П.Мөнгөнсор
11 сарын 27, 2026
Сүүлийн арав гаруй жил хөөмийн урлагт сэтгэлээ өгч, Монголын язгуур урлаг, үндэсний хөгжмийг шимтэн судалж яваа энэ залууг Фроди Фрэнсмэн гэдэг. Нидерланд улсын иргэн тэрбээр хөөмийн аялгуу анх эгшиглэсэн тэр л уул ус, унаган байгаль дунд нь ирж суралцахаар Монгол орныг хоёронтоо зорин иржээ.
Бид түүнтэй хөгжим аялгуу, түүгээр хөглөгдөх хүний нандин мэдрэмжүүд, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой оршихуйн утга учир хийгээд эрх чөлөөний тухай яриа дэлгэлээ.
- Анх хөөмийг хэзээ, хаана сонсож байв, юунд нь тэгж их татагдсан бэ?
-Хөөмийн эгшгийг бүр хүүхэд байхдаа анх сонсож байлаа. 6 настай байхад ээжтэйгээ хамт Амстердамын төвөөр зугаалж яваад Монголоос ирсэн чуулга тоглож байхтай таарсан. “Алтай хайрхан” чуулга аялан тоглолтоор явж байсан юм билээ.
Тэнд л анх хөөмий, морин хуур, бусад хөгжмийн зэмсгүүд хоорондоо хоршин нийлж, хачин сайхан ая тоглож байхыг сонссон.
Тэр мөч хүүхэд насны минь мартагдашгүй, яг л ид шидийн гэмээр дурсамж болж үлдсэн дээ.
Мэдээж тухайн үедээ ямар хүмүүс, юуны тухай дуулж хуурдаад байгааг ойлгоогүй ч их хүчтэй сэтгэгдэл үлдээсэн.
Харин хөөмийг өөрөө зорьж, дурлан сурч эхэлсэн нь дунд сургуулиа дүүргээд оюутан болох гэж байсан цаг мөч юм уу даа. Түүнээс хойш 10-аад жил өнгөрсөн байна.

- Хөөмийд дурлаж, шимтэн сонсох нэг хэрэг. Харин бүрэн дүүрэн суръя гэж Монголд ирнэ гэдэг өөр хэрэг шүү. Ийм шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ?
- Тэр ч үнэн шүү. Хэдийгээр надад хөөмийн нарийн техник заадаг багш байсан ч нэг л зүйл дутуу санагдаад болдоггүй байсан.
Нидерланд бол хөөмий үүссэн нутаг биш шүү дээ. Энэ мэдрэмж үргэлж байсан учраас их сургуулиа төгсөөд хөөмийн аялгууг төрсөн нутагт нь, уул ус, тал хээрийнх нь дунд өөрийн биеэр мэдэрч, суралцъя гэж шийдээд 2024 онд анх Монголд ирж байлаа.
Хөөмий гэдэг бол байгаль дэлхий, уул ус, амьтдын гаргадаг бүхий л дуу авиаг дуурайлган илэрхийлдэг урлаг. Тиймээс зүгээр нэг техник талаас нь бус, жинхэнэ утгаар нь сэтгэл зүрхээрээ мэдэрч сурахын тулд Монголын уулс, тал хээр, нүүдэлчин ахуйн дунд байх ёстой юм билээ.
Монголд ирж байж л би энэ урлагийн бүтэн утга учрыг ойлгож, өөрийгөө сая нэг бүрэн бүтэн болсон мэт мэдэрсэн.
- Яг хөөмийлж байхад оюун бодолд тань ямар дүр зураг буудаг вэ?
- Оюун санаа минь тэр чигтээ чөлөөлөгдөж байх шиг санагддаг. Хөөмийндөө уусан нэгдээд, Монголын уудам тал нутгаар эрх дураараа гүйж яваа мэт нэг тийм сайхан мэдрэмж төрдөг. Мэдээж дуулж буй дуу, гаргаж буй авианыхаа утга санаанаас шалтгаалаад өөр өөр дүрслэл буух нь ч бий.
Ер нь хөгжим гэдэг үнэхээр гайхамшигтай эд. Хөгжим хүнийг зүрх сэтгэлээ нээж, өвөг дээдэстэйгээ холбогдох боломж өгдөг. Тэр ч утгаараа хөгжим биднийг байгаль дэлхийтэйгээ, бие биетэйгээ үл үзэгдэх нандин утсаар холбож өгдөг шиг санагддаг.
- Та товшуур бас тоглодог байх аа?
-Тийм ээ, товшуур, ихэл хуур тоглодог. Анх хөөмийтэйгөө хослуулж товшуур тоглож сурсан. Харин одоо морин хуур сурах хүсэл бий. Амархан сурчихдаг ч эд биш байна лээ.
-Монголчууд бид өөрсдөө өв соёл, язгуур урлагаа хайрлаж чадахгүй байхад гаднын хүн ирээд сурах гэж хичээгээд явж байна гэхээр сонин эсрэгцэл шүү. Анх Монголд ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Мэдээж өсөж төрсөн орчноос минь тэс өөр соёл, ахуй амьдрал, хүн зон угтсан.
Хотын төвөөсөө 100 хүрэхгүй км-ийн цаана л нүүдэлчин ахуй амьдрал зэрэгцэн оршиж байгаа нь их содон.
Манай Европт, тэр дундаа Нидерландад хүмүүс бүх зүйлийг урьдчилан бодож, төлөвлөж, тодорхой дүрэм журамд баригдаж амьдардаг. Мэдээж эмх цэгцтэй байхын давуу тал байлгүй яахав. Гэхдээ зөвхөн үүндээ л анхаарсаар байгаад хүн байхын нэг чухал мөн чанараа алдчихсан юм шиг санагддаг.
Харин Монголд хот суурин нь орчин үеийн болж, амьдрах хэв маяг нь өөрчлөгдөж байгаа ч дүрэм журам, тогтсон хэв маягт баригдалгүй илүү чөлөөтэй орших тэр нандин мөн чанар нь одоо ч хадгалагдаж байдаг шиг санагдсан.
Хөдөө очоод машинаас буугаад эргэн тойрноо хараад зогсоход л сэтгэл шууд уужирдаг. Сэтгэлийг зовоож байсан үй олон бодол агаарт шингэн замхарч, оюун санаа цэгцрээд явчихдаг. Би дэлхийн олон орноор аялсан ч өөр хаанаас ч ийм мэдрэмж авч байгаагүй.
Уудам хязгааргүй тал нутаг, бүх зүйл хоорондоо алс хол, ямар ч хаалт хязгааргүй саруулхан орших нь хүнд үнэхээр хүчтэй мэдрэмж төрүүлдэг юм билээ.
Жинхэнэ эрх чөлөөг мэдэрье гэвэл Монголын хөдөөг л зорих хэрэгтэй.
- Монголын байгальтай хэр танилцаж амжив, хэдэн аймгаар явав?
-Нэлээд хэдэн аймгаар аялсан шүү. Хамгийн холдоо Баян-Өлгий орж, тэндээс ихэл хуураа худалдаж авсан. Мөн хойшоо Хөвсгөл нуур, Сэлэнгийн хилийн сумдаар ч явж үзлээ. Монголын үзэсгэлэнт байгалийн тухай уншиж, төсөөлөх нэг хэрэг. Харин өөрийн биеэр очиж, тэр агаар салхийг нь амьсгалж мэдрэх нь огт өөр зүйл юм билээ.
Гаднын хүний өнцгөөс харахад, байгаль дэлхийтэйгээ ийм гүн сүнслэг холбоотой амьдрах, ийм эртний хөгжмийн уламжлалтай байх нь манай барууны соёлд их ховор зүйл.
Тиймээс энэ ахуй дунд орж, өөрийн биеэр мэдэрч үзэх нь миний хувьд үнэлж баршгүй туршлага байлаа.
Монголчууд маань ч бас өөрсдөдөө байгаа энэ гайхамшигтай өв соёл, байгальтайгаа холбогдсон үнэ цэнээ дахин нэг мэдэрч, хайрлаасай гэж хүсдэг. Учир нь энэ бүхэн хүний амьдралд асар их гоо сайхан, утга учир нэмж чадна шүү дээ.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.