Эмгэнэл: Лувсансүхийн Хэрээ /1948-2026/


Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, зохиолч, утга зохиол судлаач, соён гэгээрүүлэгч Хатагин овогт Лувсансүхийн Хэрээ 2026 оны 10-р сарын 14-ний өдөр таалал төгсөж, орон нутгийн сэтгүүл зүй, соёл, утга зохиолын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Лувсансүхийн Хэрээ 1948 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Эрдэнэбадрах хэмээх газарт төрж, эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин, бага, дунд сургууль төгсөөд УБДС-д суралцан Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшиж, Нийгмийн ухааны дээд сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн курсыг дүүргэснээр сэтгүүл зүйн салбарт мэдлэг оюунаа зориулан ажиллах замналаа эхлүүлжээ.

Тэрбээр Дорнод аймгийн “Дөл” сонинд сурвалжлагч, радио телевизийн редакцын эрхлэгч, Монголын радиогийн Дорнод аймаг дахь сурвалжлагч, Монголын мэдээллийн институтийн Дорнод салбар, Дорнод дээд сургуульд багшилж, сэтгүүл зүйн салбарын хөгжил, улс нийгэмдээ 47 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан, ахмад үеийн сэхээтэн, түүх соёлын зүтгэлтэн байлаа.

1980-аад оны сүүл хүртэл Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн үндсэн үүргийг “Дөл” сонин дангаар гүйцэтгэж байсан цаг үед Чойбалсан хотод радио нэвтрүүлгийн редакц байгуулах шийдвэр гарснаар Лувсансүхийн Хэрээ анхны эрхлэгчээр томилогдон ажиллажээ. 1989 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу 17 дугаар жарны Шороон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд “Дөлгөөн Хэрлэн” дууны аялгуу эгшиглэж, “Чойбалсан хотоос ярьж байна” хэмээх дуудлагаар Дорнод аймгийн радио нэвтрүүлэг анхны эфирээ цацсан түүхтэй. Ийнхүү Монголын зүүн хязгаарт радио мэдээллийн шинэ орон зай нээгдэж, хил хязгаар үл хамааран мэдээ мэдээлэл, мэдлэг оюуныг түгээх шинэ боломж бүрдсэн төдийгүй Дорнод нутгийн ард иргэдийн дуу хоолойг өргөн хүрээнд хүргэх, орон нутгийн мэдээллийн хөгжлийг шинэ шатанд гаргах түүхэн эхлэл болсон юм.

Тэрбээр 1990-ээд онд Монгол Улс ардчилсан нийгэм, зах зээлийн тогтолцоонд шилжиж эхлэх үед орон нутагт телевизийн мэдээллийн хүчирхэг хэрэгсэл зайлшгүй хэрэгтэйг соргогоор мэдэрч, тухайн үеийн эдийн засгийн боломж, хэрэгцээ шаардлагад нийцсэн телевизийн студи байгуулахын төлөө сэтгэл зүтгэл гаргаж, БНХАУ-ын Манжуур, Хайлаар, Харбин хотын телевизийн төвүүдтэй харилцаа холбоо тогтоож, иж бүрдэл тоног төхөөрөмж оруулж ирэх ажлыг зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд 1992 оноос Дорнод аймаг орон нутгийн телевизийн эфирийн нэвтрүүлэгтэй болж, Дорнод аймгийн мэдээллийн салбарт шинэ хуудас нээгджээ.

Л.Хэрээ зөвхөн аймагтаа телевизийн студи байгуулаад зогсохгүй Сүхбаатар аймаг, Эрдэнэт хотод телевизийн студийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, тохижуулах, анхны нэвтрүүлгийг бэлтгэн эфирт хүргэхэд оролцож, орон нутгийн радио, телевизийн хөгжлийн суурийг тавьж, мэдээллийн шинэ хэрэгслийг бий болгох үйлсэд үлгэрлэн манлайлж, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүний намтарт болон орон нутгийн хэвлэл мэдээллийн түүхэнд тодоор бичигдэх, зайлшгүй дурсагдан үлдэх нэгэн тод хуудас бол  Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжиж, чөлөөт хэвлэл мэдээлэл үүсэн бий болсон 90 ээд оны эхний жилүүд бөгөөд чухам энэ ороо бусгаа, хүнд үед тэбрээр ноён нуруу, туршлага, шаргуу хөдөлмөр зүтгэлээрээ аймгийн хэвлэл мэдээллийг нэгэн төвд нэгтгэн удирдаж, улмаар бүх талаар бэхжүүлэн өргөжүүлж, дараа үедээ нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн гавъяатан юм.  

Үг, үзэг, оюун ухаанаараа нийгэмдээ үйлчилсэн сэтгүүлч, судлаач Лувсансүхийн Хэрээ үйл явдлыг мэдээлээд өнгөрөх бус учир шалтгааныг эргэцүүлж, хүний амьдралын утга учир, нийгмийн хөгжлийн асуудлыг гүнзгийрүүлэн бичдэг сэтгүүлч байлаа. Тэрбээр хөрөг, найруулал, нийтлэл, асуудал дэвшүүлсэн эргэцүүллийн төрлөөр уран бүтээлээ түлхүү туурвиж, төрөлх нутгийнхаа амьдрал, хүмүүсийн хөдөлмөр зүтгэл, нийгмийн өөрчлөлтийг өөрийн үзэл бодол, өвөрмөц хэл найруулгаар илэрхийлж иржээ. Сэтгүүлчийн хөдөлмөрөөр хязгаарлагдалгүй Монгол хэл, уран зохиол, утга зохиол судлалын салбарт эрдэм шинжилгээний ажлыг тууштай эрхлэн, магистрын зэрэг хамгаалж, 50 гаруй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, шинэ санаа, үзэл баримтлал дэвшүүлэн тавьсан нь сэтгүүл зүй, утга зохиол судлалын мэдлэгийн санг баяжуулсан төдийгүй хойч үеийн судлаач, сэтгүүлчдэд уншиж судлах, эргэцүүлэн бодох оюуны өв болон үлдэж байна.

Л.Хэрээгийн амьдрал, уран бүтээлийн нэгэн чухал хэсэг нь их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, үйл хэргийг судлан сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэхэд чиглэж, Матад сумын дунд сургуулийг их эрдэмтний нэрэмжит болгох, дурсгалын хөшөөг нь Монгол Улсад анх удаа Дорнод аймгийн Төв номын сангийн үүдэнд босгох, Дорнод аймагт их зохиолчийн нэрэмжит “Оюуны ундарга” тэргүүн шагналыг санаачлах зэрэг олон ажлыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж байсан юм. Тэрбээр сэтгүүл зүй, судлал шинжлэлийн чиглэлээр “Да багш эрдмийн их мөрөн”, “Да вангийн Юндэн гөөгөө”, “Бүтээлийн түүвэр” зэрэг ном, товхимлыг хэвлүүлж, “Дарга орлосон сард” зэрэг бүрэн хэмжээний хоёр жүжиг тайзнаа толилуулсан нь түүний авьяас билиг, уран бүтээлийн цар хүрээ өргөн байсныг илтгэдэг.

Тэрбээр их эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн үүсгэн байгуулсан орон нутагт анхдагч болох Утга зохиолын дугуйлангийн үргэлжлэл болох аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр 1977 онд томилогдон 10 гаруй жил ажиллахдаа тал нутгийн олон залуу авъяастныг уран зохиолын ертөнцийн хаалгаар алхан ороход нь дэмжлэг үзүүлж, өсөж дэвжих замыг нь засалцаж өгсөн ачтан байв. Энэ хугацаанд Монголын зохиолчдын эвлэлээс утга зохиолын өдрүүдийг хоёр удаа, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг анх удаа орон нутагт буюу Дорнод аймагт зохион байгуулсан нь түүний санаачилга, зүтгэл байсан бөгөөд тэр үеийн нэрт зохиолчидтой Дорнод нутгийн уншигчид, авъяастнуудыг удаа дараа уулзуулсан нь шинэлэг, далайцтай ажил болсон юм. Мөн Дорнодын зохиолчдын хамтын бүтээлийн “Халхын гол” гурван цуврал, ”Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” шилдэг бүтээлийн түүвэр, ”Дорнодын бүтээлч эрчүүд”, ”Дорнод аймгийн өнөөгийн тахилгат уул овоо, гол мөрөн” зэрэг ном эрхлэн эмхэтгэн хэвлүүлж, “Хулст хөндийн хүү”, “Халхын хэцүү То ван”, “Бэлийн чулууны бодрол” зэрэг 10 гаруй ном тохимлыг ариутган шүүжээ.

Энэ эрхэм хүмүүний удирдах, сурган хүмүүжүүлэх арга барил, хөдөлмөрч зан чанар, босгож бүтээсэн үйл хэрэг, хүн ёсны их ухаан, ноён нуруу, холч бодол, эгэл даруу зан чанарын талаар орчин цагийн шилдэг зохиолч, гүүш, соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман” хэмээх туульсдаа “Нэвтрүүлгийг бэлтгэсэн Хэрээ...” хэмээх хөрөг нийтлэл болгон бичиж оруулсан нь Монголын оюуны ертөнцөөс түүнд үзүүлсэн гүн хүндэтгэл, үнэлгээний тод жишээ болсон юм.

Л.Хэрээгийн утга зохиол, хэвлэл мэдээлэл болон соёлын салбарт оруулсан хувь нэмрийг мэргэжлийн дээд байгууллагууд нь үнэлэн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, ”Радио телевизийн тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан”, ”Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал”, Дорнод аймгийн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Оюуны ундарга” тэргүүн шагнал тус тус олгосон байна. Л.Хэрээгийн олон жилийн хөдөлмөр бүтээл, идэвх санаачлагыг Монголын төр засаг өндрөөр үнэлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, ”Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртээжээ.

Түүний амьдралын замналд зохиолч, сэтгүүлчийн үүрэг, судлаачийн эрэл хайгуул, багшийн сурган хүмүүжүүлэх үйлс, соён гэгээрүүлэгчийн чин эрмэлзэл нэгэн цул болон оршиж байна. Хүн хорвоогоос буцавч бүтээсэн үйлс, үлдээсэн оюуны өв, бусдад түгээсэн мэдлэг ухаан нь цаг хугацааны уртад улам тодрон гэрэлтдэг билээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, утга зохиол судлаач Лувсансүхийн Хэрээгийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Холбоотой сэдвүүд

эмгэнэл эмгэнэлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.