Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ? | Peak News

Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ?

Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ?

Байгалиа сүйтгэн байж бий болгосон эдийн засгийн өсөлт жинхэнэ хөгжил мөн гэж үү? 

Өнөөдөр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтолтой нүүр тулахдаа энэ асуултыг өөрсдөөсөө асууж эхэлж байна. Харин Гималайн нурууны өвөрт орших жижигхэн Бутан улс энэ асуултад хэдэн арван жилийн өмнөөс өөрийн бодлогоороо хариулж иржээ. Эх сурвалж:https://adventure.com/ 

Өдгөө “аз жаргалын орон”, “ногоон хөгжлийн жишиг” хэмээн дэлхийд танигдсан тус улсын нууцыг олон улс судалж байна.

Тэдний нууц тун энгийн. Бутанчууд хөгжлийг зөвхөн зам, барилга, уул уурхай эсвэл ДНБ-ий өсөлтөөр хэмжээгүй юм. Тэд байгальтайгаа хэрхэн зохицон амьдарч буйг, иргэд нь хэр амар тайван байгааг, үр хүүхэддээ ямар эх орон үлдээж байна вэ гэдгээ хөгжлийнхөө хэмжүүр болгожээ.

Бутан ба Монгол буюу биднийг ижилсүүлдэг зүйлүүдЭх сурвалж: https://adventure.com/

Бутан улс газар нутгийн хэмжээгээрээ Сэлэнгэ аймагтай ойролцоо буюу 38 мянган ам дөрвөлжин км нутагтай. Хэдийгээр Монголоос алс хол орших ч тэдэнд бидэнтэй ижил төстэй олон зүйл бий. Хоёулаа далайд гарцгүй, дэлхийд ховордож буй унаган байгаль, нүүдэлчдийн болон буддын шашны соёл, өв уламжлалтай. Байгалиа хамгаалах, дээдлэх уламжлалт сэтгэлгээгээрээ ч бидэнтэй адилхан. Гагцхүү ялгаа нь, Бутанчууд энэхүү уламжлалаа улсынхаа хөгжлийн үндсэн бодлогоо болгож чадсанд оршино.

Үндсэн хуулиар хамгаалагдсан ойн сантай улс бол Бутан

Бутан улс Үндсэн хуульдаа нийт газар нутгийнхаа 60-аас доошгүй хувийг ой модоор нь хадгалж үлдэх ёстой гэж хатуу заасан байдаг. Энэ нь зүгээр нэг цаасан дээрх тунхаг биш бөгөөд өнөөдөр ойн сан нь 70 гаруй хувьд хүрчээ. Энэхүү ойн сан нь тэдний усны эх үүсвэр, зэрлэг амьтдын гэр, нүүрстөрөгчийг шингээгч аварга шүүлтүүр болдог аж.

Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн асуудлаас болж толгой өвдөж байхад, Бутан улс ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийнээсээ хавьгүй ихийг байгалийн экосистемээрээ шингээдэг дэлхийн цорын ганц улс болсон байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийг биологийн олон янз байдалтай хослуулсан туршлагаГэрэл зургийг Мөнхжин

Эх сурвалж: pexels.com/
Бутан улсын газар нутгийн 51 гаруй хувь нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд багтдаг. Үүнд байгалийн цогцолбор газар, дархан цаазат газраас гадна зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх боломжийг хангасан "биологийн коридорууд" багтдаг нь гайхалтай. Өөрөөр хэлбэл зэрлэг амьтдын бэлчээр нутагтай нь цогцоор нь хамгаалж чадсан сайн туршлагатай. Олон зууны турш байгалиасаа хамааралтай амьдарч ирсэн нутгийн иргэдэд энэ шийдвэр хүнд тусах эрсдэлтэй байв. Төрөөс үүн дээр ухаалаг зохицуулалт хийснээр бутанчууд аялал жуулчлалын хөтөч хийх, орон нутгийн бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангаж, байгаль хамгааллын үр шимийг хүртэн амьдарч буй.

Нийтийн аялал жуулчлалаас татгалзаж, "Үнэ цэнтэй жуулчин"-ийг эрхэмлэх нь

Бутанчууд үй олон жуулчин хүлээн авч, байгалиа талхлуулах замаар мөнгө олохыг урьтал болгоогүй. Харин байгальд ээлтэй, үнэ цэнтэй жуулчныг татах бодлого баримталдаг. 

Бутан Улс “Тогтвортой хөгжлийн хураамж”-ийг анх 1991 онд нэвтрүүлж гадаадын жуулчдаас аялал жуулчлалын бүх үйлчилгээг багтсан нэг хоногийн 65 ам.долларын хураамж авч эхэлжээ. Харин 2023 оноос эхлэн гадаадын жуулчдаас авах тогвортой хөгжлийн хураамжийг хоногийн 100 ам.долларын болгон нэмэгдүүлжээ. Энэхүү хураамж нь байгаль хамгаалал, нийтийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах зэрэг тогтвортой хөгжлийн чиглэлд зарцуулагддаг байна.

Монгол улс ч унаган байгаль, нүүдэлчин соёлоороо жуулчдыг татдаг. Гэхдээ бид аялал жуулчлалын амжилтыг ирсэн хүний тоогоор хэмжих үү, эсвэл үлдээж буй үнэ цэнээр нь хэмжих үү гэдэг дээр Бутанаас суралцах зүйл их бий.


Төслийн санхүүжилт дуусахад байгаль хамгаалал зогсох ёсгүй

Эх сурвалж: theworldpursuit.com/
Хөгжиж буй орнуудын хувьд байгаль хамгааллын ажлууд ойролцоогоор 3–5 жилийн хугацаатай төслийн болон донорын санхүүжилтээс хамаарах нь түгээмэл. 

Төсөл дуусахад санхүүжилт тасарч, эхлүүлсэн ажил зогсох эрсдэл тулгардаг. Тэгвэл Бутан Улс төслийн санхүүжилтээс үл хамааран байгаль хамгааллын ажил тасралтгүй үргэлжлэх хоёр чухал байгаль хамгааллын санхүүжилтийн механизмыг хөгжүүлжээ. Эхнийх нь, 1991 онд байгуулагдсан  Бутаны Байгаль хамгааллын итгэлцлийн сан (Bhutan Trust Fund) буюу  байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн анхны итгэлцлийн сан юм. Тус байгууллага нь дотоодын болон олон улсын, олон төрлийн эх үүсвэрээс санхүүжилтүүдийг татан төвлөрүүлж, зөв менежментээр өсгөж, тус улсын байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хотуудыг бий болгоход чиглэсэн томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байна. 

Дараагийнх нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн “Bhutan for Life” Project Finance for Permanence буюу байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн загварт суурилсан хөтөлбөр аж. Уг хөтөлбөр нь 14 жилийн хугацаанд нийт 118 сая ам.долларын санхүүжилтийн багцаар  Бутаны тусгай хамгаалалттай газар нутаг болон биологийн коридоруудын сүлжээг урт хугацаанд тогтвортой хамгаалах, орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжиж буй.


Монголын хөрсөнд буусан Бутан загвар: “Өнө мөнхийн Монгол”

Бутан болон бусад орны туршлагад суурилсан маш чухал алхам Монголд аль хэдийнэ хэрэгжиж эхэлсэн. Энэ бол 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр юм. Нийт 198 сая ам.долларын санхүүжилтийн бүтэцтэй, 15 жилийн хугацаатай энэхүү хөтөлбөр нь Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, менежментийг сайжруулах, хамгийн гол нь нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих үндсэн зорилготой.Мөн монгол орны газар нутгийг хамгаалаад зогсохгүй ард иргэдийн тогтвортой амьжиргааг бий болгохын сацуу уламжлалт өв соёл, мэдлэгийн үнэ цэнийг эрхэмлэн ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд туслах юм.

Эцэст нь хэлэхэд Бутанаас сурах зүйл олон байна. Байгалиа хамгаална гэдэг өөрөө хөгжлийн нэг хэлбэр аж. Монгол ч бас аялал жуулчлалаа тоогоор биш, үнэ цэнээр нь хэмжиж эхлэх талаар эргэн нэг харах цаг иржээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.