Т.Төгсхүслэн олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ

Сенегалын нийслэл Дакар хотноо эхэлсэн залуучуудын зуны спортын IV наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд зодоглосон Монгол Улсаа төлөөлөн барилдсан “Мон-Алтиус” ахлах сургууль, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин, Дорнод аймгийн “Талын хүчтэн” дэвжээний бөх Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ.


Түүний жинд 10 тамирчин зодоглосон бөгөөд манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж, улмаар шөвгийн наймд Замби улсын тамирчин Элиша Зимбаг нэмэлт цагт ялсан бол хагас шигшээд Т.Төгсхүслэн Хорватын Йона Зворцтой барилдаж, нэмэлт цагт тун харамсалтай ялагдсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Дүрвэгсдийн багийн тамирчин Ботай АрноЯфунгаг ялснаар хүрэл медаль зүүж, “Дакар-2026” наадамд оролцож буй Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Т.Төгсхүслэнгийн хувьд 2025 оны өсвөрийн УАШТ-ээс мөнгө, 2026 онд алтан медаль хүртэж байсан Монголын ирээдүйтэй залуу жүдочдын нэг билээ.


Одоогоос 16 жилийн өмнө буюу 2010 онд Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпоос жүдо бөхийн төрөлд О.Дөлгөөн мөнгөн медаль байсан юм. Ингэхдээ тэрбээр холимог багийн төрөлд ОХУ, Мальта, Туркменстан, Сенегал, Шинэ Зеланд, Бельги, Германы тамирчидтай нэг баг болж барилдан энэхүү амжилтын эзэн болж байв. Түүнчлэн 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон залуучуудын олимпоос хөвгүүдийн 55 кг-д Г.Тэмүүжин, охидын 52 кг-д Л.Сосорбарам нар мөнгөн медаль зүүж байв. Тэгвэл Т.Төгсхүслэн залуучуудын олимпоос медаль хүртсэн дөрөв тамирчин боллоо.


Залуучуудын олимпын жүдо бөхийн тэмцээнд нэг улсаас нэг л жүдоч оролцож буйгаараа онцлогтой бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд 93 орны 94 тамирчин зодоглож байна. Тэдний 46 нь эрэгтэй, 48 нь эмэгтэй юм. 


Холбоотой сэдвүүд

залуучууд олимп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.