Х.Оргил
07 сарын 12, 2020
Хол явж барилдаагүй Сумын заан
Хот орж зодоглоогүй Сумын заан
Армийн гурван жил Хил дээр зогсож
“Аз дутаж” “Алдарт” ороогүй
Сумын заан
Ардын их баяр наадмаар аваргуудыг
“Араажаваар” цоллоход
Өөрийгөө цоллосон юм шиг баярладаг
Гуяа алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн юм шиг
Эрэлд явж
“Эр бор харцага”-ыг
Тэрлэгээ гандтал
Хээр дуулж,
Морь шинжиж
Өссөн, бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо, сурсан
Ганц мэхээ
Хориогүй хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс
Залууг
Зартайгаас
Зааныг ч давдаг!
Ганц тэр мэх нь
Гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл бардам зан,
Хүүхнүүдийн харц
Дуртай нь ч бас
Дунгуйлдаж хаячихаад,
“Манаатай хө” гэж алга болчихоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Дээш арсаж зодогловол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөдөө өгсөж барилдвал
Өвгөд нь үгүйлэх
Сумын заан.
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
адуу дэллэж,
Сураг тавьж
эрэлд явж
Сумандаа л барилдаж
Дандаа биш ч түрүүлж
Даага хөтөлсөн
Сумын заан.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.187.170] ・ 2021.02.05 Хариулах
хөрш сумын хөрстэй хүрэн цөстэй хүргэр эрийг хүсэл бардам зан хүүхнүүдийн харц засуултай нь ч бас дунгуйлдаж хаячихаад манаатай хө гэж адуундаа яараад маргааш нь ч ирээгүй сумын заан
Зочин [66.181.187.170] ・ 2021.02.05 Хариулах
манаатай хө гэж адуундаа яараад маргааш нь ч ирээгүй сумын заан
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь