Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа устгах товыг гаргажээ

Х.Оргил
05 сарын 13, 2018

Умард Солонгос энэ сарын 23-25-нд цөмийн туршилтын талбайгаа устгахаар болсон тухай тус улсын ГХЯ мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг (СЦМТА) уламжлав.

Умард Солонгос нь нутгийн зүүн хойд хэсэгт орших “Пунгери” цөмийн туршилтын талбайдаа зургаан цөмийн туршилтаа бүгдийг нь хийж байсан билээ.
Тус улсын ГХЯ-наас өчигдөр орой гаргасан мэдэгдэлд “Цөмийн туршилт хийхэд ашиглаж байсан цөмийн туршилтын талбайн туннелиудыг устгана. Мөн цөмийн туршилтын ажиглалт, судалгааны төвүүдийг ч устгах болно” гэжээ.
“Цөмийн туршилтын байгууламжуудыг устгах ажиллагааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж болно. Энэ ажиллагааг олон улсын шинжээчид болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ил тодоор харуулна” гэж Умард Солонгосын ГХЯ мөн мэдэгдсэн байна.

Тавдугаар сард багтан цөмийн туршилтын талбайг устгана гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хэлж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ким жөн ун трамп цөмийн зэвсэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.