New York times: Монголын эрх баригчид яагаад Путинийг баривчлахгүй вэ?

Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Путин айлчилж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Эдгээрийн дийлэнх нь Монголын эрх баригчид Путинийг баривчилж чадах уу гэсэн агуулгатай байгаа юм.

Учир нь  Олон Улсын Эрүүгийн хэргийн шүүх (ICC)-ээс Путинийг дайны гэмт хэрэгтэн гэж үзсэн билээ. Монгол Улс тус байгууллагын гишүүн орны хувьд дээрх асуудалд хэрхэн хандаж буйг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна.  Үүнтэй холбоотойгоор New York times сэтгүүлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэе. 

 ОЛОН УЛСАД ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ҮҮ? УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ ЧУХАЛЧЛАХ УУ? 

Хэдийгээр монголчууд "Төв Азийн цээжин дэх ардчиллын бэлэг тэмдэг" гэж улсаа тодорхойлдог ч, геополитикийн хувьд хүндхэн нөхцөл байдалд ороод байна. 

Учир нь Путин дайны гэмт хэрэгтэн хэмээн зарлуулснаас хойш  анх удаа ICC-ийн гишүүн оронд айлчилж буй нь Монгол Улс боллоо.

ICC нь геноцид болон хүн төрөлхтний эсрэг террорист үйл ажиллагаа явуулсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг авч хэлэлцдэг Олон Улсын Эрүүгийн шүүх юм. Дэлхийн 120 гаруй улс ICC-ийн гишүүн оронд багтдаг.

Тиймээс Путиний өдүүлсэн дайны улмаас олон тооны хүүхэд орон гэргүй болж, амь үрэгдсэнийг үл тэвчин ялласан нь энэ юм. ОУ-ын Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ерөнхийлөгч Путин өнгөрсөн хугацаанд Бразил, Хятад, Өмнөд болон Хойд Африкт хийх айлчлалаа цуцалж байсан удаатай. 

Харин Монгол Улсын хувьд Путинийг найрсгаар хүлээж авч буй нь хэд хэдэн шалтгаантай. 

Тухайлбал, тус улс эрчим хүчний хувьд хөрш орнуудаасаа ихээхэн хамааралтай байдаг.  Үүнээс гадна нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог онцлогтой. 

Нүүрс, зэс, алт зэрэг уул уурхайд тулгуурласан эдийн засагтай Монгол Улсын хувьд БНХАУ-руу бүтээгдэхүүнээ экспортлоход нефт чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Эрчим хүчний сайд дотоодын хэрэгцээгээ хангаж, тогтвортой байлгах үүднээс газ болон газрын тосны экспортоо зогсоож буйгаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч нөхөрсөг харилцаатай цөөн хэдэн орон руу шатахуун нийлүүлж байсны нэгт Монгол Улс багтаж байв. 

Үүнээс үзвэл монголчууд олон улсад хүлээсэн үүргээсээ илүү улсын эрх ашгаа нэгдүгээрт тавих нь зүйн хэрэг юм. 

Харин Орос-Украйны дайн эд өрнөж буй энэ үед Монгол Улс Путиний айлчлалын дараа ямар тайлбар өгөх нь сонирхол татаж байна. 


Эх сурвалж: New York times

Холбоотой сэдвүүд

айлчлал олон улс путин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.