О.Анужин
09 сарын 21, 2026
Японы Айчи муж, Нагояа хотод төвлөрсөн Азийн зуны спортын ХХ наадам нээлтээ хийснээс хойш тэмцээн уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Нээлтийн маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр тус наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаан болж, медальтнууд тодорлоо. 18 орны 18 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц уралдсан бөгөөд 42 минут 58.06 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр тэрбээр 300 гаруй тамирчнаа илгээсэн Монголын багийн медалийн салхийг хагалж байна. Түүний хувьд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан бөгөөд хоёр наадам дараалан шагналын тавцанд гарлаа. Азийн наадмын хошой медальтан болсон түүний хувьд дугуйн үндэсний шигшээ баг, Испанийн мэргэжлийн “Бургос” клубийн тамирчин юм. Шар тивийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн С.Жамбалжамц дугуйчдаас ганцаарчилсан төрөлд Азийн наадмын дөрөв дэх медалийг авчирлаа. Манай дугуйчин энэ сарын 23-нд бөөн гараатай уралдаанд оролцоно.

Дугуйн спорт 1951 онд Энэтхэгт болсон Азийн наадмын хөтөлбөрт анх багтсан бөгөөд 1982 оны Делигийн наадмаас Ц.Ганболд мөнгө, 1990 онд Бээжингээс Д.Төмөр-Очир, 2023 онд Ханжоугоос С.Жамбалжамц нар хүрэл медаль хүртэж байсан юм. Түүнчлэн багийн төрөлд манай дугуйчид мөнгө, хүрэл медальтай билээ.

Дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдааны алтан медалийг дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга Казахстаны Алексей Луценко хүртсэн бөгөөд тэрбээр 41 минут 24.05 секундээр түрүүлжээ. Түүний хувьд Азийн наадмаас гурав дахь алтаа авч байгаа нь энэ. Харин Ханжоугийн наадмын аварга, эзэн орны дугуйчин Имамүра Шүнсүкэ 42 минут 58.04 секундээр мөнгөн медаль хүртжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.