс суралцвал дээр.

Монголын ард түмэнд бүгдэд нь бурхны хутгийг олж болох агуу сэтгэл бий. Тийм учраас хүүхдүүдээ ч тэгж бодох хэрэгтэй. Бид нэгнийгээ хайрлах, хүндлэх, энэрэх тусам эдгэрэлт явдаг жамтай.

- Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.