Б.Баясгалан
10 сарын 01, 2018
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар "Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” нийслэлийн 6 дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүү, иргэний анхан шатны шүүхүүдэд шүүгчийн ажлын ачааллыг тооцох судалгааг анх удаа хийжээ
Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа "Хот болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүүгч нарын ажлын ачаалал тэнцвэртэй биш байгаа. Шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага байгаа. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарыг томилолтоор ажиллуулж байна. Судалгааны явцад шүүгчийн ажлын ачаалалтай холбоотой нарийн тоон мэдээллүүд гарсан. Судалгааны дүнг ажил хэрэг болгож ажиллана. Шүүгчийн орон тоо дутуу байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, баруун аймгуудад давж заалдах шатны шүүх хуралдаан хийхэд бүрэлдэхүүн хүрдэггүй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн шүүгч нар томилолтоор ажиллаж байгаа” гэлээ.
"Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын хуульч, судлаач Г.Цагаанбаяр "Нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгчид 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихтэйг харуулж байна. Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхөж байна. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж байгаа бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна” гэв.
Дээрх судалгааны баг судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ
Эрүү, иргэн, захиргааны анхан шатны шүүхийн хувьд аль алинд нь ачаалал их байгааг харгалзаж, наад зах нь УИХ-аас тогтоосон шүүхийн ажиллавал зохих орон тоонд хүргэж ажиллуулах, мөн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага байна.
Судалгааны явцад шүүгч нарын зүгээс ажлын ачааллыг нэмэгдүүлж буй хүчин зүйлд шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн даргын ажлын байрны тогтвор суурьшил ба ур чадвар нөлөөлдөг гэж үзсэн. Энэ нь тухайн ажилтны цалин нийгмийн баталгаатай холбогдох учраас эдгээр ажилтны орон тоо, цалин, нийгмийн баталгааг хангахад анхаарах шаардлагатай.
Шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хэргийн оролцогч талуудаас нотлох баримт гаргаж өгөхгүй байх ажиллагаа нөлөөлж байна. Иймээс хэргийн оролцогч буюу талуудаас нотлох баримтыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөхгүй байгаа байдалд анхаарал хандуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай.
Шүүгчийн ажлын ачаалалд хэргийн оролцогч талуудаас шүүх хуралдааныг хойшлуулах байдлаар ачааллыг нэмэгдүүлж байна. Иймээс ШЕЗ-өөс тухайн асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай.
Судалгааны явцад шүүгчийн ачаалал төдийгүй, шүүхийн туслах, нарийн бичгийн ажлын ачааллын асуудал давхар хөндөгдөж буйтай холбоотойгоор ажлын ачааллын судалгааг цаашид бусад шүүхийн тамгын газрын нэгжүүд дээр хийвэл зохино.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.