Б.Баясгалан
09 сарын 25, 2018
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга, хариуцлагыг чангатган ажиллаж байгаа энэ байдлыг орон нутгийн түвшинд хангуулах, аймаг, сум, баг, фермер, малчдын бүлэг, хоршоодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, урамшуулах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар "Хадлан, тэжээл-2018" уралдааныг зарлажээ.
Тус уралдааны зорилго, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлт зэргийг хүргэж байна.
Нэг. Уралдааны зорилго
1. “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээнийн тухай” Монгол улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажилд аймаг, сум, баг, хадлан тэжээл бэлтгэдэг орон нутгийн аж ахуйн нэгж, малчдын бүлэг, малчин өрхийн идэвхи санаачилгыг өрнүүлэхэд энэхүү болзолт уралдааны зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг сайн зохион байгуулсан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ (5-аас дээш өрх айл нэгдсэн 2000-с дээш толгой малтай) хамрагдана.
Гурав: Үндсэн сонгон шалгаруулалт
3.1. Малчдын бүлэг /хоршоо/ нь малчин өрхүүдийнхээ өвөлжиж, хаваржих малыг хонин толгойд шилжүүлснээр 1 толгой малд 10-аас доошгүй тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний бүдүүн тэжээл болох байгалийн хадлан, сүрэл, хүчит тэжээл болох гар, ногоон, үйлдвэрийн тэжээлүүд, шүүст тэжээл болох даршийг бэлтгэн өвөлжөө, хаваржаандаа татаж байршуулсан байна. Малчдын бүлэг /хоршоо/ нь өвөлжилтийн бэлтгэл хангахдаа хамтран ажилласан туршлага, бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ хэмжээг Багийн Засаг даргадаа хүргүүлнэ.
3.2. Багийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдаас хүргүүлсэн 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зөвлөмжийн хавсралтын дагуу нийт малчин өрхийнхөө бэлтгэсэн өвс, тэжээлийг бүртгэж дүнг нэгтгэн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
3.3. Сумын Засаг даргын Тамгын газар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аюулгүй нөөцийн өвс, тэжээлээс гадна багуудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгч хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан багийн тодорхойлолтыг гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
3.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аюулгүй нөөцийн өвс, тэжээлээс гадна сумдаас ирүүлсэн мэдээллээ нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцүүлэн хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн малчдын бүлэг /хоршоо/, баг, сумын тодорхойлолтыг дараах мэдээллийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ. Үүнд:
3.5. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхдээ тухайн орон нутгийн дотоодын нөөц боломжийг бүрэн ашиглаж, шаардлагатай тохиолдолд гадны аймаг, сумтай гэрээ байгуулан бэлтгэх зэргээр төрөл бүрийн тэжээлийг бэлтгэсэн байна. Үүнд:
Дөрөв: Уралдааны шалгаруулалт
4.1. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ тус бүр 1-ийг шалгаруулна.
4.2. Өвөлжилтийн бэлтгэл шалгах, хүлээн авах, дүгнэх ажлын хэсэг аймгаас суманд, сумаас багт, багаас малчдын түвшинд ажиллан тэргүүн байр эзэлсэн сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-ийн тодорхойлолтыг аймгийн нэгдсэн дүнгийн хамт 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ.
4.3. Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүгнэж шалгаруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
4.4. Нийслэл нь хадлан тэжээл хамгийн сайн бэлтгэсэн 1 фермерийг шалгаруулан материалаа дээрх хугацаанд тус яаманд ирүүлнэ.
Тав: Олгох шагнал
5.1. Уралдааны болзол биелүүлсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хамгийн сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:
5.2. Шагналыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан олгоно.
Зургаа: Бусад
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.