Хүүхэд автомашины арааг мулталж, өнхрөх замд нь цонхоороо үсэрчээ

Х.Оргил
06 сарын 29, 2018

Замын цагдаагийн газраас улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаар танилцуулъя.  

Даваа гариг буюу энэ сарын 25-наас 29-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1102 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 759 дуудлага ирсэн байна. Эдгээрээс ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 37 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 9 нь бага насны хүүхэд байжээ. Мөн орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна. 

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Товчооны замд T.Mark 2 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 5 настай эрэгтэй М нь автомашинаас унаж гэмтсэн. Тухайн үед М нь автомашинд ганцаараа сууж байхдаа автомашины арааг хөдөлгөж мулталснаас автомашин өнхрөх үед автомашинаас үсэрсэн байна.
  2. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Улаан тээг гэх газар шороон замд 17 настай У жолоочтой ИЖ-10 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч У-н амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 23 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн ба дээрх тоон үзүүлэлтүүдийг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 3,9 хувиар, гэмтсэн хүний тоо 16,2 хувиар, хүүхэд өртсөн осол 2 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 15 хувиар тус тус буурсан байна. 


Холбоотой сэдвүүд

зам зам тээврийн осол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.