Х.Оргил
04 сарын 15, 2019
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.13-14/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн байна.
Тухайлбал:
Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох, иргэдийг “А” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.