Онолбаатарын Анужин
10 сарын 30, 2026
Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг Соёлз, Цэцэгт, Орч, Зараа уул, Галдастайн гол, Бичигт толгой орчмын бүсэд тал хээрийн ургамлан нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртсөнийг тогтоожээ.
Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемийн хувьд шаталтын эрчим харьцангуй сул, дунд түвшинд байсныг ажигласан хэмээн БОУАӨЯ мэдээлэв.
Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтооно. Иймд хээрийн судалгааны явцад цуглуулсан дээжид лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарын өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөг тодорхойлсны дараа түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргах юм.

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын багийнхан хүрэхэд хүндрэлтэй бүсэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулах ажлаа дуусгажээ.
БОУАӨ-ийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэгт байгаль орчин, ой, хөрс, биологийн олон янз байдал, хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажилласан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.