"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024" эхэллээ

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024”-ыг Зүүн бүсийн дөрвөн аймагт зохион байгуулна. 

Тодруулбал энэ сарын  28-наас ирэх наймдугаар сарын 03-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймаг, 08 сарын 18-наас 8 сарын 24-ны өдрүүдэд Хэнтий, Говьсүмбэр аймгуудад тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран хүн амын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж буй цусны даралт ихсэх өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг цусны даралтын эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах, даралт ихсэлттэй хүн амын дунд тархины харвалт, зүрхний шигдээсийн хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх эрүүл мэндийн боловсрол, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хойш 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй юм. 

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Монгол Улсын 17 аймаг, Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 40 мянга гаруй иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, үйлчилгээний байгууллагуудыг түшиглэн цусны даралтын эрүүл мэндийн 7 булан байгуулж, цусны даралтын нотолгоонд суурилсан оношилгоо эмчилгээний менежмэнтийн чиглэлээр ажлын байрны чадавхижуулах сургалтад нийслэл орон нутгийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг  хамруулаад байна. 

Холбоотой сэдвүүд

угтэ цусны даралт ихсэлт