Х.Оргил
06 сарын 10, 2019
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарт зарлиг гардууллаа.
Зарлиг гардуулахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дараах зарлигуудыг шүүгч нарт уншиж сонордууллаа.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Будын Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянгийн Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн, Цэрэнчимэдийн Амаргэрэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрвээгийн Ариунболдыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай.
Хавсралт:
Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарт үнэмлэхийг нь гардуулан өгч, үг хэллээ.
Эрхэм шүүгчид ээ.
Юуны өмнө Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх эрхэм, хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Та бүхэн хариуцлагатай цаг мөчид шүүгчээр томилогдож байгаагаа гүнээ ухамсарлах ёстой. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарч, шүүх авлигад хамгийн ихээр өртсөн байгууллагаар нэрлэгдэх болсны улмаас шинэчлэх, өөрчлөхөөс аргагүйд хүрсэн билээ. Та бүхэн ард түмний сүүлчийн итгэл найдварыг тээж байгаагаа ухамсарлан хуулинд захирагдаж, зөвхөн хуулийг мөрдөж чин шударгаар ажиллах ёстой.
Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг хэлбэрэлтгүй сахиж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох; шударга ёсыг бэхжүүлэх; хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ голч, цэгц шударга байж гэмт хэрэг, зөрчлийг үнэн зөв шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх шүүхийн эрхэм зорилгыг алхам бүртээ санаж яваарай гэж захья.
Нийгэм олон нийт та бүхнийг өндөр албан тушаалтнуудын өдүүлсэн хээл хахууль, төрийн албан тушаалыг хувийн зорилгодоо ашигласан, орд газар болон албан тушаал наймаалцсан, төсвийн хөрөнгөөр их хэмжээний хэрэгцээгүй зүйл шахсан зэрэг шийдэгдэж өгдөггүй дуулиант хэргүүдийг хараат бусаар эцэслэн шийдвэрлэж чадах эсэхийг томилогдсон мөчөөс чинь эхлэн хөндлөнгөөс харж, шаардах болно.
Эрүүдэн шүүлт, сэжигтнүүдтэй хэрцгий, хүнлэг бусаар харьцсан тухай мэдээлэл тархаж, нийгэмд шүүмжлэл өрнөж буй энэ цаг үед та бүхэн ажилдаа няхуур хандаж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг байнга шалгаж байх шаардлага бас тулгарч байгаа юм.
Эрүү шүүлтээс ангид байх иргэдийн эрхийг хангах асуудал өнөөдрийн тулгамдсан асуудал болжээ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг манай улс дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Шүүх засаглалын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгох учиртай Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд:
Та бүхэн цэгц шударгаар ажиллаж, шүүхийн нэр төрийг өндөрт өргөж байж ардчиллын тулгуур болсон Шүүх засаглалын хараат бус байдлыг хангаж, иргэдийн дэмжлэгийг татах болно.
Нөгөө талаар шүүх засаглал руу улстөржсөн хэлбэрээр дайрч, “шүүхийн шийдвэр эцсийнх байна” хэмээх шударга шүүхийн тулгуур ойлголтуудыг эвдэх, бусниулахаар чармайж байгаа оролдлогуудыг Та бүхний зөв, шударга шийдвэрүүд л тас цохих болно. Гэмт хэрэгтэн хариуцлагаас мултарч болохгүй, хэн нэгнийг хилсээр шийтгэж болохгүй, хэрэг хүлээлгэхдээ эрүү шүүлт, тулган хүлээлгэлт, доромжлох дарамтлах асуудал гаргуулж болохгүй гэсэн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлчихбэл шүүхийн нэр төр, иргэдийн итгэл сэргэх нь дамжиггүй гэж би бодож байна.
Эрхэм шүүгчдээ хичээн ажиллагтун, хуулиа мөрдөгтүн.
Та бүхэнд амжилт ерөөе» гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.