Устсан ой модоо ургуулж, байгалиа тусгай хамгаалалтад авч чадсан Коста Рикагаас бид юу сурах вэ?

Ихэнх улс орон эдийн засгаа өсгөхийн тулд байгаль руугаа “дайрдаг”

Харин дараа нь ус нь бохирдож, хөрс нь доройтож, амьтан ургамал нь ховордоход эх байгалиа буцааж сэргээхийн тулд асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг бичигдээгүй дүрэм тогтжээ.

Тэгвэл Төв Америкийн Коста Рика улс үүнээс өөр зам сонгожээ. Тэд ой мод, ус, амьтан ургамал, далайн эргээ хамгаалахыг улсынхаа хөгжлийн суурь гэж үзсэн юм.

Өнөөдөр энэ улс байгальд түшиглэсэн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэргээрээ Латин Америкийн жишиг орнуудын нэг болжээ.

Коста Рика улсын нийслэл Сан Хосе

“Pura Vida” буюу байгальтайгаа зохицож амьдрах ухаан

Коста Рикачууд өдөр тутамдаа “Pura Vida” гэж мэндэлдэг. Энэ нь бол сайхан амьдрал, амар амгалан амьдралдаа яарч сандралгүй, аливаад талархаж, байгальтайгаа зохицон амьдрах арга ухаан, хандлага гэх утгатай.

Тиймдээ ч Коста Рика дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг байна. “Pura Vida” гэдэг нь аялал жуулчлалын уриа төдий биш, хүмүүсийнх нь амьдралын хэв маяг болсныг харуулна.

Коста Рикачуудийн мэндчилгээ

Ойгүй болох шахсан гашуун түүх...

Өнөөдөр Коста Рикаг Ногоон Улс гэдгээр нь дэлхий дахинаа мэднэ.

1940-өөд онд тус улсын газар нутгийн 70 гаруй хувь нь ой модтой байсан гэдэг. Гэвч мал аж ахуй, газар тариалангийн улмаас 1980-аад оны сүүл гэхэд ойн бүрхэвч нь 20-иод хувь хүртлээ буурсан гашуун түүх бий.

Тухайн үед кофе, гадил зэрэг цөөн бүтээгдэхүүнээс экспортын гол орлогоо бүрдүүлдэг Коста Рикагийн эдийн засаг тун хүндхэн нөхцөлд байв.Гадаад өрийн дарамт туйлдаа хүрсэн тэр үед ч Коста Рика улс хямралаасаа гарах гэж байгаль руугаа дайрах аргыг бус илүү ухаалаг сонголтыг хийсэн юм. 

1940-д онд Коста Рика

Тухайлбал, олон улсын байгууллага, донор орнуудтай тохирч, өрийнхөө тодорхой хэсгийг байгаль хамгаалах хөрөнгө болгож хувиргасан байна.

Жишээ нь АНУ-тай хийсэн бaйгаль солилцооны хэлцлээр 26 сая ам.долларын сан бүрдүүлж, ой, биологийн коридор, тогтвортой амьжиргааны төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглажээ.

Коста Рикагийн хамгийн чухал шийдвэрийн нэг нь ойгоо хамгаалсан газрын эзэнд урамшуулал олгох тогтолцоо бүрдүүлсэн явдал юм. Энэ хүрээнд төрөөс бодлогоор мод тарьсан, усны эхээ хамгаалсан фермер, газрын эзэнд төлбөр өгч эхэлсэн гэдэг.

Ингэснээр ой модыг огтлох биш, ургуулах нь иргэдэд орлого авчирдаг ажил болжээ.

Мөн үндэсний парк, биологийн нөөц газар, далайн хамгаалалттай бүсүүдээ нэмэгдүүлсэн. Энэ экологид ээлтэй бодлогын ачаар ой мод, ан амьтан, усны нөөцөө хамгаалаад зогсохгүй жуулчдын урсгалыг татаж чадсан билээ.

Коста Рикад л харж болох ховор амьтад.

Коста Рикагийн чамин шувуу Toucans

Байгалиа хамгаалсан газар нь тэдний аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болсон нь

Коста Рика газар нутгийнхаа 26 орчим хувийг хуурай газрын тусгай хамгаалалтад авчээ. Үүнд үндэсний парк, биологийн нөөц газар, зэрлэг амьтдын амьдрах орчин, ой мод, далайн эргийн хамгаалалттай бүсүүд багтдаг.

Энэ нь тус улсын хувьд  тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг нь ашиглахгүй үлдээсэн газар биш харин ч хамгаалж чадвал олон жил орлого, эдийн засгаа тэгэх эх үүсвэр гэдгийг харуулсан сайн туршлага болсон юм.

Коста Рикагийн  эко амралт

Коста Рика манай Архангай аймагтай ойролцоо буюу 51 мянган ам дөрвөлжин км газар нутагтай. Гэсэн ч дэлхийн биологийн олон янз байдлын 5–6 хувь нь энд бүртгэгдсэн. Манант ой, галт уул, Номхон далай болон Карибын тэнгисийн үзэсгэлэнт эргүүд, шувууд, ховор ургамал зэрэг нь Коста Рикагийн аялал жуулчлалын гол таних тэмдэг болжээ.

2023 онд гэхэд тус улсад 2.7 сая орчим жуулчин ирсний 1.6 сая нь тусгай хамгаалалттай газар нутгаар аялсан байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс зөвхөн далайн эрэгт амарч, байгаль үзэх төдий бус хамгаалсан ой, ан амьтан, галт уул, гол мөрнийг нь үзэхээр зорин ирдэг гэсэн үг.

Жуулчин үндэсний парк руу ороход зөвхөн тасалбарын орлогоор хязгаарлагдахгүй. Тэнд нутгийн иргэд хөтөч хийж, жижиг буудал, хоолны газар ажиллуулж, тээвэр хийж, гар урлал болон нутгийн бүтээгдэхүүнээ борлуулцгаана. Мэдээж сайхан инээмсэглэж эелдэг зангаар үдэхээ ч мартахгүй. Энэ бүхэн нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болно.

Нарийн тодруулбал, аялал жуулчлал нь Коста Рикагийн ДНБ-ий 8.2 хувийг бүрдүүлж, шууд болон шууд бус байдлаар нийт ажиллах хүчний 21.3 хувийг ажлын байраар хангадаг. Энэ бүхний гол суурь нь хамгаалсан байгаль гээд бодоод үз дээ.


Эко аялал жуулчлалыг соронздон татах нь

Гол онцлог нь Коста Рика жуулчны тооны араас хөөцөлддөггүй. Олон хүн нэг газарт хэт төвлөрнө гэдэг байгальдаа халгаатай нь батлагдчихсан хойно тэд энэ алдааг давтахыг хүссэнгүй. 

Тиймээс эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьсан аж. Гэхдээ зочид буудал, аялал жуулчлалын компаниуд “эко” гэсэн үг хэрэглэснээрээ байгальд ээлтэйд тооцогддоггүй. Тэд ус, эрчим хүчээ хэр хэмнэдэг, хогоо яаж ангилж боловсруулдаг, нутгийн иргэдээс бараа үйлчилгээ авдаг эсэх, байгальд ямар нөлөө үзүүлж байгаагаар нь үнэлдэг тогтолцоотой.

Тус улс 1997 оноос зочид буудал, тур операторуудад зориулсан Тогтвортой аялал жуулчлалын гэрчилгээний тогтолцоо нэвтрүүлсэн байдаг. Энэ нь аялал жуулчлалын бизнесийг байгальд ээлтэй ажиллахыг уриалаад зогсохгүй, тодорхой -шалгуураар хэмжиж эхэлсэн хэрэг юм.

Коста Рико эко зочид буудал

Тусгай хамгаалалтад авсан газрыг хэн, ямар мөнгөөр хамгаалах вэ?

Тусгай хамгаалалтад ямар ч газар нутгийг авч болно. Харин тэнд байгаль хамгаалагч ажиллах, хууль бус ан, мод бэлтгэлээс хамгаалах, амьтан ургамлаа судлах, жуулчны урсгалаа зохицуулах мөнгө байхгүй бол хамгаалалт цаасан дээр л үлдэнэ.

Коста Рика үүнийг эрт ойлгожээ.

Тус улсын тусгай хамгаалалттай газруудыг төрийн SINACбуюу Байгаль хамгааллын бүс нутгийн нэгдсэн тогтолцоо удирддаг. Харин хамгаалалтын санхүүжилтээ зөвхөн улсын төсвөөс хамааралтай орхисонгүй. Үндэсний паркийн тасалбарын орлого, ус болон шатахууны татвараас бүрдэх сан, олон улсын өрийг байгаль хамгааллын хөрөнгө болгон шилжүүлсэн хэлцэл, хувийн хэвшил болон олон улсын сангуудын хөрөнгийг хамтатган ашигладаг.

Энэ санхүүжилтийн нэг жишээ нь Costa Rica por Siempre санаачилга юм. Тус санаачилга нь тусгай хамгаалалттай газар нутгийн нэг удаагийн төсөл бус, харин хамгаалалтын байнгын зардлыг санхүүжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, ойг хамгаалах ажил төсөл дуусахад зогсохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажилладаг.

Манай улсад ч бас “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр энэ чиглэлд амжилттай ажиллаж байна. Бид тусгай хамгаалалттай газраа нэмэхээс гадна тэр газарт хэн ажиллах, нутгийн иргэд хэрхэн орлого олох, менежментийн мөнгө нь хаанаас, хэдэн жил гарах вэ гэдгийг хамт шийдэх шаардлагатай.

Учир нь тусгай хамгаалалтад авсан газар нутаг бол хашаалаад орхих газар биш. Ус, ой, ан амьтнаа хамгаалж, нутгийн иргэдээ орлоготой байлгаж, жуулчинд үнэ цэнтэй туршлага санал болгох газар юм.

Коста Рика улсын алдарт  Монтеверде үүлэн ой,Аренал галт уул

Эрчим хүчээ ч байгалиасаа авч байна

Коста Рика цахилгаан эрчим хүчнийхээ 98 орчим хувийг ус, салхи, нар, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс гаргадаг.

Тэдний хувьд энэ нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Шатахуун импортлоход гарах мөнгөө бууруулж, өөрсдөд байгаа ус, нар, салхины нөөцөө ашиглаж буй хэрэг.

Байгалийн нөөцөө ухаж зарахаас илүү, удаан хугацаанд ашиглах ухаан энд харагдана.

Салхины эрчим хүч

Монголд ч энэ боломж бий

Монголын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байна.

Бидэнд хамгаалж чадвал эцэг өвгөдөөс үлдээсэн онгон дагшин байгаль бий. Говь, тал, хангай, сүрлэг уулс, зэрлэг ан амьтан нүүдэлчин ахуй гээд дэлхийд ховор бүхэн манайд байна.Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий.

Монголчууд байгалиасаа авч ашигладаг, үлдсэнийг нь буцааж байгальдаа шингээдэг нүүдлийн соёлтой ард түмэн. Энэ уламжлалаа хамгаалж, орчин үеийн эдийн засагтай холбох нь өдгөө хамгаас чухал болоод байна.

Коста Рикагийн туршлагаас харахад байгалиа хамгаална гэдэг хөгжлөө хойш тавина гэсэн үг биш.

Харин өнөөдөр хамгаалж буй газар нутаг бүхэн маргаашийн аялал жуулчлал, орон нутгийн орлого, иргэдийн эрүүл амьдрал, улсын эдийн засгийн суурь болдог аж.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.