Онолбаатарын Анужин
10 сарын 16, 2026
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Их эзэн хааны театрын хамтын бүтээл болох Уильм Шекспирийн зохиол Сергей Прокофьевийн хөгжим “Ромео Жүлиэт” бүжгэн жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа 11 дүгээр сарын 6, 8-нд амилуулах гэж байна.
Соёлын төв өргөөнд анх удаа тоглох гэж буй бүжгэн жүжгийн найруулагчаар Д.Дашлхагва, зураачаар С.Бат-Эрдэнэ, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, дасгалжуулагч багшаар гавьяат жүжигчин Г.Батчимэг нар ажиллах аж. Харин бүжгэн жүжгийн ноён оргил дүр болох Ромеод Д.Нацагдорж, Жүлиэтэд Б.Марал нар тоглох юм.
Хүн төрөлхтний аугаа их, ариун нандин хайрын бэлгэдэл болсон “Ромео, Жүлиэт” бүжгэн жүжиг нь хөгжим, бүжгийн хэлээр хайрын мөнхийн түүхийг өгүүлнэ. Хоёрхон зүрхний төлөөсөнд ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж, хайр үхлээс ч хүчтэй гэдгийг өгүүлэх Уильям Шекспирийн алдарт эмгэнэлт жүжиг Монголд бүжгэн жүжиг хэлбэрээр тайзнаа амилна.
“Ромео Жүлиэт” бүжгэн жүжиг нь Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн ижил нэрт эмгэнэлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн, дэлхийн балетын урлагийн ноён оргилуудын нэг юм. Энэхүү балетын хөгжмийг Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Прокофьев 1935 онд туурвисан бөгөөд түүний хамгийн шилдэг, алдартай бүтээлд тооцогддог.
Тэгвэл Сергей Прокофьевийн сэтгэл догдлуулсан хөгжим, балетмейстер Д.Дашлхагвын уран сайхны найруулга, бүжгийн хэлээр илэрхийлэх хүсэл тэмүүлэл, хагацал, мөнхийн хайрын гайхамшигт ертөнцийг хоёрхон удаа мэдрүүлэх аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.