Наалдан үлдсэн шүлсээр нь 5700 настай модны бохийг зажилж байсан хүний дүр төрхийг сэргээжээ

Peak.mn
12 сарын 19, 2019

МОСКВА. /RIA Novosti/. Хус модны давирхайгаар хийсэн эртний "бохины" дээжээс эрдэмтэд неолит буюу чулуун зэвсгийн үеийн охины дүр төрхийг сэргээж, юу идэж байсныг олж мэджээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна.

Данийн эрдэмтэд тус улсын өмнөд нутгийн Лоллан арлаас олдсон 5700 настай давирхайнд хадгалдагдан үлдсэн шүлснээс эртний хүний генийн бүтэн дарааллыг тогтоож, үр дүнд нь давирхайг зажилж байсан хүн ямар харагддаг байсан, өмнө нь юу идсэн, аманд нь ямар нян байсныг тогтоож чаджээ.



Энэ “бохийг” зажилж байсан хүн бараан өнгийн үстэй, бараан арьстай, цэнхэр нүдтэй охин байсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Генетикийн хувьд охин Скандинавын оршин суугчдаас илүүтэйгээр Европын анчин-цуглуулагчидтай илүү ойр байсан байна.

Эрдэмтдийн Лола гэж нэрлэсэн охин ургамал, амьтны махны аль алиныг иддэг байжээ. "Бохь" дээр түүний сүүлд идсэн хоолны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байна.  Охин “бохь” зажлахаасаа өмнө ойн самар, зэрлэг нугасны мах идсэн байжээ.

“Энэ нь эртний хүний генетикийн мэдээллийг яс эсвэл шүднээс тайлаагүй анхны тохиолдол юм” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Ханна Шредер ярьсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бохь лола

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.