Б.Баясгалан
11 сарын 18, 2020
Үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрөөс өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй гэсэн юм.
Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газар өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх , Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн саналын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өрх бүрт нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санал нь нийт 900 тэрбум төгрөг шаардагдана. Коронавирусийн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг нэмж 100 мянган төгрөг болгох, бусад тэтгэвэр тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэх, хүнсний талон зэргийг хоёр дахин нэмэгдүүлэн олгож байна. Үүнийгээ үргэлжлүүлэн олгоно.
Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээтэй харьцуулж үзэхээр зөвхөн хүүхдийн 100 мянган төгрөгийг бүтэн жил олгосноор нэг хүүхэдтэй өрх жилд нэг сая 200 мянган төгрөг, 5 хүүхэдтэй айл жилд 6 сая төгрөг авахаар байна. Тэгэхээр уг хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн санал болгосон хөтөлбөртэй харьцуулахаар Засгийн газраас хэрэгжүүлж буй нь илүү учир цаашид үргэлжлүүлнэ гэж үзсэн.
Ерөнхийлөгчийн бас нэг санал нь ипотекийн зээлийг 6 сараар хойшлуулах юм. Энэ талаар Ерөнхий сайд сая маш тодорхой мэдээлсэн. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой зөвлөлдөөд дээрх хугацааг 7 дугаар сарын нэгэн хүртэл хойшлууллаа.
Мөн Ерөнхийлөгч банк, ББСБ-ын зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг 6-аас доошгүй хугацаагаар хойшлуул гэсэн. Үүнийг мөн 7 дугаар сарын нэгэн хүртэл сунгасан.
Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн. Бид нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээг өнгөрсөн 3 дугаар сараас хойш авч хэрэгжүүлж байгаа. Одоо тодорхой хувиар багасгасан байгаа. Үнэндээ улсын төсөв ч бас коронавируст нэрвэгдэж байгаа. Айл өрх, аж ахуй нэрвэгдэж байна. Улсын төсөв ч мөн адил. Тэгэхээр бид төсвөө давхар бодож явах ёстойг иргэд ойлгож байгаа гэж бодож байна.
Мөн Ерөнхийлөгчийн саналд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүл гэсэн байгаа. Энэ дагуу худалдааны төв, үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах чиглэлээр байр талбай түрээслэсэн албан татвар төлөгчийн түрээсийн төлбөрөөр нь түрээслэгчийнх нь орлогыг хасаж тооцох хуулийн санаачлагыг УИХ-д оруулж, батлуулахаар ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн ирүүлсэн зургаан саналаас их, бага хэмжээгээс таван санал нь Засгийн газрын хөтөлбөрт тусгагдаад явж байгаа" хэмээлээ.
Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад хүргүүлсэн цар тахлын үед хэрэгжүүлэх 6 санал:
