Б.Баясгалан
05 сарын 06, 2020
“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр боллоо. Уг киноны нээлтэд урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцов.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Бурхан багшийн Их дүйчэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийг УИХ баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номд шамдан, мод тарьдаг, ядарч зовсон нэгэндээ тус хүргэдэг, сайн сайхан, буяны үйл хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна. Оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэмд уг хууль болон энэхүү кино үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээлээ.
МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд гарч буй уг киног албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргахад тусалж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, МҮОНТ-ийн хамт олон болон бүхий л хүмүүст талархаж буйгаа илэрхийлж, нийгмийн соён гэгээрлийн тусын тулд хийж буй ажил гэдгийг онцоллоо.
Мөн “Бурхан багш” олон ангит кино нь Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулагдан олны хүртээл болж байгааг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх тодотголоо.
“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн Нэгдүгээр сувгаар гарах юм байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа "Бурхан багшийн тухай олон ангит киног Монголын ард түмэндээ толилуулах хүсэл маань биеллээ. Энэтхэгт хийсэн олон ангит энэ киноны албан ёсны эрхийг авах, орчуулах зэрэг ажилд Хамба лам Д.Чойжамц, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Энэтхэгийн Элчин сайд М.Сингх нар хамтран ажилласанд талархаж байна" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.170.82.39] ・ 2020.06.02 Хариулах
Үзээд маш их баярлаж байна. Монгол тв-ийн хандалт ч маш их өссөн байна лээ
Зочин [103.26.195.207] ・ 2020.05.10 Хариулах
"Оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэм" д юу ч хийхгүй худлаа хийрхэж яваа хүмүүсийн манлайд Занданшатар өөрөө яваа. Энэ кино сайхан уран бүтээл гэвч занданшатарын бүтээл биш. Харин Занданшатар түмэн олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ бусдын хийсэн дээр нэрээ нааж биш, өөрийн тархиар сэтгэж, гараараа хийж, бусдыгаа үлгэрлэж лидер шиг байхыг хүсэх байна. Өнөөдөр лойдор шиг л байна шүү.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь