Зун ч зудын айдастай

Д.Даваадулам
08 сарын 12, 2024

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд энэ онд хэд хэдэн хэлбэрээр хүмүүнлэгийн тусламж хүргэж байна.

Эдгээр байгууллагууд НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгээр хүргэж буй хүмүүнлэгийн тусламжуудын үр дүнг хянаж үнэлэх ажлаа 07, 08 дугаар сард зайнаас болон биечлэн зохион байгуулж байгаа юм. 

НҮБ-ын Хүн амын сан, Хүхдийн сангийн хяналт үнэлгээний баг 07 сарын 29-нөөс 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл, Их Уул суманд ажиллаж, тусламж хүлээн авсан малчин эмэгтэйчүүдтэй биечлэн уулзаж ярилцан тусламжийн үр дүн, зохистой байдал, сэтгэл ханамжид үнэлгээ хийлээ. Ингэснээр хүмүүнлэгийн тусламж эзэндээ хүрсэн эсэхийг нягтлахын зэрэгцээ цаашдаа тусламжийн чанарыг дээшлүүлэх, түгээлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.  

Аливаа гамшиг, онцгой байдлын үед иргэдийн ахуй амьдрал, орлогын түвшин буурч тэр хэмжээгээр охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн шаардлагатай хэрэгцээ хангагдахгүй байх эрсдэл өндөр болдог. Иймд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан зудын нөхцөл байдал хүндэрсэн есөн аймгийн 72 сумын малчин эмэгтэйчүүд, тэр дундаа хөхүүл жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон дотуур байранд гэр бүлээсээ хол амьдардаг өсвөр насны нийт 4000 охид эмэгтэйчүүдэд эрүүл ахуй, ариун цэврийн багц түгээсэн байна.    

Мөн орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн биеийн болон сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах зорилгоор охид эмэгтэйчүүдийн аюулгүй өрөө/орон зай бий болгох, орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх замаар зудад өртсөн өрхүүдэд сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж буй. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас 6700 хүүхдэд хоол, тэжээлийн нэмэлт дэмжлэг үзүүлж, 2000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжих сургалтын хэрэгслийг алслагдсан сумын хүүхдүүдэд олгоод байна. 

НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм. 

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл суманд ажиллах үеэр хийсэн сурвалжлагаас хүргэе.

Холын гийчинд намрын сар дөхсөн налгар өдрүүдийг ажихад газрын өнгө алгуур шаргалтаад, айраг цагаа элбэгшээд сайхан зун болж буй. Зүлгэн дээр гэрээ барьж, малаа дураар бэлчээсэн малчид ч тааваараа. Томчууд нь холхон бэлчих  адуу малдаа, уул тагын жимс зээргэндээ, харин хүүхэд багачууд нь хонь ямаагаа эргүүлж хөшидтэйгээ гэрээ сахих дүр зураг нь Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэлийн сумын малчдын зуны сүүл сар буюу 7, 8 дугаар сарын зааг үеийнх. Нийслэлээс 800, 900 км-ын зайд, нийслэлээс бүтэн 24 цагийн талд нь давхиж байж хүрэх Завханы Их Уул, Тосонцэнгэлийн зун цагийг товч зураглавал.   

Гэвч нутгийнхны, малчдын хэлж байгаагаар Их Уул, Тосонцэнгэл сумын нутагт бороо ус тааруу, өвс ургамал тачир гандуу намартаа гандуу золгож буй юм байна. Энэ нутаг Хангайн нурууны өндөр бүст орших тул эрт хүйтэрдэг. Өнгөрсөн жилийнх шиг цас их унавал цаг хатуурна гэж малчид хаширлана. 

Биднийг 07 сарын 29-нөөс 31-ний  өдрүүдэд эдгээр суманд ажиллахад нийт нутгийн 50-60  хувь нь гандуу байгааг сумын удирдлагууд танилцуулав.

Намар ирсэн, наадам өрнөсөн энэ цаг үед малчдын зүрхэнд орсон өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдал, сургамжийг дахин нэг сөхөж, ирэх өвлийн бэлтгэлийн талаар зориуд ярилцав. Дээр нь ОУ-ын, НҮБ-ын тусламж дэмжлэг малчдад хэрхэн хүрэв, тэдэнд хэрхэн тус дэм болов гэдгийг тодруулав.

       20 ГАРУЙ ХОНОГ НЬ -40 ГРАДУСТАЙ БАЙВ 

2023-2024 оны  өвөл, хавар Завханы нутгаар бүтэн 30-аад хоног -30 градус давж хүйтэрсэн бол 20 гаруй хоногт нь -40 градус хүрч, заримдаа давжээ. Зарим өдөр хөрсөн дээр -48,9 градус хүрч цочир хүйтэрсэн нь цаг уурын мэдээнд тэмдэглээтэй бий.

Дээр нь их цас, хайлмагтаж мөстсөн давхрага хунгар гээд цагаан, мөсөн зуд Их уул, Тосонцэнгэлийн нутгийн замыг хэдэн сар хааж, малын хөлийг бүтэн таван сар шахуу тушжээ.  

2023 оны 11 дүгээр сараас хойш Монголын нийт нутгаар орсон цасны хэмжээ олон жилийн дунджаас 1,6 дахин их буюу сүүлийн 50 жилд ороогүй их цас байсан гэж мэргэжлийн байгууллага тодорхойлсон. 2009-2010 оны зуднаас ч илүү цастай байсныг УЦУОШГ мэдээлж байв. Товчхондоо 2023-2024 оны өвөл, хаврын цаг агаар, цас байдаг л байгалийн үзэгдэл байсан уу гэдэгт эдгээр тоо хариулж байгаа юм.

Цагаан, мөсөн зудыг Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын малчид отор нүүдлээр давснаа ярьцгааж байна. 

Их-Уул сумын 330 гаруй өрх 100 гаруй мянган толгой малтайгаа, Тосонцэнгэл сумын 40 гаруй өрх 8,2 мянган малтайгаа Хөвсгөл, Булган, Архангай, Төв зэрэг аймгийн нутагт өвөлжин оторлож, хаврын дунд сард нутагтаа ирцгээжээ. Дээр нь тэвдсэн, сандарсан арга барагдсан цагт олны дэм, бусдын дэмжлэг багадаггүй, харин ч сэтгэл санааны том хүч болдог тухай хэлцгээж байв.  


“ГЭРТЭЭ НЭГ УУТ ГУРИЛ, МАЛДАА НЭЛЭЭН ИХ ТЭЖЭЭЛ...”

“Зудтай хүнд цаг үед үлдсэн хэдэн малаа л аваад үлдчих юм сан гэж чармайдаг. Тиймээс НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар голдуу л малдаа өвс тэжээл авлаа. Цагаа олсон бодитой дэмжлэг байлаа” гэж Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын малчид ярьж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Ц.Нармандахынх 400-аад толгой малтай Харганын эхэнд зусч байна.  Эднийх 13 дахь жилдээ мал маллаж буй  залуу малчин гэр бүлийн төлөөлөл. Гэргий  малчин Н.Янжинлхамтай ярилцлаа. 

Тосонцэнгэл сумын малчин Ц.Нармандах

-2023-2024 оны өвөл, хаврыг танай хотныхон, танайх хэрхэн давав. Өвлийн бэлтгэлээ хэр базаасан байв? 

Манайх хадлангийн гурван хашаатай учраас ноднин өөрсдийнхөө хэрэгцээнд хангалттай сайн өвс авсан. Өмнөх жилийн өвснөөс 100-аад боодол үлдсэн байсан. Нэмээд бас 100 –аад боодол өвс бэлтгэсэн. Мөн “Бойнго” машинаар 6 удаа өвс хадаж татсан.  Ер нь манайх намар болгон өвс тэжээлээ ахиухан нөөцөлж, хивгээ бөөндөж авдаг. Малаа тэжээгээд болоод байдаг байсан бол өнгөрсөн өвөл ямар ч боломжгүй байлаа. 

11 дүгээр сар дөнгөж гаргаад цас ихээр орж хайлмагтаж хөлдсөн. Цаг хүндрэхийг мэдээд хонь, ямаанаасаа нядалж, тугал бяруу, эм хонио зарсан. Сүргээ ангилан ялгаж 100 хувь тэжээсэн ч хорогдсон. Намайг 12 сард төвөөс гарч ирэхэд 30-аад хонь ямаа үхсэн байсан. Бүх эм хонио зарсан болохоор энэ жил ямар ч төл аваагүй. Идэшний үеэр үхрүүдээ бас зарсан.


Цас зудтайг далимдуулаад ченжүүд маш хямд авсан. Малаа нядалж борлуулаад мөнгөөр нь үлдсэн малаа алдахгүйн тулд өвс л худалдаж авдаг. Үхрээ хоёрхон хоног л бэлчээхэд хөл нь халцардаг. Тиймээс үхрээ хашиж тэжээхээс өөр арга байгаагүй. Өвс маш их орсон. Хавар хурдан болоосой, ямар урт өвөл вэ гэсэн хүлээлт малчдад их байсан даа. 

Өвөл цас орохоор манайх руу машин явах боломжгүй, “Зил 131” машин хөлслөхөөр 400 000-500 000 төгрөг. Ойролцоох малчидтайгаа хамт өнгөрсөн өвөл хоёр удаа ийм үнээр нь өвс татуулсан. Гэсэн ч гурван сард дахиад өвсгүй болж, худалдаж авсаар л байсан. Энэ зун бас  ногоо ч сайн гарсангүй. Өнгөрсөн хавар манайх солом суулгасан ч бороогүй байснаас ургасангүй. 


-НҮБ зудын гамшигт өртсөн малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн юм байна. Тэр тусламж малчид та бүхэнд ирсэн үү. Авсан бол хэрхэн тус дэм болж чадав?

Улс, аймгийн Онцгой байдал, байгууллага, иргэдээс тусламж ирж  байсан. ОУ-ын байгууллагын бэлэн мөнгөний тусламжаар нэг уут гурил, үлдсэнээр нь малдаа тэжээл авч, өвсний зээлээ төлсөн. Бид яах вэ болно, таван малдаа л тэжээл авъя гэдэг. НҮБ-аа 6 дугаар сард 660 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Хүүхдүүдийнхээ ойр зуурын хэрэглэлийг авлаа. Дэвтэр, цүнх гээд хичээлд нь бэлтгэсэн. Цагаа олсон тусламж байлаа. 

Малчид таван малынхаа төлөө зүтгэсээр таардаг. Хүүхдүүдээ эрдэмтэй болгоно гээд малаа орхиж сум орох уу,  малаа гээд хүүхдүүдээ орхих уу гээд асуудал бий.  


       “МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД ЭЦЭГ ЭХЭЭ Л ИХ ӨРӨВДДӨГ”

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дугаар сургуулийн дотуур байр 100 шахам хүүхэдтэй. Тэдний 70 орчим хувь нь малчдын хүүхдүүд. Тус сургуулийн байранд Их Уул, Идэр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан уул сумаас хүүхдүүд ирж байрлаж суралцдаг. Цас зудтай нөхцөлд малчид хүүхдүүдээ авч чадахгүй байх, хүүхдүүд нь эцэг эхээ өрөвдөж сэтгэлээр унах, хичээл хоцрох үе бий гэж 1 дүгээр сургуулийн дотуур байрны багш Д.Бадамзул ярив. 

-Цас зуд малчдын хүүхдүүдэд, дотуур байрны сурагчдад хэрхэн нөлөөлдөг бол?

-Цас ихтэй өвөл, хаврын хүнд үед зарим эцэг эх хүүхдээ сургуульд нь хүргэж чадахгүй, хичээлийг нь  20 хүртэл хоногоор тасалдуулсан тохиолдол бий. Цас их үед унаа явах боломжгүй болдог. Малчид дотуур байрнаас хүүхдээ авч чадахгүй тохиолдолд бага ангийн хүүхдүүд эцэг эхээ их санана, уйлна, урвайна. Цахимаар, зурагтаар цас зудын тухай хүнд хэцүү мэдээ үзэхээр “одоо аав минь малынхаа баасыг арилгаж байгаа, ганцаараа байгаа даа, ээж минь даарч байгаа болов уу, хамжих юм сан, туслах юм сан” гэж байнга л ярина. Зарим нь санаад уйлцгаана. Гэр орноо үгүйлнэ. 



Манай дотуур байранд өнгөрсөн өвөл сарын чөлөө аваад эцэг эхдээ тусалж яваад ирсэн охин ч бий. Цас зудын үед бид ямар нэгэн аргаар хүүхдүүдийг гараас гарт, эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгдөг.

Шаардлагатай нөхцөлд багийн дарга, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш бид хэд зайлшгүй холбоотой ажилладаг. Сурагчдаа ар гэр, эцэг эхтэй нь утсаар яриулж аль болох тайван байлгахыг хичээдэг. Гол ньхүүхдүүдийн сэтгэл зүй л чухал.

Хүнд цаг үед малчдын хүүхдүүдэд, дотуур байрны сурагчдад сэтгэл зүйн дэмжлэгээс эхлээд бусад тусламж их хэрэгтэй юм байна.  

НҮБ-ын Хүүхдийн сан манай байрны охидод охидын хэрэглэлийн тусламж үзүүлсэн. Охидын 32 багцыг бүгдэд нь биечлэн гардуулж өглөө. Ар гэртэйгээ холбогдож чадахгүй байгаа, дотуур байрны охидод ариун цэврийн хэрэглэл, нойтон, хуурай салфетик гээд хэрэгсэлүүд нь их хэрэгтэй тусламж байлаа. Охид эцэг эхийгээ өгч байгаа юм шиг л баярлаж хүлээн авч хэрэглэсэн. Нийт сурагчдынхаа өмнөөс НҮБ-ын хамт олонд, хандивлагчдадаа талархлаа илэрхийлье. 


“ЗУДЫН ҮЕД МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДЭД НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ, ВИТАМИН ЧУХАЛ”

Завхан аймгийн Их уул сумын 2 дугаар багийн эмч М.Буянжаргал:  

-Манай баг 40 гаруй малчин өрхтэй. Хол нь 50 км-ын цаана Харганын эх гэдэг газарт нутагладаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламжаар ирсэн витамин Д, бичил тэжээлийг малчин айлын хүүхдүүдэд түгээж байна. Цас ихтэй,  цаг уур хүндэрч малын ажил ихэссэн үед малчид хүүхдүүддээ анхаарал халамж бүрэн сайн тавьж чаддаггүй. Тиймээс энэ тусламж малчдад, хүүхдүүдэд их хэрэгтэй. 

Бид витамин, нэмэлт тэжээлээ өгөхдөө эхлээд хүүхдээ үзэж үнэлдэг. Сарын дараагаас үр дүн нь маш сайн илэрдэг. Зудын үеэр НҮБ-аас бас эмийн багц ирсэн. Яарч сандарсан, цасанд нааш цааш явах боломжгүй, мөнгө төгрөг муутай үед малчдад их хэрэгтэй тусламж байлаа. Зуднаар мал нь үхэхээр малчид сэтгэл санаагаар их унадаг.  Энэ үед олны сэтгэлийн дэм, хандив тусламж их хэрэг болдог доо.  


                                 “ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ АРГА ТЕХНОЛОГИО ӨӨРЧИЛЖ БАЙНА” 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч Д.Мөнхцэнгэл:  

Манай сумын малчид бага малаа зах зээлд нийлүүлсэн, эцэг мал тавиагүй, отор нүүдэл хийсэн зэргээр арга хэмжээ авч 2023-2024 ны өвөл хавар малын хорогдлыг зохих хэмжээгээр бууруулсан. Малчид өөрсдөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж зудын эрсдэлийг давлаа. 

Өвөл 11 дүгээр сараас хавар 3 дугаар сар дуустал нийт таван сарын турш, 150 гаруй хоног  малаа тэжээхэд асар их тэжээл орлоо. Тэр болгоныг мөнгөөр худалдаж авдаг.Энэ үед НҮБ, Японы Хүүхдийг ивээх сангаас малчин өрхүүдийг сонгон авч тусаллаа. Хорголжин тэжээл, ариун цэврийн хэрэглэл, мөнгөн тусламж үзүүллээ. Дараа нь дахин холбогдож малчдын хүүхэд нэг бүрт зуны хэрэглээний багцыг өглөө. Үүнийг анги удирдсан багш, нийгмийн ажилтнууд хариуцаж, яг хүрэх ёстой эзэнд нь гараас гарт хүргэсэн. 

Энэ зун гэхэд нийт бэлчээрийн 60 хувь нь гантай байлаа. Зарим малчид мааньтэжээлийн ургамал тарьсан ч бороо хургүйгээс сайн ургасангүй. Байгалийн хадлан авах бололцоо ч тааруу байна. Усалгаатай газар тариалан хөгжүүлэх, малынхаа үр шимийг нэмэгдүүлж, тоо толгойг цөөлөх чиглэл рүү малчид явж байна. Хадлан тэжээл бэлтгэлийн арга технологио өөрчилж байна. 

                   

     МАЛЧДАД ЗУДЫН ҮЕЭР ХЭРЭГТЭЙ ТУСЛАМЖИЙН НЭГ НЬ ЭМ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант баг сумын хамгийн алслагдсан. 1300 гаруй хүн амтай. 480 гаруй өрхтэй. Тэдний 280 гаруй нь малчин. 

17 дахь жилдээ багийн эмчээр ажиллаж буй Рашаант багийн эмч Г.Баасансүрэн


Алсдагдсан айлууд нь хоорондоо хол, 100-150 км-ын зайтай байдаг. 0-5 настай 122 хүүхдийн 80 хувь нь 0-2 настай. Өнгөрсөн өвөл маш их цастай байсан учраас өөрсдөө малчин айлуудад хүрч чадаагүй. Онцгой байдлын албаныхантай зам гаргаж, 5 дугаар сард “Зил 131” машинаар хүрч очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.  

Яг өвлийн тухайд аав ээжүүдэд нь өндөр настан, 0-5 настай хүүхэдтэй айлуудад төв суурин газартаа  байхыг зөвлөдөг. Алслагдмал газар байгаа айлууд бол өөрсдөө эм тариагаа нөөцлөөд эмийн сангаа арвижуулаад утсаар л холбогдож анхан шатны тусламж авдаг.  

НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимог, эмчилгээний бэлэн хоол зэргийг тусламжаар өгсөн. Жин, өндөр багатай хүүхдүүдэд өндөр жингийн харьцаагаар тооцоолж хэрэглүүлдэг. Хүүхдийн жинг 7 хоногоор хэмжих байтал алслагдсан газарт эм бэлдмэлийг нь дөрөв дөрвөн сараар нөөцлүүлж өгч байна. Жин, өндөр нь сайн нэмэгдээд ирдэг. Ханиад томууны үеэр 4/1-ээр хуваагаад бэлтгэчихсэн парацетомол тарааж байна. Ажил ихтэй үед ээжүүдийг ажлыг нь их хөнгөвчилж байна. 

Саяхан мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас витамин D 2000 тунтай ирсэн. Витамин D-ийндутагдалтай, худалдаад авах боломжгүй иргэддээ өгч байна. Гурван сарын дараа үзээд маш сайн нөхөгдсөн байдаг. Хүүхдүүдэд маш сайн үр дүн өгч байна. 

Мөн тусламжаар ирсэн олон найрлагат бичил тэжээлийн холимгийг аль болох хүүхдүүдийг ялгалгүй 6 сартайгаас 2 нас хүртэл  өгч байна. Бичил тэжээлийн холимог 10 амин дэм 6 эрдэс бодистой байсан бол найрууллага нь нэмэгдээд чанаржсан байна. Тогтмол ууж хэрэглэж байгаа хүүхдүүдэд оюун санаа, хөдөлгөөн, бие бялдарт мэдэгдэхүйц өөрчлөлт үр дүн өгч байна. 

Малчид бэлэн мөнгөгүй, нааш цааш явж болохгүй, сүлжээ байхгүй үед энэ тусламж их хэрэг болж байна. Цас зудын хүнд үед эм тариагаар тусалж байгаад маш их баярлаж байна. 

Холбоотой сэдвүүд

зуд малчид нүб

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.