Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙГ ХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ? | Peak News

ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙГ ХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?

П.Мөнгөнсор
08 сарын 10, 2026

“Олон улсын стандарт” гэсэн нэрийн цаана нийтийн итгэлийн хямрал нуугдаж байна.


2018 оны 291 дүгээр тогтоолын зохицуулалтын цоорхой ба олон улсын итгэлцлийн тогтолцоотой нийцүүлэх шаардлага



Монгол Улсад “олон улсын стандарт”, “ISO гэрчилгээ”, “баталгаажсан менежментийн тогтолцоо” гэсэн ойлголт байгууллагын нэр хүнд, өрсөлдөх чадвар, хэрэглэгчийн сонголтод улам хүчтэй нөлөөлөх болжээ.

Ялангуяа сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагууд ISO 9001, ISO 21001 зэрэг стандарт нэвтрүүлсэн, олон улсын гэрчилгээтэй гэдгээ боловсролын чанарын баталгаа болгон нийтэд сурталчлах нь нэмэгдэж байна.

Гэвч эндээс хэд хэдэн суурь асуулт гарч ирнэ.



Тухайн байгууллагын тогтолцоог хэн үнэлсэн бэ?

Үнэлгээ хийсэн байгууллага үнэхээр хараат бус байсан уу?

Гэрчилгээ олгосон байгууллага хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй юу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хууль ёсны шаардлагыг хангасан уу?

Гэрчилгээ бодит баталгаажуулалтын үр дүн юу, эсвэл зөвхөн зах зээлийн сурталчилгааны хэрэгсэл үү?


Эдгээр нь зөвхөн стандартын салбарын техникийн асуудал биш юм. Хэрэглэгчийн сонголт, хүүхдийн эрх, боловсролын чанар, зах зээлийн шударга өрсөлдөөн, улмаар төрд болон баталгаажуулалтын тогтолцоонд итгэх нийтийн итгэлтэй холбоотой асуудал юм. Энэ ойлголтыг дэс дараатай өгөх мөн хууль, тогоолынзохицуулалтын цоорхой, улмаар хүүхдийн эрх, хүний эрхийн асуудалтай холбон тайлбарлая. 



НЭГ. НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Нийтийн ашиг сонирхол гэдэг нь нэг хүн, нэг компани, нэг мэргэжлийн бүлгийн хувийн ашиг сонирхлоос давсан, нийгмийн өргөн хүрээний хүмүүсийн эрх, аюулгүй байдал, сайн сайхан байдал, шударга ёс, тогтвортой хөгжилд хамаарах нийтлэг үнэт зүйлийг хэлнэ.

Нийтийн ашиг сонирхолд дараах асуудлууд түгээмэл хамаарна:хүний амь нас, эрүүл мэнд; хүүхдийн эрх, хамгаалал; боловсролын чанар, хүртээмж; хүнсний болон бүтээгдэхүүний аюулгүй байдал; хүрээлэн байгаа орчны хамгаалал; улсын аюулгүй байдал; хэрэглэгчийн эрх; шударга өрсөлдөөн; төрийн болон мэргэжлийн тогтолцоонд итгэх нийтийн итгэл. Нийтийн ашиг сонирхолд хамаарах салбарт төр зөвхөн зах зээл өөрөө зохицуулагдахыг хүлээх боломжгүй. Учир нь мэдээллийн тэгш бус байдал, мэргэжлийн мэдлэгийн ялгаа, ашиг сонирхлын зөрчил, хяналтын сул байдлаас шалтгаалан иргэд өөрсдөө эрсдэлийг таньж, хамгаалах боломжгүй байх тохиолдол олон.

Эцэг эх “ISO гэрчилгээтэй сургууль, байгууллага” гэсэн сурталчилгаа хараад тухайн гэрчилгээний итгэмжлэлийн гинжин хэлхээ, баталгаажуулалтын байгууллагын эрх зүйн статус, аудитын хараат бус байдлыг бие даан шалгах боломж хязгаарлагдмал.

Иймээс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гол үүрэг төрд ногдоно.


ХОЁР. ҮНДСЭН ХУУЛЬ БА ТӨРИЙН ҮҮРЭГ 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй бөгөөд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж баталгаажуулсан байдаг. (Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем)

Энэ заалт нь төр зөвхөн сургууль байгуулж, тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй гэсэн үг биш.

Сурч боловсрох эрхийг бодитой хангахын тулд төр:боловсролын үйлчилгээний чанар; сургалтын орчны аюулгүй байдал; байгууллагын хариуцлага; мэдээллийн үнэн зөв байдал; эцэг эх, суралцагчийн сонголтыг төөрөгдүүлэхгүй байх нөхцөл; чанарын үнэлгээ, баталгаажуулалтын итгэлцлийг хамгаалах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл сурч боловсрох эрх гэдэг нь зөвхөн сургуульд орох боломж биш. Чанартай, аюулгүй, хууль ёсны, хариуцлагатай боловсролын үйлчилгээ авах боломж юм.



ГУРАВ. БОЛОВСРОЛ НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛ МӨН ҮҮ? 

Боловсрол бол нийтийн ашиг сонирхлын хамгийн өндөр ач холбогдолтой салбарын нэг мөн.Учир нь боловсролын үр дүн зөвхөн нэг суралцагчид нөлөөлдөггүй. Энэ нь тухайн хүүхдийн цаашдын амьдралын боломж; гэр бүлийн эдийн засаг, нийгмийн байдал; улсын хүний капитал; хөдөлмөрийн зах зээлийн чадвар; эдийн засгийн өрсөлдөх чадвар; нийгмийн тэгш байдал; иргэдийн ёс зүй, хариуцлага; улсын урт хугацааны хөгжилд шууд нөлөөлдөг.

Энгийн бараа, үйлчилгээний буруу сонголтыг дараа нь засах боломж байдаг бол харин хүүхдийн боловсролын алдагдсан хугацаа, хөгжлийн хоцрогдол, алдсан боломжийг бүрэн нөхөн сэргээхэд туйлын хүндрэлтэй. Тиймээс боловсролыг зах зээлийн жирийн үйлчилгээтэй адилтган авч үзэх боломжгүй.Боловсролын байгууллага хувийн өмчийн хэлбэртэй байсан ч үзүүлж буй үйлчилгээ нь хүүхдийн эрх, хүний хөгжил, нийтийн ирээдүйтэй холбоотой учраас нийтийн ашиг сонирхлын шинж чанараа алддаггүй.



ДӨРӨВ. БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ? 


2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн зорилт нь боловсролын зорилго, зарчим, тогтолцоо, боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино. (Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем)

Боловсролын эрх зүйн зохицуулалтын үндсэн агуулгаас харахад боловсрол нь зөвхөн хувийн гэрээний харилцаа биш юм. Төр боловсролын чанар, тэгш хүртээмж, суралцагчийн эрх, байгууллагын хариуцлагыг бодлого, хууль, стандарт, үнэлгээний тогтолцоогоор хамгаалах ёстой.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль мөн суралцагч боловсрол эзэмшихтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулдаг. Ийм байхад боловсролын байгууллагын чанарын талаар олон нийтэд өгч буй баталгаа, тэр дундаа “ISO стандарттай”, “олон улсад баталгаажсан” гэх мэдээлэл нь нийтийн эрх ашигт хамаарахгүй гэж үзэх үндэслэл сул юм.Эцэг эхийн сонголтод нөлөөлж, хүүхдийн суралцах орчин, хөгжлийн боломжийг тодорхойлж байгаа мэдээлэл өөрөө нийтийн ашиг сонирхлын шинжтэй.



ТАВ. 2018 ОНЫ 291 ДҮГЭЭР ТОГТООЛ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ВЭ? 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” болон тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журмыг баталсан.

Уг тогтоолыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.4-т заасныг үндэслэн гаргасан. Тогтоолын үндсэн зорилго нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улсын аюулгүй байдал болон нийтийн ашиг сонирхолд эрсдэл учруулж болзошгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал тохирлын баталгаанд хамруулах явдал юм.Өөрөөр хэлбэл зах зээлд байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөөс заавал баталгаажуулах биш, харин эрсдэл өндөртэй хэсгийг тусгайлан жагсааж, хяналттай байлгах зорилготой.Энэ утгаараа тогтоолын зорилго зөв.

Гэвч жагсаалтад боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны баталгаажуулалт, боловсролын үйлчилгээтэй холбоотой ISO гэрчилгээжүүлэлтийн эрсдэлийг тусгайлан авч үзээгүй. 2018 онд уг тогтоол батлагдах үед боловсролын байгууллагууд ISO гэрчилгээг өнөөгийнх шиг өргөн хүрээнд маркетинг, элсэлт, нэр хүндийн баталгаа болгон ашиглана гэсэн эрсдэлийг хангалттай тооцоогүй байж болно.

Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагуудISO стандарт нэвтрүүлсэн; олон улсын гэрчилгээтэй; чанарын удирдлагын тогтолцоотой; боловсролын байгууллагын менежментийн стандарт хангасан гэх мэдээллийг олон нийтэд сурталчилж байна.Тэгвэл эцэг эхэд чанарын баталгаа болон хүрч байгаа энэ гэрчилгээг хэн, ямар эрхтэйгээр, ямар итгэмжлэлийн хүрээнд, ямар хараат бус үнэлгээгээр олгож байгааг төрийн зохицуулалт орхигдуулж болохгүй.



ЗУРГАА. ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? 

Тохирлын үнэлгээ гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц, менежментийн тогтолцоо, хүн эсвэл байгууллага тогтоосон шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, үнэлэх үйл ажиллагаа юм.Үүнд: сорилт; лабораторийн шинжилгээ; хяналт; аудит; баталгаажуулалт; шалгалт; тохирлын мэдэгдэл зэрэг хэлбэр багтана.

Баталгаажуулалт нь тохирлын үнэлгээний нэг хэлбэр бөгөөд хараат бус гуравдагч тал тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл менежментийн тогтолцоо тодорхой стандартын шаардлагыг хангаж байгааг албан ёсоор нотолж буй үйл ажиллагаа юм.

Энд гурван өөр ойлголтыг ялгах шаардлагатай.

Нэгдүгээрт, стандарт. Зөвлөх үйлчилгээний байгууллага, эсвэл тухайн байгууллага өөрсдөө хэрэгжүүлж, стандартын шаардлага хангуулна.

Хоёрдугаарт, баталгаажуулалтын байгууллага. Байгууллага стандартыг хэрэгжүүлсэн эсэхийг аудит хийж, гэрчилгээ олгоно.

Гуравдугаарт, итгэмжлэлийн байгууллага. Баталгаажуулалтын байгууллага аудит, үнэлгээ хийх техникийн чадавх, хараат бус байдал, тогтолцоотой эсэхийг үнэлж, итгэмжилнэ.

Ингэж байж итгэлцлийн гинжин хэлхээ үүсдэг. Стандарт → хэрэгжүүлэгч байгууллага → хараат бус баталгаажуулагч → итгэмжлэлийн байгууллага → олон улсын харилцан хүлээн зөвшөөрөлт.

Энэ гинжин хэлхээний аль нэг хэсэг тасарвал гэрчилгээний үнэ цэнэ, хүлээн зөвшөөрөгдөх байдал эргэлзээтэй болно.



ДОЛОО. ISO ГЭЖ ЮУ ВЭ? 


ISO буюу International Organization for Standardization нь олон улсын стандарт боловсруулдаг хараат бус, олон улсын байгууллага юм.

ISO өөрөө сургууль, компани, байгууллагад ISO 9001, ISO 21001 зэрэг гэрчилгээ олгодоггүй.

ISO нь стандартыг л боловсруулна.Харин тухайн стандартаар олон улсын зөвлөхүүд байгууллагад зөвлөж, ард нь байгууллагыг аудит хийж гэрчилгээ олгох ажлыг тусгай баталгаажуулалтын байгууллагууд гүйцэтгэнэ. 

Та дараах асуултыг заавал тавих ёстой. Ямар стандартын гэрчилгээ вэ? Ямар баталгаажуулалтын байгууллага олгосон бэ? Тэр байгууллага ямар итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн бэ? Итгэмжлэлийн хүрээнд тухайн стандарт багтсан уу? Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүртгэл, эрх зүйн шаардлагыг хангасан уу? Гэрчилгээ хүчинтэй хэвээр үү? Аудит хийсэн байгууллага өмнө нь тухайн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үү? 

Монгол Улсад стандартын тогтолцоо олон жилийн түүхтэй бөгөөд өнөөдөр олон мянган үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2026 оны албан ёсны жагсаалтаар 6657 стандарт хүчин төгөлдөр хэрэгжиж байна. (eStandard)

Гэвч стандарт олон байх нь өөрөө чанарын баталгаа бас биш.Стандартын үнэ цэнэ нь түүнийг бодитоор хэрэгжүүлж, хараат бусаар үнэлж, хариуцлагатайгаар баталгаажуулж байгаа эсэхэд оршино.



НАЙМ. IAF ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ? 

IAF буюу International Accreditation Forum нь менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүн болон бусад чиглэлийн баталгаажуулалтын итгэмжлэлийн байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааны тогтолцоо юм.IAF-ийн үндсэн үүрэг нь дэлхийн улс орнуудын итгэмжлэлийн байгууллагуудын үнэлгээ, итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.IAF-ийн олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр буюу IAF MLA (International Accreditation Forum, Multilateral Recognition Arrangement) -д хамрагдсан итгэмжлэлийн байгууллагын хүрээнд олгогдсон баталгаажуулалтын үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болдог.“Нэг улсад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын гаргасан сертификатыг бусад гишүүн орнууд харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын гэрээ” юм.Жишээ нь:

Монголын Үндэсний итгэмжлэлийн төв нь IAF MLA-д ISO 9001:2015 (Чанарын менежментийн тогтолцоо), ISO 14001:2015 (Байгаль орчин удирдлагын тогтолцоо), ISO 22000:2018 (Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо), ISO 45001:2018 (Хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тоголцоо), ISO/IEC 27001(Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо) гэх стандартуудад гарын үсэг зурсан байдаг.

Тус төв эдгээр баталгаажуулалт хийх байгууллагыг итгэмжилнэ.

Тэр байгууллага дээрх сертификатуудыг олгоно.

Уг сертификатыг IAF MLA-ийн бүх гишүүн орнууд итгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх боломжтой.Өөрөөр хэлбэл нэг удаа итгэмжлэгдсэн бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.

Олон улсын стандартын гэрчилгээтэй байгууллагыг https://www.iafcertsearch.org/линкээр ороод итгэмжлэлийн байгууллага; баталгаажуулалтын байгууллага; итгэмжлэлийн хүрээ; тухайн стандарт; гэрчилгээний хүчинтэй байдал тус бүрийг шалгах боломжтой байдаг. 



ЕС. ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ ЮУ ХИЙДЭГ ВЭ? 

Үндэсний итгэмжлэлийн төв буюу MNAS нь Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн байгууллага ба 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс бүтээгдэхүүний болон менежментийн тогтолцооны баталгаажуулалтын тодорхой хүрээгээр IAF MLA-д гарын үсэг зурсан байдаг. Түүний гол үүрэг ньтохирлын үнэлгээний байгууллагуудыг итгэмжлэх; тэдгээрийн техникийн чадавх, хараат бус байдлыг үнэлэх; итгэмжлэлийн хүрээг тогтоох; магадлан хяналт хийх; итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; тохирлын үнэлгээний үр дүнг үндэсний болон олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Үндэсний итгэмжлэлийн төв нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” болон холбогдох дүрэм, журам, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Гэвч энд нэг бодит хүндрэл бий.

Үндэсний итгэмжлэлийн төв өөрийн итгэмжлээгүй бүх байгууллагад шууд хяналт тавих, зах зээл дээрх бүх эргэлзээтэй сертификатыг хүчингүй болгох бүрэн эрхгүй тул итгэмжлэлийн гадна үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн эрсдэл зохицуулалтын завсарт үлдэж байна. Жинхэн зоолно гэгч болдог. 

Иймээс зөвхөн итгэмжлэх чиг үүрэг хангалтгүй. Бүртгэл, мэдээллийн ил тод байдал, зах зээлийн хяналт, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх механизм, хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хамт байх шаардлагатай.



АРАВ. ХУУЛЬ БА 291 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХООРОНД ЯМАР ЦООРХОЙ ҮҮССЭН БЭ? 

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн зорилт нь бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалахад оршино. (Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем)

Тус хуулийн 13.2-т хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд заавал хамруулахаар заасан.

Харин 291 дүгээр тогтоолоор заавал тохирлын баталгаанд хамруулах тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг баталсан.

Эндээс дараах асуудал үүснэ.Хуулиар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах өргөн хүрээний зорилго тавьсан боловч тогтоолын жагсаалтад боловсролын үйлчилгээ болон боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалт тусгайлан ороогүй.

Энэ нь тогтоол хуультай шууд зөрчилдсөн гэж шууд дүгнэхээс илүүтэйгээр хуулийн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг өнөөгийн нөхцөлд бүрэн хэрэгжүүлж чадахгүй болсон зохицуулалтын цоорхой гэж үзэх үндэслэлтэй.

Хуулийн 15.5-д гадаад улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол үндэсний итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхээр заасан.

Энэ заалтын зорилго нь гадаадын итгэмжлэл нэрээр Монгол Улсад хяналтгүй үйл ажиллагаа явуулах эрсдэлийг хязгаарлах явдал.Гэвч боловсролын үйлчилгээ 291 дүгээр тогтоолын заавал баталгаажуулах жагсаалтад ороогүй нөхцөлд зарим этгээд:

“Энэ бол заавал тохирлын баталгаанд хамруулах үйлчилгээ биш”

“Нийтийн ашиг сонирхолд хамаарахгүй”

“Иймээс үндэсний бүртгэл, хяналт шаардлагагүй”гэх тайлбар хийх боломжтой болж байна.

Хуулийн 15.5 дахь бүртгэлийн шаардлага бүх тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжих, 291 дүгээр тогтоолын жагсаалттай ямар уялдаатай болох талаар нэг мөр ойлголт, хэрэгжилтийн механизм сул байвал энэ нь практикт хяналтын цоорхой үүсгэнэ.

Үүний улмаас эцэг эх, хэрэглэгчдэд “олон улсын стандартын баталгаа” болгон сурталчилж байгаа гэрчилгээ бодит байдал дээрМонгол Улсад бүртгэлгүй байгууллагаас олгогдсон; итгэмжлэлийн хүрээ нь тодорхойгүй; олон улсын харилцан хүлээн зөвшөөрөлтгүй; аудитын хараат бус байдал хангаагүй; баталгаажуулалтын мөрдөн шалгах боломжгүй байх эрсдэлтэй.



АРВАН НЭГ. ХАРААТ БУС БАЙДАЛ АЛДАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ? 

Баталгаажуулалтын тогтолцооны хамгийн чухал зарчим бол хараат бус байдал.Тухайн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж, баримт бичиг, журам, менежментийн тогтолцоог нь боловсруулсан этгээд дараа нь өөрөө аудит хийж, өөрийн хийсэн ажлыг өөрөө үнэлж, гэрчилгээ олговол ашиг сонирхлын ноцтой зөрчил үүснэ.Энэ нь сурагч өөрийнхөө шалгалтын асуултыг өөрөө зохиож, өөрөө хариулж, өөртөө дүн тавьж байгаатай адил.Ийм нөхцөлд гэрчилгээ байгаа боловч бодит баталгаа байхгүй.

Хэрэв зөвлөх, аудитор, баталгаажуулагч байгууллагын хоорондөмчлөл; удирдлага; ажилтан; гэрээ; санхүүгийн ашиг сонирхол; байнгын хамтын ажиллагаа; харилцан үйлчлүүлэгч шилжүүлэх хамаарал байвал хараат бус байдлыг зөвхөн нэр төдий хангах эрсдэлтэй.

Үүн дээр гадаадын тодорхой бус байгууллагын нэр, лого, хүлээн зөвшөөрөгдөөгүй итгэмжлэлийн тэмдэг ашиглан гэрчилгээ олговол хэрэглэгч тухайн баримт бичгийн бодит үнэ цэнийг ялгах боломжгүй болно.

Ийм үйл ажиллагаа боловсролын байгууллагад нэвтэрснээрэцэг эхийн сонголтыг төөрөгдүүлэх; хүүхдийн эрх ашигт эрсдэл учруулах; шударгаар стандарт хэрэгжүүлсэн байгууллагыг өрсөлдөөний хувьд хохироох; ISO стандартын нэр хүндийг унагах; үндэсний итгэмжлэлийн тогтолцоонд итгэх итгэлийг сулруулах; хууль ёсны болон хууль бус гэрчилгээний ялгааг арилгах аюултай.

Хариуцлагагүй баталгаажуулалт нь нэг байгууллагын дотоод асуудал биш юм.Энэ бол зах зээлийн итгэлцлийн асуудал.



АРВАН ХОЁР. ТОГТОЛЦООГ ХЭРХЭН ЗАСАХ ВЭ?


291 дүгээр тогтоолыг эрсдэлийн шинэ үнэлгээнд үндэслэн шинэчлэх 

Засгийн газар 2018 оны 291 дүгээр тогтоолын жагсаалтыг өнөөгийн зах зээлийн нөхцөл, үйлчилгээний шинэ хэлбэр, ISO гэрчилгээний хэрэглээ, хэрэглэгчийн мэдээллийн эрсдэлтэй уялдуулан дахин үнэлэх шаардлагатай.

Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн үйлчилгээ зэрэг нийтийн ашиг сонирхол өндөртэй салбарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтад тусгай шаардлага тогтоох хэрэгтэй.Энэ нь бүх сургуульд ISO стандартыг заавал болгоно гэсэн үг биш.Харин сургууль сайн дураар ISO гэрчилгээ авч, түүнийгээ чанарын баталгаа болгон нийтэд сурталчилж байгаа бол тухайн баталгаажуулалт нь итгэмжлэл, бүртгэл, хараат бус байдлын өндөр шаардлага хангасан байх ёстой гэсэн үг.

Зөвлөх үйлчилгээ ба баталгаажуулалтыг хатуу тусгаарлах

Тухайн байгууллагад стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд өөрөө болон түүнтэй өмчлөл, удирдлага, ажилтан, санхүүгийн хамааралтай байгууллага тухайн байгууллагын аудит, баталгаажуулалтыг хийхийг хориглох шаардлагатай.Зөвлөх үйлчилгээ болон баталгаажуулалтын хооронд бодит “хараат бус байдлын хана” бий болгох ёстой.Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг, холбоотой этгээдийн бүртгэл, аудитын багийн хараат бус байдлын нотолгоог заавал шаардах хэрэгтэй.

Мэргэжлийн ёс зүй, сахилга, хариуцлагын даатгалын тогтолцоо бий болгох

Стандартын зөвлөх, аудитор, баталгаажуулалтын байгууллагадISO 20700:2017 нэгдсэн холбооны мэргэжлийн ёс зүйн кодекс; нэгдсэн бүртгэл; тасралтгүй сургалт; ашиг сонирхлын зөрчлийн шаардлага; ёс зүйн хороо; сахилгын шийтгэл; эрх түдгэлзүүлэх механизм; зөрчлийн нээлттэй мэдээллийн сан; мэргэжлийн ёс зүйг хариуцлагын даатгал шаардлагатай. Гэрчилгээ буруу, төөрөгдүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй олгогдсоноос хэрэглэгчид хохирол учирвал бодит нөхөн төлбөр авах механизм байх ёстой.

Нээлттэй, шалгаж болох мэдээллийн нэгдсэн систем байгуулах

Иргэн, байгууллага бүр дараах мэдээллийг нэг цахим сангаас шалгах боломжтой байх шаардлагатайбаталгаажуулалтын байгууллагын нэр; Монгол Улсад бүртгэлтэй эсэх; ямар байгууллагаар итгэмжлэгдсэн; итгэмжлэлийн хүчинтэй хугацаа; итгэмжлэлийн нарийн хүрээ; ямар стандартын гэрчилгээ олгох эрхтэй; олгосон гэрчилгээний дугаар, хүчинтэй хугацаа; гэрчилгээ түдгэлзсэн эсвэл хүчингүй болсон эсэх; гаргасан зөрчил, авсан сахилгын арга хэмжээ; зөвлөх үйлчилгээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахууль, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх. Гэрчилгээ бүр QR кодтой, эх сурвалжаас нь шууд шалгах боломжтой байх хэрэгтэй.

Нээлттэй мэдээлэл бол зөвхөн ил тод байдлын асуудал биш. Энэ бол хэрэглэгчийн хамгаалалтын үндсэн хэрэгсэл юм.

Эцэст нь ISO стандарт Монголд хэрэггүй гэсэн асуудал огт биш.

Харин ч чанарын удирдлага, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах олон улсын стандарт шаардлагатай.Гэвч стандартын нэрийг ашиглан бодит хараат бус үнэлгээгүй, итгэмжлэлийн гинжин хэлхээ нь тодорхойгүй, бүртгэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчилгээ олгож эхэлбэл ISO стандарт өөрөө итгэлцэл бий болгох бус, төөрөгдөл бий болгох хэрэгсэл болж хувирна.

2018 оны 291 дүгээр тогтоол буюу найман жилийн өмнөх жагсаалтыг өнөөдрийн эрсдэлд тулгуурлан шинэчлэх шаардлагатай.

Хүүхдийн ирээдүйг хэн дуртай нь гэрчилгээ хэвлэж, хэн дуртай нь “олон улсын стандарт” гэж сурталчилдаг хяналтгүй зах зээлд үлдээж болохгүй.

Бид “Нэг стандарттай — Нэг Монгол” гэсэн нэрийн дор гэрчилгээний тоог нэмэх үү?

Эсвэл стандарт, аудит, итгэмжлэл, баталгаажуулалтын бодит үнэ цэнийг хамгаалах уу?

Монгол Улсад зөвхөн сертификат олгодог тогтолцоо биш,

итгэлцлийг хамгаалдаг тогтолцоо хэрэгтэй.




Буучийн Баярцэцэг Судлаач, докторант МУИС | Бизнесийн сургууль


Холбоотой сэдвүүд

iso чанарын менежмент

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.