Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?

Бидний хувьд маргааш (Аравдугаар сарын 11) чухал өдөр. Учир нь иргэд төлөөллөө удирдах түвшинд илгээж, шийдвэр гаргах хүнээ сонгох ИТХ (Иргэдийн төлөөлөгчдийн хурал)-ын сонгууль болох гэж байна. ИТХ-ын төлөөлөгчид бол таны амьдрах орчныг тав тухтай байлгах, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх чухал шийдвэрүүдийг гаргадаг хүмүүс тул няхуур хандаж, сонголтоо хийхийг зөвлөе. 

Маргааш сонголтоо хийхэд тань дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү нийтлэлийг хүргэж байна. Та саналаа өгөхдөө дараах зүйлсийг харгалзан үзээрэй.

#1.Итгэл үнэмшил, үнэт зүйлдээ тулгуурла

Сонгох гэж буй хүний тань итгэл үнэмшил, үнэт зүйл юу вэ? Таны үзэл бодол, эрхэмлэдэг зүйлтэй тохирч байна уу? гэдгийг хамгийн түрүүнд судалж мэдээрэй. Сонголтоо хийхэд тань хамгийн их нөлөө үзүүлэх шалгуур үзүүлэлт бол энэ юм. Хариулт олно гэдэг амаргүй байж болох юм. Гэхдээ ирэх дөрвөн жилд өмнөөс тань шийдвэр гаргах гэж буй хүнийг судлах нь таны үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаарай.  

#2. Улс төрийн талаарх байр суурийг нь лавшруулж, мөрийн хөтөлбөртэй нь танилц


Саналаа өгөх гэж буй хүнийхээ улс төрийн талаарх ойлголт, мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудтай танилцаарай. Цаашлаад хэрхэн  амлалтуудаа хэрэгжүүлж, ажил хэрэг болгож чадахыг нь лавшруулаарай. 

Тухайлбал, "Ядуурлыг бууруулна" гэсэн ерөнхий зорилтыг дэвшүүлсэн байя гэж бодъё. Тэгвэл ядуурлыг бууруулахад чиглэсэн ямар арга замуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна вэ? Эдгээр  нь үр дүнтэй, хэрэгжиж болохуйц төсөл хөтөлбөр эсэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй.   

#3.Хэр шударга хүн бэ гэдгийг нь таньж мэд

Хувь хүнийх нь зан чанарыг ажигла. Хэр шударга хүн бэ гэдгийг нь таньж мэд. Дан ганц "Би шударга хүн" гэдэг үгээр өөрийгөө тодорхойлох нь хангалтгүй. Шударга байх гэдэг нь тухайн хүний хувьд ямар байхыг хэлэх вэ? Тодорхойлж хэлж чадаж байна уу? гэдгийг нь гярхай ажиглаарай. Үүнээс гадна ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байж чадах уу үгүй гэдэг нь чухал асуудал.

 #4. Сонгуулийн сурталчилгааны үйл явцад нь дүгнэлт хий


Сонгуулийн сурталчилгааны явцыг нь ажиглаж, компанит ажлаа хэрхэн явуулж байсныг санаарай. Хамгийн чухал нь уур амьсгал нь ямар байсан бэ? Танд эерэг сэтгэгдэл төрүүлсэн үү?

#5: Товч намтартай нь танилц


Нэр дэвшигчийн товч намтартай танилц. Тухайлбал, мэргэжил, ажлын туршлага, хуримтлуулсан туршлага гэх мэт. Хэрэв нэр дэвшигч өмнө нь УИХ, ИТХ-д сонгогдож байсан бол авсан саналын тоо, хийж хэрэгжүүлсэн ажлуудтай нь танилцаарай. 

#6: Сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн санхүүжүүлж байгаа нь чухал

Энэ бол хамгийн чухал зүйл. Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааныхаа санхүүжилтийг хэрхэн босгосон бэ гэдгийг судлаарай.  Ингэснээр тэдний тууштай, шударга ажиллаж чадах эсэхийг мэдэж болно. 

Хэрэв нэр дэвшигчийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, учир битүүлэг байвал энэ нь сонгохгүй байх хамгийн том шалтгаан юм. Учир нь ямар нэг эрх мэдэлтэн, улс төрчөөс санхүүжиж байгаа бол сонгогдсоныхоо дараа таныг төлөөлөх нь юу л бол.

Эх сурвалж: Goodparty.org

Холбоотой сэдвүүд

сонгууль electionmongolia сонгохөдөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.