Ч.Сумъяабазар
10 сарын 02, 2026
Монгол Улс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чихрийн шижин болон таргалалтын тархалтыг бууруулах зорилгоор 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх төрлийн чихэр ба чихэр орлуулагч агуулсан ундаа, усанд Онцгой албан татвар (ОАТ) ногдуулж эхлэхээр хуульчилсан билээ.
Уг зохицуулалтыг Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Онцгой албан татварын тухай хуульд тусгасан бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид болон импортоор орж ирж буй чихэрлэг ундааны төрлүүдэд үе шаттайгаар татвар ногдуулах бэлтгэл ажлыг хангах үүднээс хэрэгжих хугацааг 2027 он хүртэл хойшлуулан тогтоосон юм.
Яг ямар усанд Онцгой албан татвар ногдуулах вэ?
Энгийн ундны ус эсвэл цэвэр цэнгэг усанд татвар ногдуулахгүй. Зөвхөн найрлагадаа чихэр эсвэл чихэр орлуулагч нэмэлтээр агуулсан дараах төрлийн усанд татвар ногдуулна:
Амталсан болон жимсний амттай ус:
Лемонтой ус, алим, гүзээлзгэнэ гэх мэт жимсний амт, чихэр/сироп нэмж савласан уснууд.
Чихэр орлуулагчтай (сахаргүй) уснууд:
"Zero sugar" буюу сахаргүй гэх боловч аспартам (aspartame), стевиа (stevia), сукралоз гэх мэт хиймэл болон байгалийн чихэр орлуулагч агуулсан амталсан уснууд.
Чихэртэй хийжүүлсэн ба хийжүүлээгүй ус:
Хийжүүлсэн ус (soda/sparkling water) болон эрдэст усанд чихэр эсвэл чихэр орлуулагч амтлагч нэмсэн бүтээгдэхүүнүүд.
Ямар усанд татвар НОГДУУЛАХГҮЙ вэ?
Энгийн хийжүүлсэн ус: Чихэр болон амтлагчгүй, зөвхөн CO2 хийгээр баяжуулсан байгалийн эрдэст ус (Soda water/Sparkling water).

Нийгмийн эрүүл мэндийн ТУЛГАМДСАН хэрэгцээ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар сахрын өндөр агууламжтай ундаа, бүтээгдэхүүний хэрэглээ нь хүүхэд, залуучуудын дунд жингийн илүүдэл, таргалалт, шүдний цоорлыг нэмэгдүүлээд зогсохгүй насанд хүрэгчдийн дунд чихрийн шижингийн 2-р хэв шинж, зүрх судасны өвчлөл болон зарим төрлийн хорт хавдар үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл болдог байна.
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дунд импортын чихэрлэг хийжүүлсэн ундаа, сахартай ногоон цай, шүүсний хэрэглээ эрс нэмэгдэж, үүнийг дагаад чихрийн шижин болон бодисын солилцооны эмгэгийн тохиолдол залуужиж байгаа нь хууль тогтоогчид болон эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг татах болсон. Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас сахарын хэрэглээг эдийн засгийн хөшүүргээр хязгаарлах нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй аргын нэг гэж үзэж байна.

Татварын механизмын онцлог ба нөлөөлөл
Уг хуулийн зохицуулалтад зөвхөн байгалийн сахар агуулсан ундаанаас гадна хиймэл болон байгалийн гаралтай чихэр орлуулагч (aspartame, stevia гэх мэт) агуулсан ундаа, амталсан ус тус тус хамрагдана. Энэ нь үйлдвэрлэгчид сахрыг хиймэл сахраар орлуулан татвараас зайлсхийх боломжийг хааж байгаа юм.
Олон улсын туршлагаас харахад чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулснаар дараах эерэг өөрчлөлтүүд гардаг:
Бүтээгдэхүүний үнийн өсөлт ба хэрэглээний бууралт: Татвар нэмэгдсэнээр жижиглэнгийн үнэ өсөж, улмаар хэрэглэгчид, ялангуяа хүүхэд багачууд сахартай ундаанаас илүү цэвэр ус, байгалийн эрүүл ундааг сонгох хандлагатай болдог.
Үйлдвэрлэгчдийн жор ба агууламжийн шинэчлэл: Үйлдвэрлэгчид татварын дарамтыг бууруулахын тулд ундаан дах сахрын хэмжээгээ багасгах, эрүүл орц найрлагатай шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх замаар жордоо өөрчлөлт оруулдаг.
Улсын төсвийн орлого: Цугларсан татварын орлогыг Нигмийн эрүүл мэндийг дэмжих сан болон хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд зориулан хуваарилах боломж бүрддэг.
2027 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа нь ундаа, цэвэр усны дотоодын үйлдвэрлэгчид болон импортлогчдод шинэ татварын орчинд дасан зохицох, үйлдвэрлэлийн технологи болон бүтээгдэхүүнийхээ сахрын агууламжийг бууруулах судалгаа шинжилгээ хийх боломжийг олгож байна. Ингэснээр 2027 оноос Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн, сахрын хэрэглээг бууруулах эдийн засгийн цогц бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхлэх юм.
хийжүүлсэн ундаа чихэрлэг хүнс элсэн чихэр энергийн ундаа онцгой албан татвар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.