Р.Мөнхтуяа: Тогтвортой хөгжлийн бодлогыг бодит ажил болгох том хүч банк, санхүүгийн салбарт бий

П.Мөнгөнсор
05 сарын 01, 2024

Peak.mn сайт “SDG-17” булангийн энэ удаагийн зочноор ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг урьж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааных нь талаар ярилцсан юм. 


Хаан Банк тогтвортой хөгжлийн зорилгыг бодлогын түвшиндээ анхааран үзэж, бодлого боловсруулсан анхны банк болсон 


-НҮБ-ын “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг гишүүн улс орон бүр хэрэгжүүлэх үүрэг, амлалт авсан. Тогтвортой хөгжлийн бодлогыг бизнесийн байгууллага хэрхэн хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах нь зүйтэй вэ. Энэ чиглэлээр ХААН Банк хэрхэн ажиллав?


-ХААН Банк 2018 онд НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”-нд нэгдсэн. 2019 оноос эхлэн бид тогтвортой байдлын тайлангаа гаргаж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн бодлого гэж юун тухай ярьж байна вэ гэдгийг ойлгуулах ажлыг бид 2018 оноос эхэлжээ. Банкандаа ажлын хэсэг байгуулж, бид хоёр жилийн хугацаанд энэ талаар судлаад, тогтвортой хөгжлийн 17 зорилт нь юуг илэрхийлдэг, байгууллага өөрийн үйл ажиллагааг зохистой түвшинд нь аваачихын тулд юу хийх хэрэгтэй талаар манай ажлын хэсгийнхэн 18-19 сар ажилласны эцэст 2020 онд анх ХААН Банкныхаа Тогтвортой хөгжлийн бодлогыг баталсан.

Бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд мөн дэд ажлын хэсэг байгууллаа. Бодлого үндсэн дөрвөн тулгууртай. 

Санхүүжүүлэгч байгууллагын хувьд нэгдүгээрт, тогтвортой санхүүжилт, хоёрдугаарт, тогтвортой үйл ажиллагаа, гуравдугаарт, нийгмийн хариуцлага, дөрөвдүгээрт, нийтийн өмнө тайлагнах ил тод байдал, хамтын ажиллагаа гэсэн үндсэн дөрвөн тулгуур зарчим дээр манай бодлого зангидагддаг.

-ХААН Банкны Тогтвортой хөгжлийн бодлогын дөрвөн үндсэн тулгуур зарчмыг эхнээс нь тодруулж тайлбарлавал жишээ нь “тогтвортой санхүүжилт” гэж юуг ойлгох вэ?


-Тогтвортой санхүүжилт гэхээр хүмүүс ногоон санхүүжилт гэж ойлгодог. Байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулахын тулд тогтвортой санхүүжилттэй байх ёстой. 

Зээлдэгч, зээлдүүлэгч хоёр тал бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд гэрээний үүргээ гүйцэтгэх, эргэлтийн хөрөнгө болон үндсэн хөрөнгийн зээл олгож, зээл төлөлт хэвийн явцтай байвал тэр бол тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж буй нэг хэлбэр мөн.

Хоёр дахь тулгуур бодлого болох “тогтвортой үйл ажиллагаа” бол ААН, байгууллага бүхний чухал бодлого юм. Үүнд, тогтвортой хүний нөөцийн бодлого, байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой явах тухай асуудлыг ярьж байгаа юм. 

Зээл олгоно, хөрөнгөө татан төвлөрүүлнэ, төлбөр тооцоогоо хийх зэргээр өөрийн үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой явах тухай ойлголт юм.

Банкны салбар нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнууд үйл ажиллагаа явуулах эрүүл ажлын байрны тухай ойлголт бас бий. Ажилтны хувьд би ажлаа шударгаар хийвэл ажил олгогч ажлын байраар тасралтгүй хангана гэсэн ойлголт юм. Тогтвортой ажлын байрны асуудал дижитал шилжилтийн үед хурцаар тавигддаг. Үйл ажиллагаандаа дижитал шийдлийг нэвтрүүлэхийн хэрээр ажлын байр цөөрдөг.

Бид тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд ажлын байрыг тасралтгүй хангах үүрэг хүлээж буй юм. Тиймээс бид цомхотгол хийхгүй. 

Нийт гүйлгээний 99 хувь нь цахимжсан, хэрэглээний зээлийн 70 хувь нь цахимжсанаар шилжилтийн дараа ажлын байр ийм болох нь гэдгийг ажилтнууддаа танилцуулсан. Шинэ ажлын байранд хөрвүүлэх, гурван жилийн хугацааны хөтөлбөр нэвтрүүлж, ажилтнуудаа “Дижитал банкир, этикал банкир“ сургалтад хамруулснаар манай сумын салбарын зарим ажилтнууд төв оффисын зайнаас хийх боломжтой ажлуудыг хийж байна. Төв ХААН Банк 1700 ажилтантай ч үүний 280-ыг нь сум, аймгаас хийж байна.

Сум, аймгийн салбарын ажилтнууд маань орон нутаг дахь салбараасаа төв ХААН Банкныхаа ажлыг хийх хабрид буюу зайнаас ажиллах зохицуулалтыг бид өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. 

Смарт оффис буюу нэг ажилтны бүтээмжийг хамгийн үр ашигтай байлгах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. 

ААН-үүд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд санхүүгийн болон хүний нөөц, цагийн нөөц байх ёстой. Үргэлж  хязгаарлагдмал байдаг эдгээр нөөцийг хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдэг тухай ярьж буй юм.


Тогтвортой хөгжлийн бодлого бол эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх тухай ойлголт юм


-Тэгвэл иргэд, олон нийт тогтвортой хөгжлийн асуудлыг хэрхэн ойлгож, хүлээн авбал зохилтой вэ?

-Тогтвортой хөгжлийн 17 зорилго бүр хүмүүсийн эрүүл, зөв амьдрах тухай асуудлууд юм. ТХЗ гэж ярихад дэлхийн хэмжээний, эсвэл төрийн бодлогын түвшний том сэдэв гэж харах хандлага байх шиг.  Энэ бол аж ахуйн нэгжүүд, жирийн иргэдэд ч хамаатай асуудал шүү дээ.
Жирийн иргэдийн тухайд Монголын онгон дагшин байгалийг өвөг дээдэс минь бидэнд хүлээлгэн өгчээ. Үр хүүхэд минь ирээдүйд үргэлжлүүлэн амьдрах газар нутгийг чадвал сайжруулаад, чадахгүй бол байгаль орчныхоо унаган төрхийг алдуулахгүй, яаж энэ хэлбэрээр нь өвлүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж байвал тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болох юм. 

Тогтвортой хөгжлийн бодлого гэх хүмүүсийн эрүүл, зөв амьдрах тухай энэ бодлого нь Монголын ахуй соёлд маш ойрхон зүйл. 

Монголчууд эртнээс байгаль орчноо хайрлан  хамгаалж, нүүхдээ бууриа цэвэрлээд, цоолж хатгасан гадас байвал авч, нүхийг нь бөглөөд явдаг ард түмэн шүү дээ. Суурин амьдралд шилжсэнээр бид хүүхэд байхаасаа л ус, цахилгаанаа хэмнэх дадалд суралцсан байдаг.  

ААН-ийн хувьд “Манай байгууллага зуу зуун жил тасралтгүй үйл ажиллагаа явуулна. Үүний тулд тухайн байгууллагын удирдлагууд, ажилтнууд ч байгууллагынхаа алсын хараа, үйл ажиллагааны төлөвлөгөөг тэр бодлого руу чиглүүлэх хэрэгтэй болно.  

-Тэгэхээр тогтвортой хөгжлийн бодлогыг хүн бүхэн, өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой байх нь?


-Тийм шүү. Хүүхэд шүдээ угаахдаа крантны ус гоожуулаад зогсохгүй, крантаа хааж аяганд усаа хийгээд угаавал ус хэмнэнэ. Цахилгаан хэрэгслээ хэрэглэж дуусаад унтраавал цахилгаан хэмнэнэ. Өглөөнөөс орой хүртэл, хүүхэд, хөгшдөөс эхлээд бүх насныхан тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой гэсэн үг.

Ажил, амьдралын тэнцвэрийг хангах талаар сүүлийн үед их ярих болсон. Ажлаа хийхийн зэрэгцээ гэр бүлдээ цаг гаргаж, хүүхдээ сургаж хүмүүжүүлэх нь эцэг, эхчүүдийн үүрэг байдаг. 

Түүн шиг ажлын байран дээр дан ахмад нь сургах биш, шинэ залуу ажилтнуудаасаа суралцаж, хамтдаа хөгжиж, сонирхолтойгоор ажиллаж байна. 


Хаан Банкны төв оффисоо ажилтнуудынхаа эрүүл мэндэд хамгийн ээлтэй байдлаар бодож, барьсан


-ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлогыг дотоод үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа бол?


-ХААН Банкны төв оффисын шилэн барилга бол олон улсын А зэрэглэлийн ногоон барилга юм. 

Олон улсын ногоон барилгын сертификаттай.

ХААН цамхгийг барьж, байгуулах төслийг бид 2014-2017 онд 34 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн. Барилга барих явцдаа ажилтнууд болон харилцагчдын тав тухыг бодож, өдрийн дийлэнх хувийг өнгөрүүлдэг учир хамгийн эрүүл, зөв ажлын байр байгуулахыг эрмэлзсэн. 24 давхар энэ барилгын нэг давхарт нь 100-130 хүн ажилладаг. Тиймээс барилга барихаас эхлээд инженерийн шийдэл, дотоод засал тэр бүхнийг тооцож, хүний эрүүл мэндэд ээлтэй материалуудыг сонгосон гэж ойлгож болно. Мөн агаарын урсгал, дулаан, чимээгүй байх зэргээр ажлын тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд бүх талаас нь судалж дотоод засал, тохижилтыг хийлгэсэн.

Бид ногоон шийдэл бүхий оффисын барилгатай болохоос эхлээд ХААН Банк харилцагчдадаа ногоон зээл олгож байна. Ногоон зээл, тогтвортой хөгжлийн талаар сүүлийн 2-3 жилийн турш сургалт явуулж, онолын үүднээс нь яриа таниулга хийж амьдралд хэрэгжүүлэх, хөрсөн дээр нь буулгахаар ажиллаж байгаа ч хүмүүс хол хөндий асуудал мэт хандах нь бий.

Бид Хүүхдийн зууд байрлах Сөүлийн гудамж дахь ХААН Банкныхаа оффисын хоёр барилгыг ногоон барилга болгохоор шийдсэн. Нэг нь 1980 онд ашиглалтад орсон хуучнаар Хүүхэд залуучуудын театр буюу манай ХААН театр. 

Нөгөө нь 2016 онд баригдсан барилга. Ногоон байхын тулд ус, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх ёстой гэх мэт шаардлагууд тавигдана. Барилгынхаа дээвэр дээр нарны энергийг хүлээн авч, эрчим хүч үүсгэх шийдлийг Монголд анх удаа Сөүлийн гудамж дахь ХААН Банкны салбарынхаа барилгад туршиж үзэж байна. 

Нарны эх үүсвэр нь барилгынхаа эрчим хүчний 20 хувийг хангах хараахан дийлэхгүй тооцоолол гарав. 

Тиймээс судалж байгаад барилгын гаднах шилэн фасадыг нарны цахилгаан хураагуур болгон ашиглах технологи нэвтрүүлсэн. Нарны цахилгааныг хүлээн авч, цахилгаан үүсгэдэг шилэн фасадын технологийг Монголд анх удаа туршиж үзэж байна. 


-Ямар үр дүн гарч байна вэ?


-Өвлийн нарны энерги арай бага, зуны нар илүү энерги ялгаруулна. Ингээд тооцоход эрчим хүчний хэрэглээний 18-25 хувийг нарны энергиэс гарган авах боломжтой юм байна. Мөн цахилгааны хэмнэлттэй мэдрэгчтэй гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжүүдийг тавьсан. Усны менежментийг хэрэгжүүлэхийн тулд ариун цэврийн өрөөнд мэдрэгчтэй крантнуудыг суурилууллаа. Хогоо хуванцар, шил, төмөр, цаас гэх мэтээр ангилан ялгаж байна. 

Гэтэл хогны машин ангилсан хогийг хольж ачаад, явдаг. Тэгэхээр нь бид ангилан ялгасан хог дахин ашигладаг газруудыг хайж олоод, санхүүжилт хийж хамтрах эхлэлийг тавьсан. Гэвч ганцхан байгууллагын хог дахин боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангаж гүйцэхгүй шүү дээ. Тиймээс бусад хамтрагч, зээлдүүлэгч нараа уриалж, санхүүжүүлсэн компаниа түүхий эдээр тасралтгүй хангах чиглэлээр гинжин урвал үүсгэж хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна.


Банк бол тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон хүч гэж хэлж болно. Ялангуяа ХААН Банкны тухайд 30 мянган хувьцаа эзэмшигчтэй, 2.9 сая харилцагч буюу Монголын хүн амын 80 гаруй хувь нь манай харилцагч байна. ААН-үүдийн 90 гаруй хувь нь манай харилцагч. Тэгэхээр бидэнд энэ чиглэлээр харилцагчдадаа нөлөөлөх боломж байна. Тогтвортой хөгжлийн бодлого, үйл ажиллагааг бусдаасаа эрт эхлүүлсэн учир бид багагүй туршлага хуримтлуулжээ. Энэ туршлагаа хуваалцаж ажилладаг. 


Хаан Банкны орон нутагт байрлах тооцооны төвүүд нарны эх үүсвэрээс эрчим хүчээ хангадаг


-Ямар оффисыг ногоон оффис гэж үзэх вэ. Энэ талаар тавигдах тогтсон шалгуур үзүүлэлт байдаг уу?


-Ногоон оффист тавигдах наад захын шаардлагууд бий. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлт нь 20 хувиас дээш, ус, цахилгааны хэмнэлтийн менежментийг хэрэгжүүлэх, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн байх ёстой. Энэ талаар тухайн оффисын ажилтнууд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх ёстой. Хамт олноороо ажлын байрандаа бусдадаа түвэг удахгүй ажиллаж сурах ёстой.

Ногоон оффисууд утсаар ярьдаг өрөөтэй. Ширээнийхээ ард хамаагүй юм идэхгүй, үнэр гаргаж бусдад түвэг удахгүй байх ёстой. Цайны өрөөндөө  хөргөгчид хоолоо хадгалж, тэндээ хооллох ёстой. Энэ бүхэнд ногоон оффист тавигдах наад захын шаардлагууд бөгөөд тэр хэрээр ажлын байрны тав тухыг хангаж буй хэрэг юм.

Бид Сөүлийн гудамжны ХААН Банкны салбараас гадна таван аймгийн таван суманд нарны эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдсэн сумын банкны оффисуудыг тохижуулсан. Сумын тооцооны төв бол 105-200 ам.метр талбайтай. 

Ийм байрны дээвэрт тавьсан нарны эрчим хүчний панелууд тухайн салбарынхаа цахилгааны хэрэглээг 100 хувь хангах боломжтой байна. Өнгөрсөн жил бид өвлийн улиралд яаж ажиллаж байна, дулааныг хангаж дийлэх эсэх туршилт хийсэн. Барилга нь эрчим хүчний алдагдалгүй дулаан бол нарны эрчим хүчээр дулааныг шийдэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.


2024 онд 25 тооцооны төвийн барилгыг 100 хувь нарны эрчим хүчээр дулаан, цахилгааны асуудлаа шийдсэн барилга болгохоор шийдвэрлэсэн. Уг нь бид аймаг бүрийн төвд нэг жишиг оффис байгуулъя гэж төлөвлөсөн ч нарны эрчим хүчний эх үүсвэр говийн бүсдээ хамгийн их байдаг. Тиймээс 2024 онд аль нэг аймгийн сонгож, тухайн аймгийн төв болон бүх сумын тооцооны төвүүдийг нарны эх үүсвэрээр цахилгаан, дулаанаа шийдэх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Дараа жил хүйтэн сэрүүн бүсэд тохирсон сэргээгдэх эрчим хүчний технологийн ямар шийдлүүд байгааг судалж үзнэ. 


Хаан Банк гүйлгээнийхээ 99 хувийг цахимжуулсан нь цаасны хэрэглээг үлэмж бууруулсан


-Банкуудын цахим үйлчилгээний нэр төрөл нэмэгдсээр байна. Банк руу очихгүйгээр санхүүгийн асуудлаа шийдэх боломжууд нээгдсэн. Энэ нь тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж буй нэг хэлбэр мөн үү?

-Тийм ээ. Банкууд хүний оролцоо багатай цахим бүтээгдэхүүн үйлчилгээг эрчимтэй нэвтрүүлж байна. Энэ нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нэг хэлбэр боловч нөгөө талдаа тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цахим бүтээгдэхүүнүүд цаасны хэрэглээг үлэмж хэмжээгээр багасгахын дээр харилцагчдын цагийг хэмнэдэг. Тиймээс бид “impact report” буюу тооцож болох нөлөөллийн тайлан бэлтгэж эхэлсэн. Ногоон зээлийн бүтээгдэхүүнээс тухайн ААН ямар хэмжээний хэмнэлт гаргаж байгааг хэмжиж үзэж байна байна гэсэн үг.  


Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд бид харилцагчидтайгаа хамтдаа тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн бодлого бол холын зүйл биш. Бидний ажил, амьдралд хамгийн ойр байдаг, зөв дадлыг төлөвшүүлж, хамтдаа өсөж хөгжихийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Харилцагч, зээлдүүлэгч, түнш байгууллагуудтайгаа хамтдаа өсөж хөгжинө гэсэн зорилгодоо бид Тогтвортой хөгжлийн үндсэн бүх зорилтыг шингээсэн байдаг.  


-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд улс орнуудаас гадна танай банк, санхүүгийн салбар ямар үүрэг хүлээсэн бэ? 

-2015 оны Парисын гэрээнээс хойш бодлого тодорхой болсон шүү дээ. Хөгжлийн төлөө томоохон санхүүжүүлэгч банкуудаар дамжуулан улс улсын арилжааны банк болон зээл олгож буй банк болон бусад санхүүгийн байгууллагууд хамтдаа энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг юм байна. 

Бид 20 гаруй олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас бараг 1 их наяд төгрөгийн энэ чиглэлийн зээл авсан. Тэр хэмжээгээр тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ямар хувь нэмэр оруулж буйгаа хэмжиж гаргах үүрэг хүлээсэн. Тэгэхээр бид улирал бүр тайлангаа гаргаж байна.

Ингэж хэмжиж болж байгаа юм чинь улсаараа хэмждэг болъё, улсын хэмжээний ногоон датаг бий болгоё. Үүн дээр санхүүжүүлэгч байгууллагууд хамтарч оролцъё. Ялангуяа хүлэмжийн хийг бууруулахтай холбогдуулан санхүүжүүлэгч байгууллагууд үүрэг хүлээсэн. Монголын арилжааны банкууд 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувь нь ногоон зээл байна. 

СЗХ-ноос зөвшөөрөл авсан ББСБ-ууд 2030 он гэхэд нийт зээлийн 5 хувь нь ногоон зээл байна гэж үүрэг амлалт авсан. Манай банкны хувьд арай эрт эхлүүлсэн учир туршлагаа хуваалцаж байна.

Өнгөрсөн жил Тогтвортой хөгжлийн форумын үеэр бид “Ногоон бонд” гэсэн салбар  хэлэлцүүлэг хийж, яаж ногоон хөрөнгө оруулалт татах, авсан эх үүсвэрээ яаж ногоон зээл болгох, энэ нь ямар ач холбогдолтой талаар ярилцсан. Энэ жил ХААН Банк тогтвортой санхүүжилтийн холбооны манлайлагч банк болсон.

Манлайлагч банкныхаа хүрээнд миний бие холбооны Удирдах зөвлөлийн даргаар  сонгогдсон. 

Тиймээс тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улсаараа юу юу хийж болох талаар зорилтууд тавьсан. Үндэснийхээ ногоон дата мэдээллийн санг бүрдүүлэх санаачилга гаргасан. 

Энэ санаачилгыг Монголбанкнаас дэмжиж 2024 оны Төрийн мөнгөний бодлогын 3-ын 2-рт, “Ногоон дата мэдээллийг үндэсний хэмжээнд бий болгоно” гэж тусгасан. Манай банк санаачилга гаргасны хувьд бусад арилжааны банкуудтайгаа хамтарч ногоон датаг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Хоёрдугаарт, Тогтвортой Санхүүжилтийн Холбоог үүсгэн байгуулагч нь арилжааны банкууд, үндсэн гишүүд нь санхүүжүүлэгчид, ББСБ-ууд юм. Тэгвэл бид холбоогоо нээлттэй олон нийтийн байгууллага болгоё, дэмжигч гишүүд нь харилцагчид буюу Монголын нийт ААН-үүдийг тогтвортой санхүүжилтийг дэмжигч, тогтвортой хөгжлийн бодлоготой ААН, байгууллагууд болгоё гэж дэмжигчдээ мянга мянгаар нэмэх гэж байна. Тэгэхээр хүссэн ААН дэмжигч гишүүн байж болно.


-ХААН Банкнаас “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрч байна вэ?


-ХААН банк Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн гурав дахь зорилгыг хэрэгжүүлэх чиглэлд аян, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Топ ААН-ийн хувьд нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бид эрүүл мэндийн чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. Бид 2024 оны гуравдугаар сарын 15-нд эрүүл мэндийн чиглэлийн аяныхаа нээлтийг хийсэн.

Хавдрын эсрэг үндэсний аяныг бид 16 дахь жилдээ, Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд бид Тогтвортой хөгжлийн бодлогын 17 дахь зорилт болох “Хөгжлийн төлөө түншлэлийг бэхжүүлэх” зорилтоо давхар хэрэгжүүлдэг.

Жишээ нь Хавдрын эсрэг үндэсний аянд санхүүжүүлэгчээр ХААН Банк, хэрэгжүүлэгчээр Хавдар судлалын үндэсний төв орж байна. Цусны даралт ихсэлтийн эсрэг аянд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг орж байна. Олон нийтэд мэдээлэл хүргэх чиглэлээр МҮОНТ, НЭМҮТ гэсэн 5-6 байгууллага түншилж, монголчуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Хавдрын эсрэг үндэсний аяныг энэ жил хоёр аймагт хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд ХААН Банкны ажилтнуудаа сургалтад хамруулж, эрүүл мэндийн сайд дурын ажилтнууд болгож байна. Манай ажилтнууд тухайн аймгийнхаа албан газруудад очиж, эрүүл зөв амьдралыг дадлыг хэрэгжүүлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгдөг. 

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд Монгол Улсын бүх аймгийг гурван удаа тойрч, энэ жил дөрөв дэх тойргоо эхэлж байна. Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны хүрээнд нийслэлийн бүх дүүрэг, 17 аймагт ажилласан. Энэ жил үлдсэн дөрвөн аймгаар яваад, Монгол Улсыг нэг бүтэн тойрох юм.


-Яагаад эдгээр аянуудыг өрнүүлэхээр сонгосон бэ?


-Яагаад гэвэл хавдар болон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж  болдог. Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэйг хүмүүс мэддэг, ойлгодог болсон. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян бол монголчуудын дунд тэргүүлдэг зүрх, судасны өвчнөөс сэргийлэх зорилтын хүрээнд зөв, эрүүл амьдралын хэв маяг суралцахад тус болох, мэдлэг олгох зорилготой аян юм.

Цусны даралт ихсэх нь настай хүний өвчин гэдэг байсан бол одоо даралт ихсэх, цус харвах, зүрхний шигдээс залуужиж байна. 

Тиймээс дасгал хөдөлгөөн хийх, алхах, спортоор хичээллэх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг зааж зөвлөдөг. Энэ жилийн аяны нээлтийн үеэр НЭМҮТ-ийн захирал долоон жилийн өмнө зүрх судасны өвчлөл, нас баралт тэргүүлж байсан бол 2023 онд өвчлөл, нас баралтын гуравдугаарт бичигдэх болж, өвчлөл бодитоор буурсныг онцлон дурдсан. Энэ нь хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлж байна. Аянаас гадна цар тахлаас хойш хүмүүс эрүүл, чанартай амьдрах, урт наслах талаар ойлгодог болсон нь харагдаж байна.

-Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд хэчнээн хүнд үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн тусламж үзүүлсэн бол?

-Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд 30 мянга орчим иргэнд үзлэг шинжилгээ хийсэн. Үүнээс 900 гаруй хүнд аймгийн төвд нь ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар мэс засал хийсэн. Хавдрын эхний шатанд нь илрүүлж, хагалгаа хийлгэхгүйгээр эмчлүүлсэн, эрүүл болсон банктай хамтарч ажилладаг хүмүүс олон бий.


Бид эрүүл мэндийн аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулахаар төлөвлөж байна. ХААН Банк 2023 онд НҮБ-ын Хүүхдийн сантай /UNICEF/ хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хүүхдийн сайн сайхны төлөө хүчин чармайлт гаргах боломжтой юм гэж үзэж, энэ хүрээнд манай банканд Эцэг, эхийн зөвлөл байгуулагдсан.

Манай ажилтнууд өөрийнхөө хүүхдүүдийн төлөө ямар арга хэмжээ зохиох боломжтой талаар санаачилга гаргаж байна. 

Энэ хүрээнд албан газраа хүүхдүүддээ танилцуулж байна. Жуков дахь салбартаа Хүүхэд саатуулах өрөөтэй болсон. Үүнийг аймгийн төвүүдийн томоохон оффисууддаа хүүхэд хуурайлах, хүүхэд хөхүүлэх өрөөг энэ жил 10 салбартаа байгуулах гэж байна.

-ХААН банк топ ААН-ийн хувьд алсын хараа, үнэт зүйлээ хэрхэн тодорхойлсон байдаг вэ?


-Манай банк 2020 онд брэндийн шинэчлэл хийсэн. Шинэчлэлийн хүрээнд алсын хараа, эрхэм зорилго, уриа үг, үнэт зүйлээ дахин тодорхойлсон. Алсын хараа, үнэт зүйлдээ харилцагчидтайгаа хамтдаа хөгжинэ гэсэн үндсэн зорилгыг тавьж байна. Үнэт зүйлийн нэг нь тогтвортой хөгжилд манлайлагч байгууллага байна гэж тодорхойлсон. Тэгэхээр нэгтгэн хэлэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг харилцагчидтайгаа хамтдаа хэрэгжүүлнэ гэсэн утгыг агуулж буй юм. 

Тэгэхээр тогтвортой хөгжлийн бодлого гэдэг бол бидний амьдрал, ажилд хамгийн ойрхон, зөв дадалтайгаар хэрхэн өсөж хөгжих вэ гэсэн зорилтуудын хүрээнд манай бодлого зангидагддаг.

ХААН Банк 3-р сард олон улсын зах зээл дээр анх удаа ногоон бонд гаргалаа. 

Гаргахын өмнө 12-р сард үндэсний хөрөнгө оруулагчдыг ороосой гэж хүсэж, танилцуулга хийж уриалсан. Хүмүүс үүнийг илүү сонирхож байна. Хөрөнгийн бирж дээр манай бондын арилжаа маш эрчимтэй явагдаж 6 минут 45 секундэд татах ёстой эх үүсвэрээ 100 хувь бүрдүүлсэн. 

Цаана нь маш их хүсэлт ирсэн, тэгэхээр орон зай байна. Ялангуяа хөрөнгө оруулагч үүнийг сонгосон шалтгаан нь хүүний орлого олохоос гадна би улсынхаа ногоон хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа нь илүү тэдний сонирхлыг татсан гэдгийг хэлмээр байна.

-Тогтвортой хөгжлийн бодлогыг банкныхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн талаар бусад ААН-үүдэд санаа авахуйц ярилцлага өгч, туршлагаа хуваалцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.