Э.Мөнхтуяа
02 сарын 22, 2019
Санкт Петербург хотын нэгэн эмэгтэй өөрийнх нь хийсэн бүтээл Гиннес ном буюу дэлхийн рекордод орох эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хоёр жилийг зарцуулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зураг түүний бүтээл олонд танигдахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Валериа Лошакийн дэлхийн рекордыг тогтоох эрмэлзэл 2016 онд эхэлжээ.
Тэрээр Санкт Петербургийн ойролцоох жуулчны тосгонд авар,га том эсгий гутал хийн, үзэсгэлэнд тавьсан байна. Уг гутал хэмжээгээрээ ОХУ-д хамгийн томд тооцогдсон ч дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх нь санаснаас нь илүү хүндрэлтэй байжээ. Тэрээр дэлхийн “хамгийн том өвлийн гутал” гэсэн төрөлд хүсэлтээ явуулсан ч түтгэлзсэн хариу авчээ. Гиннесийн Дэлхийн амжилтыг бүртгэдэг хүмүүс “эсгий гутал байдаг эсэхийг ч мэддэггүй байсан” гэж Валериа Оросын хэвлэлд мэдээлжээ.
Тэрээр "Тус бүртгэлийн комис миний гутлыг оймс гэж үзсэн. Тиймээс оймс биш гутал гэдгийг нотлох шаардлага тулгарсан. Нотлохын тулд ОХУ-ын эсгий гутлын үйлдвэрлэлийн тухай стандарт, дээжийн чанарын гэрчилгээ, болон хэрхэн хийдэг талаарх тайлбар түүхэн баримт зэргийг цуглуулах хэрэгтэй болсон" гэжээ.
Түүний явуулсан баримт дунд байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путины хос эсгий гутал өмссөн зураг шийдвэрлэх баримт болсон хэмээн тэрээр хошигнон ярьжээ.
Эцэст нь түүний гутлыг оймс биш гутал болохыг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд хүлээн зөвшөөрсөн тухай Валериа инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна.
Дэлхийн хамгийн том эсгий гутал ямар хэмжээтэй вэ?
Энэ нь 3.02м (9 фут 11 инч) өндөртэй, 2.53 метр урттай, дээд хэсгийн тойрог нь 4.86 метр хэмжээтэй аж. Валери үүнийг хийхэд 400 кг ноос ашигласан байна.
Эх сурвалж: https://www.rt.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.