Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй

Хүүхэд бүр өөрийн зан чанартай. Тэдний нуугдмал авьяас, бие хүний онцлогийг таньж, хөгжүүлэх нь багш хүний ур чадвар юм. 

Peak.mn сайт энэ удаад хүүхдийг сургах арга зүйн талаар “Төгсдэлгэрэх” дунд сургуулийн бага ангийн багш Х.Алтантуяатай ярилцлаа. 

ХҮҮХДИЙГ ӨӨРИЙНХ НЬ ХУРДААР УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Бага насны хүүхэдтэй ажиллана гэдэг тийм ч амархан ажил биш. Хэрэв суурийг нь буруу тавибал хүүхэд насан туршдаа хичээл хийх дургүй, идэвх зүтгэлгүй болно. Тиймээс сургах арга зүй гэдэг багш хүнээс маш нарийн мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хүүхэд бүрийн хүлээж авах чадвар, гүйцэтгэлийн хурд өөр. Тэдний үзэл бодол ч өөр шүү дээ. Гэрийн даалгавраа маш гоё чамбай хийчхээд гарч тоглоно доо гэж бодох хүүхэд байхад, “За би жаахан амарч тоглож байгаад хичээлээ хийе” гэж бодох ч сурагч бий. Хүүхдийн юу бодож байгааг бид нар таашгүй шүү дээ. 

Гэтэл зарим багш сурагчаа тогтсон нэг стандартад нийцүүлэх гээд байдаг сул талтай. “Чи сайн сурах ёстой, чи түүн шиг байх ёстой” гэх мэтээр сурах хүсэл тэмүүллийг нь унтраадаг. Тийм байж болохгүй ээ.  Залуу багш нар заах арга эвээ олохгүй эцэг эхчүүдэд буруугаар ойлгогдож, өөрөө ч хүнд байдалд орох тохиолдол бий.  

Заах арга зүй гэдэг онолын мэдлэгээр олж авдаг, тогтсон зүйл биш юм. Урт хугацаанд хуримтлуулсан туршлагаас багш хүн заах арга барилаа олдог. 

Өөрт оногдсон 30 хүүхдээ л судал. Би яаж ажилламаар байна вэ? Хэрхэн хичээлээ ойлгуулах вэ? гээд аливааг шийдэх гарцыг эрэлхийлж, тархиа ажиллуулах хэрэгтэй. Ингэж байж л хүүхэд бүрийг сургах арга барилыг эзэмшиж, давс хужрыг нь тааруулдаг болно шүү дээ.  Иймд бусадтай харьцуулахаас илүүтэй хүүхдийг өөрийнх нь хурдаар урагшлуулах нь чухал гэж боддог. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

СУРГАХ ЁСТОЙ БОЛГОХООС ДҮН ТАВЬЖ ДҮГНЭХ НЬ МИНИЙ АЖИЛ БИШ

Би хүүхдийг “Чи яг түүн шиг бодлогоо бод” гэж шаардах ёсгүй. Онц сурдаг хүүхдийг өдөр бүр магтаад байвал уйдчихна шүү дээ. Харин нөгөө талд хичээгээд өөрөө хийж чадахгүй, арга эвээ олохгүй байгаа хүүхдийг дэмнэж, урагшлуулах хэрэгтэй.

Хичээлдээ тааруухан хүүхэд ганцхан тоог зөв хасаж нэмээд, хуваачихад л “Хөөх яасан мундаг юм бэ” гээд би шууд онц тавьчихдаг. Тэр хүн нэг илэрхийлэл, нэг тэгшитгэлийг бие даагаад бодож чадаагүй шүү дээ, гэхдээ тэр хамаагүй. Ганцхан алхмыг зөв хийсэнд нь урамшуулж ахиад цаашаа ахиулах нь л миний зорилго. Ингэж байж сурах хүсэл нь унтарчихсан хүүхдэд жаахан ч гэсэн итгэл өгч, хичээх хүсэл эрмэлзлийг нь бадрааж чадна.  

Тэрнээс биш чи сайн, чи муу гэж дүгнэх эрх надад байхгүй. 

ХҮҮХДИЙГ УРАМШУУЛЖ СУРАХ СЭДЭЛ ТӨРҮҮЛЭЭД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ

Сайн зүйл маш хурдан “халдварладаг”. Хүүхэд жаахан зөв хандлага гаргахад л би аль болох магтаж, урам өгөхийг хичээдэг. 

Хичээл дээр үлгэрийн ном уншиж байхад миний олж хараагүй өнцгийг гаргаад ирэхэд л, “Ямар мундаг, гярхай юм бэ. Багш нь энэ талаас нь бодоогүй юм байна шүү дээ” гээд л магтчихдаг. Ингэхээр бусад хүүхэд ч гэсэн зохиол уншихдаа хүний сайн сайхан чанарыг илэрхийлсэн дүр, үйл явдлыг  эрэлхийлээд л байдаг. 

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРОХООС ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙГ НЬ БЭЛДЭХ ЧУХАЛ

Эцэг эх, асран хамгаалагчид сургуульд орох гэж буй хүүхдээ материаллаг эд юмсаар л дутаачихгүй юм сан гэж боддог. Үнэтэй цүнх, гутал, формын хувцас л аваад өгчихвөл сайн сурах юм шиг төсөөлдөг. Чанартай хувцас, хэрэгсэл авч өгнө гэдэг зөв л дөө. Хүн хүүхдээ сайн сайхан явуулалгүй яах вэ. Хүүхэд ч аав ээжийнхээ авч өгснийг харж баясаж, хэсэгхэн хугацаанд гайхуулна. Тэгээд л мартчихдаг. 

Үүнээс илүүтэй сэтгэл зүйг нь л бэлдэж чадвал сургуульд орсны дараа хүндрэл бэрхшээлтэй бага тулгарна. 

Эрх дураараа тоглож наадаж байсан хүүхдийг гэв гэнэтхэн сургуульд оруулна гэхээр дарамттай санагддаг. Анхаарлаа төвлөрүүл, бусдадаа битгий саад бол, хичээлээ хий гээд гэнэт их үүрэг хариуцлага хүлээлгэчихдэг. Ингэхээр хүүхдэд зовлонтой, ядаргаатай байдаг. Тиймээс эхлээд сэтгэл зүйг нь л бэлд.

 “Том болж байгаа шүү миний охин, миний хүү” гээд онгироогоод байх хэрэгтэй. Ингэж байгаа нь цаад утгаараа хүүхдэд "чамд хариуцлага ирж байгаа шүү, чи үүрэгтэй шүү, асуудлыг даван туулна шүү" гэдэг зүйлийг л сануулж байна гэсэн үг юм. 

Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.