Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг 48 сараар сунгана

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, макро зохистой бодлогын шийдвэрээ танилцууллаа.


Энэ удаагийн хурлаар санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 48 сар хүртэл сунгах боломж бүрдүүлэх шийдвэр гаргасан байна.


Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт энэ талаар "Мөнгөний бодлогын хорооны гол шийдвэр зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэдэд хамааралтай. Тодруулбал, санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийнхээ нийт хугацааг 48 сар хүртэл сунгаж, сарын төлөлтөө бууруулах боломжтой болж байна.


Үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас олон өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүйдэл 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн.

Энэ нь олон банк, санхүүгийн байгууллагаас зэрэг зээл авсан иргэдийн өрийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Өмнө нь банк ийм нөхцөлд орсон иргэнтэй зээлийн хугацааг тохиролцож сунгах боломж хязгаарлагдмал байсан. Учир нь шинээр зээл олгоход мөрддөг өр, орлогын харьцаа болон зээлийн хугацааны хязгаарлалт нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахад мөн адил үйлчилдэг байв.


Иймээс Мөнгөний бодлогын хороо энэ асуудлыг хэлэлцэж, цалингийн, малчны, автомашины зэрэг өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд нийт хугацааг 48 сар хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ тохиолдолд тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй.


Гэхдээ зээлийн хугацаа уртсах тусам нийт төлөх мөнгөн дүн нэмэгдэх учраас энэ зохицуулалт санхүүгийн бодит хүндрэлд орж, зээлээ төлөхөд бэрхшээлтэй болсон иргэдэд зориулагдсан. Харин зээлээ хэвийн төлж байгаа иргэдийн хувьд одоогийн эргэн төлөлтийн хуваариа баримтлах нь нийт төлөх дүнгийн хувьд ашигтай" гэв.

Шийдвэрийн үндэслэл Монголбанкны мэдэгдэлд системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээр санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд байгаа бөгөөд зээлийн өсөлтийн эрч суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурсан талаар дурджээ. Мөн банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч хэрэглээний зээлийн зарим хэсэгт эрсдэл хуримтлагдсан хэвээр байгааг онцолсон байна.


Монголбанкны стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шок үүссэн тохиолдолд ч банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа аж. Энэ нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа тул банкууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах шаардлагатайг мэдэгдэлд дурджээ.


Харин өрхийн өрийн дарамт болон хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл анхаарал татаж байгаа юм. Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлагатай байгаа ч өмнө олгосон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна.


Түүнчлэн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгож буй хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байгааг онцолжээ.


2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна. Иймд санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчдийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах боломжийг нэмэгдүүлснээр өрийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзжээ.

Өмнө нь банкууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах боломжтой байсан ч цалингийн, малчны болон автомашины зээл зэрэг өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн хувьд дээрх хязгаарлалтууд мөн үйлчилдэг байв. Тиймээс санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байсан юм.


Энэ удаагийн шийдвэрээр нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар болсон байна. Харин макро, санхүүгийн орчны төлөвийг харгалзан бусад макро зохистой бодлогын арга хэрэгслийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй аж.


Мөнгөний бодлогын хороо гадаад орчны тодорхойгүй байдал болон өрхийн секторын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлт, системийн эрсдэлийн төлөвийг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.


Зээлийн хугацааг сунгах шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар сэтгүүлч тодруулахад Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Зээлийн хугацааг сунгах энэхүү шийдвэр өнөөдөр албажиж, банкуудад хүргэгдэнэ. Иргэд банкандаа хүсэлтээ гаргаснаар банкууд өөрсдийн холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ" гэлээ.

Холбоотой сэдвүүд

монгобанк монгол банк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.