Г.Сайнзаяа
10 сарын 09, 2019
Хэрэв та мууртай бол тэд хүнээс хавьгүй дээр амьдардгийг гадарлах байх. Тэд хивсний нар туссан хэсэгт унтаж, шинэхэн буйдан дээр тань тухлан, өдөрт хоёр удаа эрүүл хоол иддэг. Тэдэнд аяга таваг угааж, гэр цэвэрлэх ээлж гэж байхгүй.
Тэгэхээр амьдралын сайхныг хэрхэн мэдрэх тал дээр муурнаас илүү сайн зөвлөх бий гэж үү? Нэрт зохиолч Франческо Марчюлиано “Та дахиад унтах хэрэгтэй: Муурнаас илгээх зөвлөгөө” хэмээх ном гаргасан байна. Уг номд муур бяцхан гэртээ хэрхэн “хаанчилдаг” тухай энгийн хирнээ зальжин арга, ухааныг өгүүлсэн байна. Тэдний заримаас товч дурдъя.
Эрүүл харилцаанд хамт цаг өнгөрүүлэх чухал шиг, хувийн орон зай ч чухал. Хамтрагч тань өрөөнд ороод ирвэл зөрөөд гар, араас чинь дагавал зугт.
Чадах эсэх нь хамаагүй, хэрэв таны хамтрагч дуртай бол юу ч байсан хамт хий.
Хайр, нөхөрлөл, амжилт, үл харагдагч хулгана аль нь ч бай сэтгэлд чинь багтсан л бол араас нь хөө. Бусад хүн хараад “Наана чинь юу ч алга байна шүү дээ” гэж магадгүй ч зүгээр суусан хүнд хоол ирдэггүйг санаарай.
Та танилуудаа энгийн найз болон дотно найзууд гэсэн бүлэгт хуваах хэрэггүй. Эс тэгвээс танд гоморхсон нэг хэсэг, юу ч гуйхаас буцахгүй нэг хэсэг хүмүүсийн дунд амьдрах болно.
Хэрэв та хүмүүсийн нүдэнд харагдаж байвал тэд танаас тусламж хүсэх болно. Тэд таныг өдөржин хайсны эцэст үүдний хатавчин дор хэвтэж байсныг тань мэдээд эмээж, тайван орхино.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.