Онолбаатарын Анужин
11 сарын 09, 2026
2023 онд шинэчлэн батлагдсан “Улс төрийн намын тухай хууль” нь улс төрийн намуудын дотоод ардчилал, ил тод байдал, жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэл авчирсан. Тус хуулиар намууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж, үр дүнгээ үнэлэн тайлагнах үүрэг хүлээсэн юм.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улс төрийн намууд жендэрийн эрх тэгш байдлын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа анх удаа тайлагнаж, цаашид сайжруулах зөвлөмжүүдийг хүлээн авсан. Энэ хүрээнд Монголын Ногоон Нам (МНН) намын дотоод бүтэц, бодлого, үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдал хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх зорилгоор жендэрийн өөрийн үнэлгээг анх удаа хийлээ. Үнэлгээнд намын гишүүд оролцож, хуулийн хэрэгжилт, бүтэц удирдлага ба оролцоо, нэр дэвшүүлэлт ба сонгууль, санхүүжилт, байгууллагын соёл ба бодлого гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үнэлгээ хийсэн байна.

Жендэрийн өөрийн үнэлгээ нь намын дүрэм, бодлого, бүтэц, удирдлага, байгууллагын соёл болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг үнэлж, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох арга хэрэгсэл байдаг.
Эмэгтэй даргатай улс төрийн намын хувьд МНН жендэрийн эрх тэгш байдлыг үнэт зүйл, бодлогын түвшинд хэрэгжүүлэх зорилтоо байгууллагынхаа үйл ажиллагаанд бодитоор тусгах алхам хийснээрээ онцлог байв.
Үнэлгээний үр дүнгээс харахад МНН-д эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжих эерэг нөхцөл бүрдэж байгаа боловч шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлэх, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, дарамтаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Энэхүү үнэлгээ нь МНН-ын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг нотолгоонд суурилан боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, намын дотоод ардчилал, тэгш боломжийг бэхжүүлэх цаашдын арга хэмжээг тодорхойлох суурь болох юм.
МНН-ын энэхүү туршлага нь улс төрийн намууд жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтээ тогтмол үнэлж, сайжруулах шаардлагатай асуудлаа тодорхойлон бодлогын өөрчлөлт хийх нь чухал болохыг харуулж байна. Жендэрийн өөрийн үнэлгээ нь зөвхөн хуулийн хэрэгжилтийг хангах төдийгүй намын институцийн хөгжил, дотоод ардчиллыг бэхжүүлэх үр дүнтэй хэрэгсэл болохыг энэхүү санаачилга нотолж байна.
Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн хамтарсан “Шийдвэр гаргах түвшинджендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.