Хаягдал хоол хүнсийг хэрхэн шинэ бүтээгдэхүүн болгон “хувиргах” вэ?

Газарт булагдаж буй хог хаягдлын дийлэнх хувийг дэлгүүрийн лангуунд зарагдаагүй үлдсэн хоол хүнсний хаягдал эзэлдэг. Тухайлбал, дэлхий даяар жил бүр 1.3 тэрбум тонн хоол хүнс хөрсөнд шингэдэг талаар НҮБ мэдээлжээ. Эдгээр нь метан хий ялгаруулахаас гадна хөрс болон агаарын бохирдол үүсгэх үндсэн шалтгаан болж судлаачдын толгойны өвчин болсоор байна.

Судалгаагаар дэлхий дээрх хүлэмжийн хийн ялгарлын 8 орчим хувийг хаягдал хүнсний бүтээгдэхүүн үүсгэдэг аж. Энэ нь агаарын тээврийн салбарын ялгаруулж буй метанаас 3 дахин их үзүүлэлт юм.

Тиймээс хүнс үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, гарааны бизнес эрхлэгчид хаягдал хоол хүнсээс шим тэжээлтэй, өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн гарган авахаар ажиллаж байна.

Тухайлбал, АНУ-д гурилан бүтээгдэхүүн, нарийн боов үйлдвэрлэгч компаниуд шар айраг боловсруулахад ашигладаг үр тарианы хаягдлаар талх, гоймон үйлдвэрлэж эхэлжээ. Мөн кофены шаарыг ашиглан гурил, спирт төдийгүй мөн илчлэг сайтай, тэжээллэг нэмэлт хоол хүнсийг ч гарган авч байна.

Үүнээс гадна кокосоор тараг, жимс, ногооны хальсаар хатаасан зууш, жүүс зэргийг үйлдвэрлэж буй.

Хоол хүнсний хог хаягдлыг бууруулах чиглэлээр хөгжингүй улс орнууд хувьдаа зорилт тавьж байгаа юм. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс \АНУ\2030 он гэхэд дээрх төрлийн хаягдлыг хоёр дахин бууруулах зорилт тавьжээ. Тус улсын хувьд тарьж ургуулдаг хүнсний ногооныхоо 40 орчим хувийг ашиглаж чадахгүй хаядаг байна.

Тиймээс олон улсын байгууллагууд хаягдал хүнсийг дахин боловсруулахаас илүүтэй дахин ашиглах нь илүү үр дүнтэй шийдэл гэсэн санал дэвшүүлжээ.

Ингэснээр байгальд ялгарч буй метаны хэмжээг бууруулж, улмаар хүн төрөлхтний санааг зовоож буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах ач холбогдолтой юм. Мөн дэлхийн хүн амын өсөлттэй холбоотой, хүнсний нийлүүлэлтэд ирж буй дарамтыг багасгах талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.