“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” үзэсгэлэнг нээлээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей хамтран “Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэнг тус музейд өчигдөр нээлээ.

Уг үзэсгэлэнг Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Буддын судлалын хүрээлэнтэй хамтарсан “Цайны замаас Монголын "Шинэ Торгон зам"-ын коридор хүртэл: түүхэн тусгал ба Орос, Монгол, Хятадын орчин үеийн хамтын ажиллагаа” (2024-2026) төслийн хүрээнд зохион байгуулж буй. 

XVII-XX зууны эхэн хүртэл хоёр зуу гаруй жил хөгжсөн Цайны замын худалдаа нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын харилцаанд гүнзгий ул мөрөө үлдээсэн төдийгүй, орчин үеийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдлоо алдаагүй хэвээр байна.

Цайны замын Монгол дахь хэсэг нь өнөөгийн Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл ойролцоогоор 1150 км үргэлжилж Их Хүрээ, Маймаа хот, Хиагтын олон улсын худалдааны сүлжээ болтлоо өргөжсөн билээ. Монголчуудын эртнээс жин тээх уламжлалд суурилсан туршлага нь цайны замын худалдааны аюулгүй байдал, тээвэрлэлт, түгээлтэд идэвхтэй оролцох, зах зээлийн хөгжил хийгээд соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал суурь болж байжээ.


Их Хүрээ, Маймаа хот, Хиагтын худалдааны төвүүд нь Монголын нийгэм, соёл, хотжилт, гадаад худалдааны хөгжилд тодорхой нөлөө үзүүлж байсныг гэрчлэх гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг тус үзэсгэлэнд дэлгэжээ. 

"Чингис хаан" үндэсний музей, Үндэсний архивын газарт хадгалагдаж буй үзмэрүүд, XIX-XX зууны үед Монгол нутгаар аялсан гадаадын аялагчдын аян замын тэмдэглэлдээ хавсаргасан гэрэл зургууд, Үндэсний архивын газарт хадгалагдаж буй, цайны замын худалдаа өргөжихийн хэрээр хилийн маргаан гаргахгүй байх үүднээс 1689 оны Нэрчүүгийн гэрээг улам тодотгон 1727 онд Хаант Орос улс, Манж Чин улсын хооронд байгуулсан Буурын гэрээний хуулбарыг тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна.

Мөн түүнчлэн цуглуулагч Ц.Батсайхан, ТУЗХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор А.Пунсаг нарын хувийн цуглуулгаас цайны сурталчилгааны бичиг, тэмээн жингийн хонх, цайны хунз, шахмал цай, уур нүдүүр, цайны талхи, цайны үнэлгээний мөнгөн тэмдэгт, модон болон мөнгөн аяга, цайны шаазан, Монгол нутагт ажиллаж амьдарч байсан болон аялан явсан Хаант Орос улс, Дани, Их Британи зэрэг улсын Д.А. Клеменц, Д.В.Иванов, Кристал Брае, Бинстид, Д.Э.Ухтомский, П.А.Смелов нарын авсан зургууд гэх зэрэг Цайны замын түүхэнд холбогдох сонирхолтой үзмэрүүд тус үзэсгэлэнд багтаж байгаа талаар ШУА-ийнТүүх, угсаатнызүйнхүрээлэнгээс мэдээлэв.

Тус үзэсгэлэн  энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой сэдвүүд

үзвэр үзэсгэлэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.