КОМЕДИАН БААМА: Бусдыг инээлгэж, үнэнийг нь хэлснийхээ төлөө буцаад доромжлуулж, гадуурхагддаг нийгмээ би ойлгодоггүй

Нийгмийн харилцаанд түгээмэл зөрчигддөг хүний эрхтэй холбоотой асуудлыг хөнддөг “Би нэг удаа” контентынхоо шинэхэн дугаарт комедиан Баама буюу Б.Баярмааг урьсан юм. Энэ удаагийн дугаарт эрэгтэй эмэгтэй хүнд тавигддаг “Double standard”-ийн талаар онцлон  ярилаа.

Эрэгтэй хүн ярьвал инээдэг, эмэгтэй хүн ярьвал доромжилдог байж болох уу?

Би нэг удаа такси барих гээд зогсож байтал скүүтертэй залуу хажууд ирж зогссоноо, “Хаа хүрэх юм” гэж асуулаа. Би инээгээд “Скүүтертэй хүргэлээ юу” гэсэн чинь, харж байснаа “Манай уурхайд ирж комеди хийж байсан “Чи Баама байна тийм ээ” гэснээ “Тэгвэл чамайг хүргэж өгөхгүй ээ” гээд яваад өгсөн. Ярьсан зүйлд минь их л өширхсөн юм шиг байна лээ.

Би стэнд ап комеди хийгээд хоёр жил болж байна. Монголд голдуу эрчүүд л энэ ажлыг хийдэг. Тиймээс бараг эрчүүдийн урлаг гэж ойлгогдохоор хөгжижээ. Цөөхөн хэдэн эмэгтэй комедианууд хүйсээр ялгараврлах асуудалтай нүүр тулдаг.

Үзэгчид эрэгтэй, эмэгтэй хүний яриаг өөрөөр хүлээж авдаг нь нууц биш. Уг нь агуулгын хувьд төстэй байсан ч эмэгтэй комедиануудыг л чичилж, үг хэлээр доромжилдог.

Та ч бас анзаарч байсан болов уу. Эрэгтэй комедианууд нас, бие хаа, царай зүс гээд эмэгтэйчүүдийг олон янзаар л элдэвлэж, инээдэм наргиан болгож ярьдаг шүү дээ. Тэр ярианд эмэгтэйчүүд эмзэглэж, хүндээр тусгаж авдаггүй. 

Тиймээс “Би ч гэсэн эрчүүдийг ингэж егөөдөж ярьж болох юм байна” гэсэн бодол төрсөн.  Нэг удаа урилгаар уурхайд очоод “Би та нарыг булчин шөрмөс нь зангирсан, нүцгэн цээжин дээрээ мөрөвчтэй өмдтэй залуучууд байдаг юм байх гэж бодсон чинь, говийн борууд л юм байна шүү дээ” гээд хэлчихсэн. Тухайн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаас хойш би нийгмийн сүлжээнд утгаараа дайрч доромжлуулсан юм.


Бичлэг үзэх: 

Хүмүүсийн сэтгэгдлийг уншаад уйлж байлаа

Ер нь л манайд эмэгтэй хүн комеди хийвэл маш их хараалгадаг нь нууц биш. Би ярьсан зүйлээсээ янз бүрийн байдалд орж байлаа.

Анх алдарт эхийн одонг шүүмжилж яриад олон хүнээр доромжлуулж билээ.

Би гурван хүүхэдтэй ээж хүн. Нэг өдөр хоёр ихрийгээ хүүхдийн тэргэн дээр суулгаад живх авах гээд гэрээсээ гарсан юм. Гараад л эвдэрсэн энхэл донхол замаар хүүхдээ ч тэргэнд нь түрж явах замгүйг хараад үнэндээ бухимдсан.

Үүнээс л санаа аваад “Ээжүүдэд төмөр өгч байхаар тэрэгтэй хүүхдээ түрээд “Номин” орох зам тавиад өг” гэсэн комеди хийсэн хэрэг. Тэр бичлэгийн дор олон хүн хараалын үг урсгаж, доромжилсон. Тэр олон сэтгэгдлийг унших маш хүнд санагдсан.

“Яагаад ингэж гутаан доромжилж байгаа юм бол, үнэнийг л хэлсэн шүү дээ” гэж бодохоор л нулимс урсаад байсан.

Тэр үед том охин маань ирээд “Та яасан бэ, зүгээр үү ээж ээ” гэхээр нь тайлбарлахад “Ээж ээ, буруу зүйлийн өөдөөс хэн нэгэн нь дуугарах ёстой биз дээ гэж хэлсэн юм. Охиныхоо хэлсэн үгнээс маш их хүч авч, тайвширсан. Нээрээ л хэн нэгэн дуугарах ёстой шүү дээ. Яагаад тэр хүн нь би байж болохгүй гэж? гэдэг бодол төрсөн. Гэхдээ нэг хэсэгтээ маш хэцүү байсан.

Намайг хүн ажлаа буруу хийгээд байна гэвэл би шүүмжлэлийг хүлээж авна. “Чиний ярьж байгаа зүйл инээдтэй биш байна” гэвэл би ойлгоно. Харин яагаад инээдэм наргиа болгож хэлсэн үгнээс болоод шууд “Янхан” гэж бичиж, хэлдгийг би ойлгодоггүй.

Эцэст нь хэлэхэд, эрэгтэй эмэгтэй хүн яг ижил зүйлийг, нэг тайзнаас, нэг стандартаар хийж болдог шүү. Харин хүйсээр ялгаж, эмэгтэйчүүдийг л доролжилдог бол хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Иймээс хүний эрхийг хүндэтгээрэй, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ соёлтой байгаарай.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.