“Монтэ Роза” сургуулийн мэдээллийн технологийн хөтөлбөр хариуцсан захирлаар Б.Тамирыг томиллоо

Монгол Улсад ёс зүйтэй, өндөр боловсролтой иргэдийг бэлтгэх зорилготойгоор 2018 онд үүсгэн байгуулагдсан “Монтэ Роза” ерөнхий боловсролын сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалтыг хөтөлбөртөө нэвтрүүлэхийн зэрэгцээ ахлах, дунд ангийн сурагчдын технологийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор “Codemy” академийг үүсгэн байгууллаа. 

Тус сургуулийн удирдлагын баг мэдээллийн технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа шилдэг боловсон хүчнүүдийн нэг болох Баярсайханы Тамирыг “Мэдээллийн технологийн сургалт” хариуцсан захирал болон тус сургуулийн дэргэдэх “Codemy” академийн гүйцэтгэх захирлаар томилон, хамтран ажиллахаар боллоо. 

Б.Тамир нь мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жил ажиллахдаа “И-баримт” , “Эмпасофт” ХХК, “Айтүүлс” ХК, “Ай Си Ти групп” ХК, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ зэрэг улсын болон хувийн хэвшил, мэргэжлийн болоод салбарын сургалтын байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, макро төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, нутагшуулахад гар бие оролцон амжилттай ажилласан туршлагатай юм. 

Б.Тамир нь МУИС-Гадаад хэл соёлын сургуулийг Хятад соёл судлаач, багш мэргэжлээр бакалаврын зэрэг, БНТУлсын Станбул-Фатих их сургуульд Улс төрийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тэргүүлэх аудитор”, IT зөвлөх юм. 

Мэдээллийн технологийн салбарт тэр дундаа ITсургалт хариуцан ажилласан олон жилийн туршлага, мэдлэг ур чадвараа тус сургуулийн сурагчдад болон “Codemy” академид суралцах сурагчдад харамгүй зориулж, дэлхийд үнэлэгдсэн шилдэг инженерүүдийг бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Сурагчдыг академик ур чадварт хөтлөх, бусдын төлөө сэтгэлтэй, өөрийгөө олсон, ёс зүйтэй, чадварлаг Монгол иргэнийг сурган, бэлтгэн хүмүүжүүлэх их үйлсэд нь “Монтэ роза” сургуулийн нийт сурагчид, эцэг эх, багш, хамт олны нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.