Б.Баясгалан
01 сарын 19, 2022
Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын холбооны санхүүжилттэй Зохистой хөдөлмөр ба худалдаа төслийн хүрээнд “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г хийж гүйцэтгэжээ.
Судалгаагаар төрийн алба болон хувийн хэвшилд, нийслэл болон орон нутагт хөдөлмөр эрхэлж буй 3300 хүнийг хамруулан ажлын байрны дарамт/АБД/, хүчирхийллийн тархалт, АБД-ын талаарх мэдлэг ойлголт, хандлага, нөхцөл байдал, болон ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтын илрэх бүх төрлийн хэлбэр, АБД хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлж буй байдалд дүн шинжилгээг хийсэн байна.
ХЭҮК-ын гишүүн, судалгааны багийн ахлагч Д.Сүнжид судалгааны дүнг танилцуулах үеэрээ "Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн орчин дахь дарамт хүчирхийлэл ямар байгаад хэсэгчилсэн судалгааг хийхэд “байгаа” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс үндэсний хэмжээнд ажлын байран дээрх дарамт, хүчирхийллийн дүр зургийг харахаар хийсэн" гэдгийг онцлов.
Төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголт, хандлага өртөж буй байдал (KAP), өөрийн эрхээ хангаж хамгаалуулах мэдлэг, мэдээлэлтэй байдлыг судлахдаа нийгмийн судалгааны тоон судалгааны арга зүйн дагуу явуулжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд,
Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл нь жендэрт суурилсан дарамт хүчирхийллийн нэг хэлбэр.
Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн зөвхөн төрийн захиргааны албан хаагчдын дунд “ажлын байрны бэлгийн дарамт”-ын талаар хийгдсэн судалгаа тул үндэсний хэмжээний ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэлтэй байх, түүний хандлага, тархалтыг тодруулахад учир дутагдалтай юм.
Эдгээр судалгаанаас үзэхэд ажлын байрны бэлгийн дарамт төдийгүй ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, дутмаг байгаа нь ажиглагдсан гэдгийг судлаачид хэлж байлаа.
Манай улсад хөдөлмөрийн харилцааны талаарх судалгааг цөөнгүй зохион байгуулсан ч ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаар тусгайлан хийсэн нь харьцангуй цөөн ихэвчлэн нэг салбар, бүлгийн дунд хийсэн байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.