Гаднын улс орнууд оюуны өмчийн маргааныг хэрхэн шийддэг вэ?

Сүүлийн үед уран бүтээлчдийн дунд бүтээлийн эзэмших эрх, оюуны өмчийн маргаан гарах боллоо.

Кино продакшн, хошин урлагийнхан бусдын зохиолыг зөвшөөрөлгүйгээр авч ашиглах, хөгжмийн зохиолчдын ая дууг өөрсдийн хэв маягт оруулан дур зоргоороо өөрчлөн дуулдаг нь Монголын кино урлагийн салбарт ч түгээмэл ажиглагддаг.

Гэвч энэ нь зохиогчийн эрх, Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. 

Цахим орчинд маргаан дагуулаад буй “Хулан хонгор” дууны асуудал ч үүний тод жишээ. Тодруулбал, ардын дууч Д.Бурмаа, СТА, дуучин Э.Мөнгөнчимэг нарын дуулсан хувилбарыг олон нийт харьцуулж, улмаар хоёр дуучин маань уран бүтээлээ “булаацалдсан” нь олны нүдэнд илхэн тусав. Хуулиараа уран бүтээлээ хэнээр дуулуулах нь зохиогчийн мэдэх шийдвэр. 

Дээрх асуудалтай зэрэгцэн “Хувьсал” продакшны найм дахь уран бүтээл болох “Хувь заяа” УСК-ны дуу маргаан дагуулж эхлэв. 

Учир юу гэвэл Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн дуулсан “Хүмүүний нэгэн урсгал” уран бүтээлийг өөрт нь мэдэгдэлгүйгээр дахин дүрсжүүлж, цацсанд дуучин болоод олон нийт дургүйцэж байгаа юм.

Харин кино студийн зүгээс дууны зохиогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр дахин дүрсжүүлэн, СТА, дуучин Х.Мөнгөнцэцэгт санал тавьж дуулуулсан гэжээ.

Энэ мэт кино урлагийнхны дунд үе үе талцал үүсдэг ч хуулийн хүрээнд шийдэгдсэн зүйлгүй, нийгмийг талцуулаад л дуусдаг жишиг тогтжээ. Тиймээс тус сэдэвтэй холбогдуулж бусад орны уран бүтээлчдийн хооронд үүссэн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байсныг жишээгээр хүргэе.

         ГАНЦХАН НОТ “ЗЭЭЛЭХ” НЬ Ч ХУЛГАЙД ТООЦОГДОНО

2008 онд  дуучин Кэти Перри зохиогчийн эрх зөрчсөн хэмээн буруутгагдаж, шүүхэд дуудагдаж байжээ. Тодруулбал, реппер Флэймийн  "Joyful Noise” гэх нэртэй дууны аяас 8 ширхэг нотыг авч дуундаа ашигласан нь дуучин бүсгүйг шүүхэд дуудагдах үндэслэл болжээ. Улмаар шүүх Флэймийн хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүхээс дуучин бүсгүйг 2.8 сая доллароор торгох шийдвэр гаргасан юм.

Үүний дараагаар Кети Пери болон түүний продакшн давж  заалдах шатны шүүхэд хандсанаар торгуулийн ялаас мултарчээ. Учир нь хуулбарласан гэх хэсэг нь өвөрмөц, содон ая, нот биш бөгөөд шүүгч уг асуудлыг дуу хөгжимд зонхилдог нийтлэг элемент гэж үзсэн байна.  

ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙН УЛМААС НЭГ Ч ЦОМОГ ХУДАЛДААЛАХ ЭРХГҮЙ БОЛОВ

Рэппэр Биз Марки зохиогчийн эрхийн маргаанд холбогдож улмаар 250 мянган ам.долларын нөхөн төлбөр төлж байжээ.

Дуучны цомогт багтсан “Alone again” дуу хөгжмийн зохиолч Гилберт О’Салливаны 1972 онд гарч байсан “Alone аgain” дууны хэсгээс санаа авсан нь тогтоогдсон байна. Улмаар дуу бичлэгийн студи зохиогчоос зөвшөөрөл авахаар холбогдсон ч О’Салливан дургүйцжээ. Гэвч реппер зохиогчийн эрхийн зөрчлийг үл ойшоон дуугаа олон нийтэд цацсан нь ийнхүү шуугиан тарьсан хэрэг.

Үүнтэй холбоотойгоор дуучин болон түүний продакшн төдийгүй дуу бичлэгийн студи “Warner Bros” ч шүүхийн хаалга татахад хүрсэн байна.

Шүүхээр дуучныг 250,000 ам.доллароор торгож, мөн түүний ‘I Need A Haircut’ цомгийг олон нийтэд худалдаалахыг хориглож байжээ.

 МАШ БАГА ӨӨРЧЛӨЛТ Ч ШҮҮХЭД ДУУДАГДАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

Зөвхөн дуу, дүрс бичлэг гэлтгүй гэрэл зураг, “стрийт арт”-тай холбоотой зохиогчийн эрхийн маргаан хүртэл асуудал үүсгэдэг.

Энэ дундаас олны анхаарлыг хамгийн их татсан нь АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн  сонгуулийн компанит ажлын зурагт хуудас юм. “Найдвар” гэх нэртэй тус зургийг 2006 онд гэрэл зурагчин Мэнни Гарсиа авчээ.

Харин гэрэл зургийг “Стрийт арт” урлагийг хөгжүүлэгч Шепард Фэйри граффити байдлаар дахин зурж, Обамагийн сонгуулийн ажлын бэлгэ тэмдэг болж байв.

Гэвч 2009 онд Ассошиэйтед Пресс агентлаг (AP) граффити зургийг дижитал хэлбэрт шилжүүлж, илүү уран сайхны хэлбэрт оруулан, зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь Шепард Фэйриг шүүхэд гомдол гаргахад хүргэжээ.

Шүүх энэхүү маргааныг авч хэлэлцсэн ч Фэйри нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон байна. Улмаар хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хүндрэл учруулж, эцэстээ хоёр тал хоорондоо тохиролцохоос аргагүйд хүрчээ.

“PHOTOGRAPH” ДУУ ЭЗНЭЭ 20 САЯ ДОЛЛАРЫН ТӨЛБӨРТ УНАГААХ ШАХСАН НЬ

Английн алдарт дуучин, ая зохиогч Эд Ширан (Ed Sheeran)-ий “Photograph” дуу зохиогчийн эрхийн маргаан дагуулж байжээ. Учир нь Их Британы ая зохиогч Леонард болон Харрингтон нарын зохиосон “Amazing” дуутай ая болон шүлгийн хувьд төстэй гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан аж. Улмаар алдарт дуучин 20 сая ам.долларын нөхөн төлбөрт унах эрсдэл үүсжээ.

Харин уг асуудал дээр Эд Ширан оюуны өмчид хамаарах маргаан биш гэсэн тайлбар хийсэн аж. Үүний дараа 2017 онд талууд  шүүхээс гадуур тохиролцсоны үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Энэхүү маргаан нь ижил төстэй уран бүтээл зохиогчийн эрхийн асуудал дагуулах эрсдэлтэйг ойлгуулсан үйл явдал болсон юм.

Дээрх бүх тохиолдолд алдартнууд уран бүтээлийн эзэмших эрхийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх, эсвэл хоорондоо тохиролцох байдлаар шийдсэн байна. Харин монголын хувьд урлагийн салбарт үүсдэг маргаан шийдэлгүй шахам хэвээрээ. Уран бүтээлчид нь ч өөрсдөө зохиогчийн эрхийн  мэдлэг, мэдээлэлгүйгээр харанхуй хандсаар зөвхөн нийгмийн сүлжэээнд ярианы сэдэв төдий болж мартагдан үлдсээр байна.

Нэг талдаа олон нийт бус холбогдох мэргэжилтнүүд асуудлыг гаргаж тавьж, дуу хоолойгоо хүргэх орон зай энэ салбарт дутагдаж байгаа юм. Нөгөө талаас энэ салбарыг хариуцдаг Соёлын яам ёс суртахууныг эрхэмлэдэг, оюуны өмчийг дээдэлдэг боловсон хүчин бэлтгэхэд бодлогоор анхаарах шаардлага үүсээд байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.