Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой | Peak News

Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой

Газрын доройтлыг бууруулж, доройтсон бэлчээрийг хамгаалах ажлаа хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах боломж нэмэгдэнэ

Монгол Улс цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулснаар олон улсын санхүүжилт татах боломжтой. Гэхдээ хийсэн ажлынхаа үр дүнг хэмжиж, тайлагнаж, нотлох чадвар чадамж хамгийн чухал болж байгааг COP17-ын үеэр онцлон ярьж байв.

Японд төвтэй Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнгийн судлаач М.Тэмүүлэнтэй COP17 хурлын үеэр ярилцлаа.

– Монголын хувьд газрын доройтол, бэлчээрийн асуудлыг уур амьсгалын санхүүжилттэй холбох боломж бий юу?

– Боломж бий. Жишээ нь, бэлчээр, газрын доройтлоос болж хүлэмжийн хий хэр хэмжээгээр ялгарч, хөрсний хүлэмжийн хий шингээх чадвар хэрхэн буурч байгааг тооцох хэрэгтэй. Үүнийг бууруулж, засахын тулд ямар арга хэмжээ авч, яг юу хийхээ тодорхой болгож чадвал уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд чиглэсэн олон улсын санхүүжилтэд хамрагдах боломж нээгдэнэ.

Манайд асуудал байгаа нь тодорхой. Гэхдээ бэлчээр, газрын доройтлоос үүссэн хүлэмжийн хийн хэмжээг бодитоор тооцож, хийсэн ажлынхаа үр дүнг хэмжиж, тайлагнаж, нотолж чадахгүй байгаа нь хүндрэл болдог. Үүнээс болж олон улсын төсөл, санхүүжилттэй холбогдох боломжоо алдаж байна.

– Өөрөөр хэлбэл, асуудлаа тодорхойлоод зогсохгүй үр дүнгээ хэмжиж чаддаг байх ёстой гэсэн үг үү?

– Тийм. Бид карбон кредитийн талаар их ярьдаг. Гэхдээ карбон кредит бий болгохын тулд эхлээд бууруулсан хүлэмжийн хийн хэмжээгээ тооцох аргачлал, үр дүнгээ хэмжиж, тайлагнаж, нотлох системтэй байх ёстой.

Тиймээс зөвхөн уур амьсгалын чиглэлийн мэргэжилтнүүд биш, цөлжилт, бэлчээр, газрын доройтлын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс ч энэ мэдлэг, арга зүйг эзэмших хэрэгтэй.

Тэгж байж бидэнд яг ямар дата хэрэгтэй вэ, ямар ажил хийвэл бодит үр дүн гарах вэ, түүнийгээ хэрхэн төсөл, санхүүжилттэй холбох вэ гэдэг тодорхой болно.

– Тэгвэл үүний суурь болох систем, технологи маш чухал байх нь ээ?

– Тийм. MRV (Measurement, Reporting, Verification) буюу хэмжих, тайлагнах, баталгаажуулах систем маш чухал.

Газар дээрх хөрсний хэмжилт, сансрын дата, цаашлаад хиймэл оюун ухааныг хослуулж байж “Бид ийм хэмжээний хүлэмжийн хийг бууруулсан” гэдгээ тоогоор харуулж чадна.

Өргөн уудам газар нутгийг бүхэлд нь хянах боломжгүй тул шинэ, дэвшилтэт технологи ашиглах нь чухал. Тэрхүү үр дүнг хөндлөнгийн байгууллага баталгаажуулсны дараа карбон кредит болгох боломж бүрдэнэ.

– Өөрөөр хэлбэл, хэмжиж баталгаажуулсан үр дүнгээ эдийн засгийн үнэ цэнтэй болгож болно гэсэн үг үү?

– Хүлэмжийн хийн бууралтаа эхлээд хэмжинэ, тайлагнана, дараа нь баталгаажуулна. Ингэсний дараа карбон кредит бий болгох боломжтой.

– COP17 хурлын үеэр газрын доройтол, бэлчээр болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яагаад уялдуулан авч үзэх хэрэгтэй вэ?

– Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын асуудлаар НҮБ-ын гурван тусдаа конвенц бий. Улс орнууд тус бүрд нь зорилт тавьж, хийсэн ажлаа тайлагнадаг.

2026 онд гурван конвенцын Талуудын бага хурал болно. UNCCD-ийн COP17 Монголд боллоо. Харин CBD-ийн COP17 Арменид, UNFCCC-ийн COP31 Туркт болно.

Гэтэл ялангуяа хөгжиж буй орнуудад дата, мэргэжилтэн, санхүүгийн нөөц хязгаартай. Нэг улс гурван чиглэлээр тус тусдаа ажиллаад байх боломж муу гэсэн үг.

Тиймээс эдгээр ажлыг хооронд нь илүү сайн уялдуулах хэрэгтэй. Нэгэнт мөнгө, хүн хүч хязгаартай учраас байгаа нөөцөө аль болох үр дүнтэй ашиглах шаардлагатай. Энэ асуудлаар COP17-ын үеэр өндөр түвшний уулзалт болсон.

– Тэгэхээр Монгол Улсын хувьд дараагийн хамгийн чухал алхам юу вэ?

– Газрын доройтлыг сэргээхэд санхүүжилт хэрэгтэй гэж ярихаас гадна энэ гурван конвенцын хүрээнд бодлогын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй.

Улсын болон орон нутгийн түвшинд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хянах нь чухал.

Мөн хийсэн ажлынхаа үр дүнг хэмжиж, баталгаажуулж чаддаг болох хэрэгтэй. Ингэж чадвал олон улсын санхүүжилттэй холбогдох боломж улам нэмэгдэнэ.

– Танай байгууллага Монголоос гадна хэдэн улсад ийм чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг вэ?

– Хамтарсан кредит олгох механизм, карбон кредитийн хүрээнд 30 гаруй улстай хамтран ажилладаг. Ихэнх нь Ази, Африкийн хөгжиж буй орнууд.

Бид тухайн орнуудад хүлэмжийн хийг хэрхэн тооцох, үр дүнгээ яаж хэмжих, тайлагнах, шаардлагатай системээ хэрхэн бий болгох талаар сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлдэг.

– Тэдгээрээс энэ чиглэлээр харьцангуй сайн ажиллаж байгаа ямар улс байна вэ?

– Бидний харж байгаагаар Тайланд, Малайз, Индонез нэлээд сайн явж байна. Эдгээр улс энэ чиглэлээр ажиллах байгууллага, мэргэжилтнүүдийнхээ чадавхыг харьцангуй сайн бүрдүүлж чадсан.

– Манай улс эдгээр орны түвшинд хүрэхийн тулд хамгийн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ?

– Хамгийн түрүүнд хүний нөөц, мэргэжлийн чадавхаа бэхжүүлэх хэрэгтэй. Газрын доройтол, бэлчээр, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хүлэмжийн хийг тооцох, үр дүнг хэмжиж, тайлагнах аргачлалыг ойлгодог болох шаардлагатай.

Ингэж байж бидэнд ямар дата хэрэгтэй, юу хэмжих ёстой, хийсэн ажлынхаа үр дүнг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг нь тодорхой болно.

Түүнээс гадна төрийн байгууллагын ажлын залгамж халаа, ажлын байрны тогтвортой байдлыг сайжруулах хэрэгтэй. Яамны цөм бодлогын асуудал хариуцсан дарга, мэргэжилтэн, албан хаагчдыг ойр ойрхон халж, сольдог асуудал манайд их байна.

Үүнийг өөрчилж байж хүний нөөц, мэргэжлийн чадавхаа бэхжүүлэх суурь тавигдана. Ингэснээр үр дүнгээ олон улсын төсөл, санхүүжилттэй холбох боломж нэмэгдэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.