Д.Хаянхярваа: Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэхийг 48 цагийн дотор шийдвэрлэнэ

Б.Баясгалан
11 сарын 05, 2018

ЖДҮ-тэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тэгвэл өнөөдөр мөн дээрх асуудалтай холбоотойгоор Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг Прокуророос УИХ-д тавьжээ.

МАН-ын бүлэг өнөөдөр дээрх асуудлуудаар хуралдсан байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.

Тэрээр "МАН-ын бүлэг өнөөдөр Б.Батзоригийг сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх талаарх прокурорын бичгийг маргааш хэлэлцэнэ. 

Уг асуудлаар маргааш УИХ-ын ХХАА-н байнгын хороо 09.00 цагт, чуулганы нэгдсэн хуралдаанаар 11.00 цагт хэлэлцэнэ. Үүний дараа МАН-ын бүлэг дахин хуралдана. 

Гишүүнийг түдгэлзүүлэх талаарх Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Бид хуулийн хугацаанд багтаан асуудлыг шийдвэрлэх болно" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.