Цэдэнбалын Цэрэндолгор
11 сарын 11, 2026
Гэрт, сургууль дээр, автобусанд гээд дэлгэцийн хэрэглээ биднийг хаа сайгүй хүрээлжээ. Энэхүү дижиталчлалын эрин үе хүүхдийн бодож сэтгэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг анхаарсан улс орнууд шинэ үеийнхнийхээ төлөө шийдэл гаргасаар байна.
Тухайлбал Шведийн Засгийн газар хүүхдийн суурь чадварыг хөгжүүлэхийн тулд дижиталчлах хөтөлбөрөө эргэн харжээ. Мөн бага ангид унших, бичих, тооцоолох чадварыг хөгжүүлэхийн тулд дараах бодлогыг хэрэгжүүлж байна.
Дижиталчлах стратегийг цаашид үргэлжлүүлэхгүй

Тус улсын Засгийн газар боловсролын бодлогоо хэрэгжүүлэхийн тулд 2023–2027 оны үндэсний дижиталчлалын стратеги гэж гаргасан байдаг. Энэхүү бодлогоо цаашид үргэлжлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Ном уншаад сурчихсан хүүхдийн унших төдийгүй бодож эргэцүүлэх, асуудал шийдвэрлэх чадвар хөгжсөн байдаг. Харин өнөөгийн хүүхдүүд уншихгүй байна гэж тэднийг буруутгахын оронд тус улс унших сонирхлыг төрүүлэх ном бүтээлд хөрөнгө оруулж эхэлсэн аж.
Ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн унших сонирхлыг төрүүлэхийн тулд уран зохиол, танин мэдэхүйн номын хүртээмжийг эрс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулиудад ном худалдан авах төсвийг нь эрс нэмжээ. 2024 онд 176 сая кроныг ном худалдан авахад зориулж байсан бол 2025 онд 480 сая крон зарцуулсан байна.
Номын санчийн тоог нэмэгдүүлж уншихад зөвлөн чиглүүлэх болжээ

Номын санд дан ганц сайн номууд байх нь хангалтгүй гэж тус улс үзжээ. Тиймээс 2024 онд “Сургуулийн номын санг бэхжүүлэх тухай” хуулийн төслийг баталсан байна. Ингэснээр хүүхэд бүрт хүртээмжтэй номын санч, мэргэшсэн ажилтантай болох зорилт дэвшүүлжээ. Номын санч нь багштай хамтран хичээлийн сэдэвтэй уялдсан ном, эх сурвалж бэлдэж өгөх, тухайн хүүхдийн сонирхолд нийцсэн ном санал болгох аж. Мөн зохиолчтой уулзалт зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлж, номын санг өдөр бүр нээлттэй, ашиглаж болохуйц орчин байлгахад анхаарч эхэлжээ. Энэхүү ажлыг сайжруулахын тулд Швед улс жил бүр 433 сая крон буюу 158.2 тэрбум төгрөг зарцуулж байна.
Цэцэрлэгийн орчинд хичээл заахдаа дижитал хэрэгсэл ашиглахыг хоригложээ
Хичээл эхэлсэн даруйд сурагчдын гар утсыг хураах нь анхаарал төвлөрийг сайжруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс энэ оны хичээлийн жилээс эхлэн Швед даяар сургууль гар утасгүй суралцах хөтөлбөрөө эхлүүлжээ.
Тус улсын Засгийн газар цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт ч мөн өөрчлөлт оруулж, хүүхэд цэцэрлэгт заавал дижитал сургалтын хэрэгсэл ашиглах шаардлагагүй гэж үзсэн байна.
Шинэ журамд хоёр хүртэлх насны хүүхдэд зөвхөн хэвлэмэл ном, сурах бичиг, дэвтэр, цаас, харандаа, самбар, шохой, зурагт хуудас зэргийг ашиглахаар заажээ. Үүнээс дээш насны хүүхдэд дэлгэц ашиглах шаардлага гарвал маш хязгаарлагдмал, болгоомжтой хэрэглэх ёстой гэсэн шийдвэр гарч хэрэгжиж байна.
Эх сурвалж: regeringen.se
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.