Сагсны багийн хамгийн залуу тамирчин О.Хулан тугчаар сонгогджээ

"Токио 2020" зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн далбаагаа гардан авлаа. 


Зуны олимпын 32 дахь удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр 43 тамирчин, 16 дугаар паралимпын наадамд спортын зургаан төрөлд есөн тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорих юм. 


Монголын багийн тугчаар жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг сонголоо. Монгол тамирчид 1968 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлснээс хойш анх удаа эмэгтэй тамирчин тэр дундаа багийн спортын төлөөлөл сонгогдсноороо онцлог болж буй. 

О.Хулан нь 1999 онд төрсөн, сагсны багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна. 

Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.

Ерөнхийлөгчөөс Төрийн далбаагаа гардан авах үеэр “3х3” сагсанбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хулан үг хэлэв. Тэрбээр: 

“Тамирчид бид бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өдөр бүр бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын наадамд өндөр амжилт гарган оролцохыг хичээн ажиллаж ирлээ. 

Тамирчид бид хувийн зохион байгуулалт, сахилга батаар сайн байж, Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тавьсан шаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос ангид байж, улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлье” гэлээ.


Ташрамд дурдахад, “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаанд “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан байна.

Холбоотой сэдвүүд

олимп маонгол тамирчид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.