“Пуужин Баяраа” тоглолтыг үзэх 6 шалтгаан

Peak.mn
09 сарын 13, 2024

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу Баярсайханы тоглолт болоход нэг хоног үлдлээ. Өнгөрсөн гуравдугаар сард тоглолтын тов зарлагдсанаас хойш олон нийтэд ихээхэн хүлээлт үүсгээд буй.

Ингээд “Пуужин Баяраа” тоглолтыг үзэх 6 шалтгааныг нэрлэе.

1.  Цомгийн бүх дуу бүрэн клипжсэн  

"ODYSSEY" цомгийн сүүлийн дуу болох “Үүлэн цоорхойн нар” уран бүтээл өнгөрсөн долоо хоногт олны хүртээл болсноор цомгийн ажил бүрэн дуусжээ. Түүний дөрөв дэх цомог нийт 9 уран бүтээлээс бүрдсэн бөгөөд бүх дуу өөрсдийн клиптэй. Уг цомог түүний  өмнөх уран бүтээлүүдээс агуулгын хувьд тэс өөр юм. Уран бүтээлч өөрийн амьдралаас сурсан зүйл, мэдэрсэн мэдрэмжээ дуугаараа илэрхийлэхийг зорьжээ. 

2.      Тоглолт тэр чигтээ амьд хөгжмөөр амьсгална

Пуужин Баяраа тоглолтыг үзэх шалтгааны нэг нь амьд хөгжмийг мэдрэх боломж юм. Үндсэн артистаас гадна зочин уран бүтээлчид бүгд өөрсдийн дууг амьдаар дуулах аж. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд чанартай тоглолт үзүүлэхийг зорьж буй учир, сар гаруйн өмнөөс зочин артистуудтай хамтран, бэлтгэлээ базааж эхэлсэн байна.

3.    Дуулагдах дууны 60 хувь нь өмнөх цомгийн дуу байх болно

Үндсэн артист болох Rokiy Bay-ын дуулах дууны 60 орчим хувьд өмнөх гурван цомгийн дуу багтсан байна. Ингэхдээ тухайн дуунуудыг шинэчилж, маш чанартай дуугаралттай, шинэ найруулгатайгаар дахин үзэгчдэд хүргэх аж.

4.      Хөгжмийн найруулагчаар Б.Наранзун ажиллана

Тоглолтын дууны найруулагчаар хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ажиллана. Тэрээр "ODYSSEY" цомгийн дууны найруулгыг хийсэн байна. Мөн Rokit Bay болон түүний гэргий, дуучин Анука нарын хамтран дуулсан “Хязгааргүй” дууны  найруулагчаар ажиллаж байжээ. Өнөөдрийн байдлаар уг дуу “Youtube” сувагт 19 сая үзэлттэй байгаа юм.

5.      Цоо шинэ тайз засалт, өвөрмөц хэв маяг

 Төв цэнгэлдэх хүрээлэнд харж байгаагүй тайзны тасал чимэглэлийг энэхүү тоглолтоос харах боломжтой.  Тоглолтын  найруулга “Адал явдал” сэдвийн хүрээнд хийгдэж буй учир одон орон, сансар огторгуйн дүр төрхтэй байх аж.

Түүнчлэн тоглолтын гэрэлтүүлэг, лед дэлгэцүүд бүгд өмнө харагдаж байгаагүй өвөрмөц шийдэл, технологийг шингээсэн байна.  Мөн бусад тоглолтуудтай харьцуулахад тайзан дээр артист болон бүжигчдэд оногдох зай талбай их байх аж. Ингэснээр үзэгчидтэйгээ илүү ойр байж боломжийг олгож буй юм.

6.      Насны хязгаарлалт 16-аас дээш

Ихэнх тоглолт 18-аас дээш насны хязгаарлалтай байдаг. Харин Rokit Bay-ыг нас насны хүмүүс сонсдог учир үзэгчдийн хүсэлтийг харгалзан үзэж насны хязгаарыг 16-аас дээш байхаар тогтжээ.

Холбоотой сэдвүүд

тоглолт rokitbay

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.